Энэ хичээлийн шинэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлт өнөөдөр /2018.8.13/ боллоо. Сургалтын нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар оролцсон юм.
Сургагч багш бэлтгэх сургалт нь энэ сарын 13-17-нд болох бөгөөд аймаг, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын бага боловсролын болон эрүүл мэндийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн биологийн багш зэрэг 90 хүн хамрагдаж байна. Сургалтын хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр бага ангийн багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжийг 11 мянган ширхэг, бүрэн дунд боловсролын багш нарт сургалтын хөтөлбөр, зөвлөмжийг 7000 ширхэг хэвлэж, ЕБС-иудад тараах юм байна.
Энэ үеэр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эх орныхоо түүх соёлыг судлах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг оруулна” гэж тусгасан. Энэ хүрээнд БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөр боловсруулах, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг энэ оны нэгдүгээр сард томилсон. Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-ийн I-XII ангид тодорхой агуулгын хүрээнд судлах шийдвэрийг БСШУС-ын сайдын тушаалаар баталсан. Энэ хүрээнд ЕБС-д эрүүл мэндийн хичээл заах багш нарыг орон нутагтаа бэлтгэх үндэсний сургагч багш нарыг бэлтгэж байна. Бага боловсролын I-III ангид эрүүл мэндийн хичээлийг тусгайлсан цагаар судлах шаардлагагүй. Хүн ба орчин хичээлээр дамжуулан сургах боломжтой. Тиймээс Хүн ба орчин хичээл заадаг багшид зориулсан суралцахуйн удирдамж боловсруулсан. Харин IV-XII ангид заах эрүүл мэндийн хичээлийг нийгмийн хэрэгцээ, орон нутаг, сургуулийн онцлог, суралцагчдад тулгамдаж буй асуудалд тулгуурлан хувийн ариун цэвэр, хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэсэн зургаан агуулгад тулгуурлан боловсруулсан” гэлээ.
Түүнчлэн сургалтад хамрагдсан дээрх 90 хүн аймаг, дүүрэгтээ сургалт явуулж, хамргадсан хүмүүстээ сертификат олгох юм байна. Ингэснээр сертификат авсан хүн эрүүл мэндийн хичээл заах эрхтэй болох юм байна. Мөн тухайн сургууль нь өөрийн хүсэлтээр сургуулийн эмч, эрүүл мэндийн хичээлтэй ойр хүнийг сургалтад хамруулах боломжтой юм байна.
Р.Ренчиндулам