Арван гурван мянган арлын орон Индонез улсад Азийн спортын хамгийн том үйл явдал болох Азийн XVIII спортын наадам энэ сарын 18-наас 9 сарын 2-ны өдрүүдэд болно. Азийн XVIII наадамд 45 улсын 10000 орчим тамирчид 40 спортын 465 төрөл, зайд өрсөлдөнө. 1951 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотоос гараагаа эхэлсэн Азийн спортын наадмыг Индонез улс 2 дахь удаагаа нутагтаа зохион байгуулах гэж байна. Тэртээ 1962 онд Азийн спортын IV наадмыг зохион байгуулж байсан Индонез улс 44 жилийн дараа дахин Азийн хамгийн том спортын үйл явдлыг хүлээн авч байна.
Азийн наадам Ява арал дээр орших Индонез улсын нийслэл Жакарта хот болон Суматра арал дээр орших Палембанг хотуудад явагдана. Нээлтийн үйл ажиллагаа 1962 оны Азийн наадмын нээлт явагдаж байсан “Gelora Bung Karno” цэнгэлдэх хүрээлэнд 18-ны орой 19 цагаас эхэлнэ.
МАСКОТ
Азийн XVIII наадмын маскотын дизайныг 2016 оны 1 сард гаргасан ч багагүй шүүмжлэлд өртөж байсан. Гэсэн хэдий ч Бин Бин нэртэй шувуу, Кака нэртэй хирс, Бавени нэртэй бугыг Азийн наадмын маскотоор сонгосон. Ерөнхийдөө эдгээр амьтад нь зөвхөн Индонез улсад л амьдардаг амьтад юм.
Бин Бин нэртэй диваажингийн шувуу. Энэ шувуу бол зөвхөн Индонез улсын дорно хэсэгт орших Шинэ Гвиней арал дээр байдаг ховордсон шувуу юм.
Кака нэртэй хирс. Сунда буюу Кака нэртэй хирс нь Зүүн Өмнөд Азийн орнуудаар амьдардаг.
Бавени нэртэй буга. Энэ буга нь Ява арлын төв нутгаар цөөн тоотой амьдардаг.
ЛОГО
“Energy of Asia” нэртэй Азийн XVIII наадмын лого нь 1962 онд Жакарта хотноо зохион байгуулагдсан Азийн наадмын цэнгэлдэх хүрээлэнг дээрээс нь харуулсан дүрслэл илэрхийлсэн.
СПОРТ
Азийн олимпийн зөвлөл Азийн XVIII наадамд 42 спортын 484 төрөл, зайд зохион байгуулна гэж шийдвэрлэсэн. Гэвч зохион байгуулах хорооны хурлаар крикет, самбо болон сёрфингийн спортыг хассан. Харин сагсан бөмбөгийн 3х3, электрон спортын төрлүүд шинээр хөтөлбөрт багтсан.
Б.Бямбабаяр