Д.Сүрэнчимэг: Нэг ч хүнийг ажлаас халаагүй байна

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнчимэг: Нэг ч хүнийг ажлаас халаагүй байна

Д.Сүрэнчимэг: Нэг ч хүнийг ажлаас халаагүй байна

“Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын (БМДИ) захирал  70 ажилтныхаа 68-г ажлаас халжээ” гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэвлэл мэдээллээр тархсан. Энэ талаар тус институтын захирал Д.Сүрэнчимэгээс тодрууллаа.


-Таныг өөрийн тушаалаар ажилчдаа ажлаас халж байна гэх юм. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Одоогоор нэг ч хүнийг ажлаас халаагүй байна. Миний хувьд энэ албан тушаалд тавдугаар сарын 1-нд томилогдсон. БМДИ-ийг удирдаад 15 дахь долоо хоногтоо ажиллаж байна.  Намайг ажиллаж эхэлснээс хойш БМДИ-ийн нэг ч ажилтан ажлын байрнаасаа хөдлөөгүй байгаа. Энэ хугацаанд Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсан. Уг хуулиар БМДИ-ийн үйл ажиллагаа өргөжиж сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хөгжлийн асуудал хариуцахаас гадна их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагууд, насан туршийн боловсролын байгууллага зэрэг боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагын багшийн хөгжлийн асуудлыг хариуцах болсон. Энэ өөрчлөлтийн бэлтгэл ажлын хүрээнд БМДИ-д их, дээд сургууль, боловсролын салбарын бүх багш нарыг хөгжүүлэх үүрэгтэй алба шаардлагатай болсон. Үүнтэй зэрэгцээд, наймдугаар сарын 1-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд манайд бүтцээ өөрчлөх тушаал өгсөн. Тушаалын дагуу байгууллагын зөвлөл хуралдаад шинэ бүтцийн албан тушаалыг гаргасан юм.

Ингээд их, дээд сургууль, МСҮТ-ийн багш нарын хөгжлийг хариуцах болсноор БМДИ-д ажиллаж байгаа хүмүүст чадварын хувьд тодорхой шаардлага тавигдах болсон.  

Тухайлбал, их, дээд сургуульд багшилж байгаа хүнд магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх шаардлага тавьдаг. БМДИ нь боловсролын байгууллагын мэргэжлийн байгууллага. Гэтэл манай төвийн сургалтын үйл ажиллагаа хариуцаж буй арга зүйчид дунд бакалавр зэрэгтэй хүн тодорхой хэмжээнд бий. Дээрх ажилчид ТҮМБ буюу төрийн үйлчилгээний мэргэжлийн байгууллагын системээр цалинждаг. Энэ нь их, дээд сургуультай эн тэнцүү шатлал. Тиймээс БМДИ-ийн ажилчдад магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх шаардлага тавьсан.

Энэ тухай тушаалыг наймдугаар сарын 6-нд баталж, 7-нд ажилчдадаа зарласан юм. Ингэхдээ өөрчлөлттэй холбоотойгоор ажилчдаас аль бүтцэд ажиллаж чадах саналыг есдүгээр сарын 7-ныг хүртэл авахаар болсон юм. Магадгүй магистр биш бол хэзээ магистр болохоо буюу хөгжлийн төлөвлөгөөгөө дээрх саналтайгаа хамт ирүүлэхийг хүссэн. Төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал гэрээ саадгүй үргэлжилнэ.

Багшийг хөгжүүлдэг хүн 5-10 жилийн өмнө байснаараа байж болохгүй

-Танай ажилчдын хэдэн хувь нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй вэ?

-Манай байгууллага 70 хүний орон тоотой. Үүний 20 гаруй нь үйлчилгээ, аж ахуй, санхүүгийн асуудал хариуцдаг. Харин шаардлага тавьж буй хэсэгт 40 гаруй хүн бий. Эдгээр хүмүүст докторант, магистр, магистрант хүмүүс ч бий. Харин бакалаврын зэрэгтэй цөөн хүн бий. Тэдэнд дээрх шаардлагыг тавьж байгаа юм. Багшийг хөгжүүлдэг хүн энд ажилладаг тул тэд 5-10 жилийн өмнө байснаараа байж болохгүй. Тэдний ард сургууль болон цэцэрлэгийн 40-өөд мянган багш, их, дээд сургуулийн 12 мянга гаруй багшийн хөгжлийн асуудал яригддаг. Тиймээс ажилчдаа хувь хүний хөгжлийн төлөвлөгөөтэй байхыг шаардаж байгаа.

Мөн БМДИ-д 40 гаруй арга зүйч ажиллаж байна. Гэтэл БНСУ дунд сургуулийн 648 мянган багштай бол БМДИ-д нь 47 хүн л ажилладаг. Гэтэл манай улс тэднийхээс бараг 600 мянгаар бага багштай 40 хүн ажиллаж байгаа хэрнээ үр дүн “ийм байна” гэж яригдаж байгаагийн цаана менежмент дутагдаж байгаа юм. Бидэнд оновчтой, чадварлаг ажиллагаа дутагдаж байна. Би тийм л зүйл шаардаж байгаа юм.   

Сертификат авсан хүн эрүүл мэндийн хичээл заана

-Эрүүл мэндийн сургагч багш бэлтгэх сургалт өнөөдөр нээлтээ хийлээ. Эрүүл мэндийн хичээлийг ямар хүн заах вэ?

-Эрүүл мэндийн хичээл заах шийдвэр энэ оны эхэнд гарсан. Үүнээс хойш бэлтгэл ажил хийсэн. Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар эрүүл мэндийн хичээлийн агуулга боловсруулах, сурах бичиг гаргах зэрэг бэлтгэл ажлыг хийсэн. Харин өнөөдөр үндэсний хэмжээнд сургагч багш бэлтгэх сургалт эхэлж байна. Сургалтад 21 аймаг есөн дүүргийн боловсролын газрын мэргэжилтнүүд, эрүүл мэндийн хичээл заах боломжтой багш нарын төлөөлөл зэрэг 90 хүн оролцож байна.  Эдгээр хүн нь тав хоногийн сургалтад хамрагдсанаар эрүүл мэндийн хичээл заах багшид сургалт явуулах боломжтой болох юм.

Өөрөөр хэлбэл, сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан хүн нь аймаг, дүүрэгтээ сургалт явуулна. Ингээд төгсөгчдөд сертификат олгох юм. Сертификат авсан хүн эрүүл мэндийн хичээлийг заана. Багш нар руу хандсан сургалт есдүгээр сард болно. Мөн эрүүл мэндийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлэн орохоор төлөвлөсөн. Дэлхийн нийтэд ашиглаж байгаа хөтөлбөрийг орчуулаад, монгол хөрсөнд буулгах ажлыг бид асар богино хугацаанд хийлээ. Бид боломжоороо ажиллаж байна.

Сургуулийн эмч, эрүүл мэндийн хичээлтэй илүү ойр хүнийг сургууль өөрөө сонгоод хичээл заалгах багш болгон бэлтгэх боломжтой. Эрүүл мэндийн хичээл нь хүн бүрийн эрүүл амьдрах арга. Үүнийг зөвхөн хичээл гэж ойлгож болохгүй.

-Эрүүл мэндийн хичээлд цахим орчноос өөрийгөө хамгаалах арга багтаж байгаа юу?

-Эрүүл мэндийн хичээлийн олон улсын агуулгын дагуу гараа зөв угаах, хооллох, хувцаслах, цахим орчин, цацраг идэвхт бодис, хорт зуршлаас өөрийгөө хамгаалах зэрэг хүний амьдралд хэрэгтэй зүйлс багтаж байгаа. Мөн эрүүл мэндийн хичээлийг танхимд заахаас илүү практикаар сургахаар төлөвлөж байна.

Багшлах эрхийн шалгалтын хариу ажлын 10 хоногт гардаг

-Багшлах эрхийн шалгалт өнгөрсөн баасан гаригт болсон. Шалгуулагчдын хэдэн хувь нь эхний шатанд тэнцсэн бэ. Мөн хоёр дахь шалгуурыг хэрхэн явуулах вэ?

-Багшлах эрх олгох шалгалт өгөхөөр 4800 хүн бүртгүүлсний 80.6 хувь нь буюу 3800 нь шалгалт өгсөн. Үүнээс  нэгдүгээр шатанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшлах хүсэлтэй шалгуулагчдын 84 хувь нь, ерөнхий боловсролын сургуульд багшлах хүсэлтэй шалгуулагчдын 74 хувь нь тэнцсэн байна. Багшлах эрхийн шалгалт өгөхөд хэдхэн хормын дараа эхний шатны хариу гардаг. Шалгалтад тэнцсэн багш нараар үргэлжлүүлэн эссэ бичүүлдэг. Одоогоор манайд эссэг унших хөндлөнгийн шинжээчид ажиллаж байна. Хөндлөнгийн шинжээчид нийт 3000 орчим шалгуулагчийн эссэг ажлын тав хоногт уншина. Ингээд дүн нэгтгэгдээд  эцсийн дүн ажлын 10 хоногт гардаг. Тухайн эссэг кодолсон байдаг тул хэний эссэг уншиж байгааг хэн ч мэдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, шалгалтад хөндлөнгийн нөлөө орох ямар ч боломжгүй байхаар зохион байгуулдаг.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж