Ажлын байран дээрээ архидсан ЗТХЯ-ны газрын дарга нар хэн байв

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Ажлын байран дээрээ архидсан ЗТХЯ-ны газрын дарга нар хэн байв

Ажлын байран дээрээ архидсан ЗТХЯ-ны газрын дарга нар хэн байв

Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/ өнгөрсөн хэдэн өдөр барцадтай байлаа гэвэл буруудахгүй биз. Яамны газрын дарга нар нь нэгнийхээ аминд хүрсэн гэх дуулиантай залгаад Улаанбаатар-Сайншандын чиглэлд явсан суудлын 286-р галт тэрэг осолдсон хэрэг гарсан. Зам тээврийн салбарт болсон эдгээр үйл явдлын дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөр болсноо мэдэгдсэн. Үүнээс гадна тус яамны холбогдох албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн.

Одоогоор Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд хүрсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Мөн хүн амины хэрэг гарах үед яаман дээр архидаж байсан гэх хэрэгт холбогдсон Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Төмөр замын бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат нарыг ажлаас нь чөлөөлнө гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Гэхдээ тэд галт тэрэгний осол гарсан хэсгийг сэргээн засах ажилд оролцож буй учраас одоогоор ажлаасаа чөлөөлөгдөөгүй, гарах өргөдлөө ч өгөөгүй байгаа гэнэ. Тиймээс тэднийг ажлаас нь чөлөөнө гэсэн Ерөнхий сайдын мэдэгдэл талаар өнгөрч магадгүй гэх эргэлзээ яамныханд нь байна. Тэд талийгаачийг Б.Махбал гэгч зодож байхад хажууд нь хараад зогсч байжээ. Хэрэвзээ тэдэнд жаахан ч гэсэн ёс зүй, хүнлэг сэтгэл байсан бол, зодооныг болиулсан бол хамт ажиллаж байсан нэг нь  харамсалтайгаар амиа алдаж, нөгөө нь хүн амины хэргийн сэжигтэн болохгүй байлаа.

Үүнээс гадна тус яамны Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа, мэргэжилтэн н.Ганбаяр нар хэрэг гарах үеэр хамт архидсан гэж талийгаачийн найз Т.Сайнжаргал олон нийтэд нүүр номоороо дамжуулан мэдээлсэн. Хэрэв энэ мэдээлэл баттай бол дээрх хоёр мэргэжилтэн ч албан газар дээрээ архидсан, хүний амь хөнөөсөн хэрэгт хариуцлага хүлээх ёстой. 

 Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал гэж хэн бэ?

Хүний амины хэргийн ганц сэжигтэн болсон Б.Махбал нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр уг албан тушаалд томилогдсон байдаг.  Энэ ажилд томилогдохоосоо өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар түүнийг ажлаас нь чөлөөлсний дараа түүнийг Ж.Бат-Эрдэнэ сайд яаман дээрээ авчирч, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилсон байна. Үүний өмнө Х.Баттулга, Ц.Дашдорж нартай хамтарч ажиллаж байсан, МоАХ угшилтай гэх мэдээлэл ч байгаа.

 Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур гэж хэн бэ?

Б.Артур нь УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны гишүүн бөгөөд яамны газрын даргын албыг давхар хашдаг юм байна. УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны гишүүн нь байнгын цалинтай ажил аж. Өөрөөр хэлбэл, Б.Артур нь ‘давхар дээлтэй’ нэгэн байж. Тэрбээр Зам тээврийн сайд А.Гансүхийн үед ч одоогийн албан тушаалаа хашиж байсан юм байна. Зарим хэвлэлд гарсан мэдээллээр бол АТГ-т ХОМ-ээ үнэн зөв мэдүүлээгүй тул сануулах сахилгын шийтгэл авч байсан гэнэ.  

 Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат гэж хэн бэ?

Тэрбээр мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг тус яамны сайдаар ажиллаж байх үеэс газрын даргаар ажиллаж эхэлжээ. Түүний оролцоотойгоор Монголын авто замын бүх  асуудал шийдэгддэг  гэсэн яриа байдаг бөгөөд одоогоор Дарханы замыг 60 сая ам.доллараар барих төслийг хариуцан ажиллаж байгаа аж.

Эндээс харахад, талийгаачаас бусад бүх газрын дарга нар нь өмнө нь хамтран ажиллаж байсан найз нөхдүүд бололтой.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж