"Гольфийг нэг тоглоод сурсан хүн дундаас нь хаяна гэж байдаггүй" | News.MN

"Гольфийг нэг тоглоод сурсан хүн дундаас нь хаяна гэж байдаггүй"

"Гольфийг нэг тоглоод сурсан хүн дундаас нь хаяна гэж байдаггүй"

"Гольфийг нэг тоглоод сурсан хүн дундаас нь хаяна гэж байдаггүй"

Дэлхийн гольфийн түүх 1700-аад оны үеэс эхэлдэг. Шотландчууд анх спортын энэ төрлийг үүсгэж, хөгжүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш гольф олимпийн нэгэн төрөл болтлоо хөгжиж чаджээ. Харин манайд энэ спорт хожуу дэлгэрсэн. Үүний нэг төлөөлөл болох “Turkish airlines world golf cup” гольфийн тэмцээн нь Монгол Улсад анх удаа 2017 оны наймдугаар сарын 19-ны өдөр  “Mount Bogd Golf Club” дээр амжилттай зохион байгуулагдаж байжээ. “Turkish airlines world golf cup”  2013 оноос хойш дэлхий даяар зохион байгуулагдаж буй цуврал гольфийн тэмцээн аж. Одоогоор дэлхийд хамгийн нэр хүндтэй Гольфийн клуб бөгөөд 62 улс оронд 100 гаруй тэмцээнийг амжилттай зохион байгуулаад байна. Өчигдөр /2018.08.12/ тус тэмцээн хоёр дахь удаагаа амжилттай зохиогдож өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд  “Монголын Гольфийн холбоо”- ны 70 гаруй тоглогчид оролцсон юм.

Гольфийн тамирчид тэмцээн эхлэхээс өмнө цаг гаруйн өмнө иржээ. Эрт ирээд хувцсаа сольж өмсөнө, бие халаалтаа хийнэ. Гэхдээ бусад спортынхон шиг гүйж харайгаад хөлсөө урсгаад байхгүй. Ерөнхийдөө гар, хөлийнхөө булчинг суллаад сунгалтын дасгал хийнэ. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод хэд гурван удаа босч суугаад дараа нь сунгалтын дасгал хийдэг ажээ. Хувцасны тухайд гэвэл тодорхой стандарттай. Талбайд гарч буй тоглогч заавал ч үгүй босоо захтай цамц өмсөнө. Мөн жинсэн өмд өмсч болохгүй. Даавуун өмд юм уу шорттой тоглоно. Хэрэв шорт өмсч байгаа бол цагаан оймстой талбайд гарахыг зөвшөөрөхгүй. Харин өмдтэй тохиолдолд оймсны өнгө ямар ч байж болдог гэсэн. Пүүзний тухайд уландаа арзгартайг сонгоно. Өвсийг сэндийчихгүйн тулд маш нарийн арзгар, тэгсэн мөртлөө бөмбөг цохих үед халтирахгүй, газарт бага зэрэг шигддэг гутал өмсдөг байна гээд дүрэмтэй аж.

2017 оны тэмцээний ялагч Н.Цогтоо

Энэ удаа анхны  жилийн тэмцээний ялагч ахмад тамирчин Н.Цогтоо  хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Түүний  хувьд өнгөрсөн жил  Туркийн Анталия хотод арваннэгдүгээр сард болсон “Turkish airlines world golf cup” тэмцээний финалын тоглолтод оролцох эрхээр шагнуулж байсан байна. Уг тэмцээнд нийт 63 орны 102 тамирчин хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд Монгол улсыг төлөөлөн оролцсон тамирчин Н.Цогтоо амжилттай оролцон 32-р байрт шалгарчээ. Тэрбээр “Би монголын анхны гольфчдын нэг. Гольф тоглоод 15 жил болж байна. Энэ жилийн тэмцээний хувьд их өрсөлдөөнтэй болж өнгөрлөө” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний хувьд  тэмцээнд оролцож буй бусад хүмүүст бие халаалтаа сайн хийхийг зөвлөж байсан юм. Учир нь бие халаалт хийхгүй байснаар гарын бугуй, тохой, өвдөг, нуруундаа бэртэл авах магадлалтай гэнэ.

НЭГ УДАА  ГОЛЬФ ТОГЛОХОД ДУНДЖААР 5-7 КМ АЛХАНА

Гольфийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Маргад

Гольфийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Маргад тэмцээний талаар ийн ярилаа. Тэрбээр “Энэ тэмцээн маань бусад тэмцээнүүдээс өөр форматаар зохион байгуулагддаг. Манай бусад тэмцээнүүд хамгийн бага онооны системээр явдаг бол энэ тэмцээний хувьд хамгийн их онооны системээр явагдаж байгаа. Энэ нь бүх тоглогч нар түрүүлэх боломжтой гэсэн үг. Хамгийн сайн тоглодог нь түрүүлнэ гэсэн үг биш. Анхлан суралцаж байгаа хүн ч энэ тэмцээнд оролцоод түрүүлэх боломжтой. Тийм учраас манай холбооны бүх гишүүд оролцохыг хүсдэг тэмцээн. Харамсалтай нь талбайн хүчин чадлаас хамаараад зөвхөн 72 тамирчин оролцдог. Манай холбоо 130 орчим гишүүнтэй. Тэгэхээр  бүх хүмүүс оролцохыг хүсдэг ч 72-оор тасалдаг. Энийг сонгохдоо хамгийн түрүүнд бүртгүүлсэн  хүмүүсийг сонгож байна. Гольфийн спорт давуу тал нь ямар нэгэн  насны хязгаар байхгүй мөн цэвэр агаарт гадаа 4-5 цаг алхдаг. Ер нь нэг удаа  гольф тоглоход дунджаар 5-7 км алхана. Тиймээс хүний эрүүл мэндэд маш чухал. Зөвхөн өөрөө өөртэйгөө өрсөлддөг, сэтгэлзүйгээ ялан дийлдэг учраас сайхан спорт. Гольфийг нэг тоглоод сурсан хүн дундаас нь хаяна гэж байдаггүй. Тэмцээний ялагч маань Туркийн Анталия хотод болох олон улсын тэмцээнд эрхээр шагнуулдаг” гэлээ.

СОНИРХОЖ ТОГЛОЖ ЭХЭЛСЭН ХҮМҮҮС  ТИЙМ АМАРХАН ГАРДАГГҮЙ

Тэмцээний тоглогч, гольфийн холбооны гишүүн хөтлөгч, сэтгүүлч Э.Гантулга

Тус тэмцээнд төрөл бүрийн салбарын хүмүүс оролцсоны нэг төлөөлөл бол хөтлөгч, сэтгүүлч Э.Гантулга байсан юм. Түүний хувьд энэ жил анх удаагаа  оролцож байгаа аж.

-Өнөөдрийн үйл явдлын тухайд товчхон дурдвал ?

-“Turkish airlines world golf cup3 тэмцээнд анх удаагаа оролцож байна. Гольф тоглоод 2-3 жил болж байна. Энэ жил Гольфийн холбоонд албан ёсоор гишүүнээр элсэн орсон.

-Тэмцээний ач холбогдол нь юундаа оршиж байна вэ?

-Аливаа спортын хөгжил гэдэг чухал. Хөгжлийн түүхийг бичнэ гэдэг бас нэгэн томоохон зүйл байдаг болов уу гэж боддог. Тэгэхээр гольфийн холбооны хөгжилд яахын аргагүй “Turkish airlines world golf cup3 тэмцээн том үүрэг гүйцэтгэж байна. Бусад зохион байгуулагддаг тэмцээн уралдаанаас  онооны дүгнэлтийн хувьд онцлог болдог учраас их олон хүмүүс хэн түрүүлэх бол гэсэн хүлээлттэй байлаа.

-Таны хувьд хэзээнээс гольфоор хичээллэж эхлэв?

-Би 2011 онд  гольфийн спортыг сонирхож эхэлсэн боловч дунд нь таван жил гаруй тоглоогүй. Өнгөрсөн жилээс эргэж цохиураа барьж эхэлсэн. Сонирхож тоглож эхэлсэн хүмүүс тийм амархан гардаггүй. Энэ жилийн тэмцээн маш өрсөлдөөнтэй байна. Би өрсөлдөх шатанд өөрийгөө байна гэж огт бодоогүй. Гэхдээ энэ тэмцээнд их бэлдсэн. /инээв/

-Хэр удаан бэлдсэн бэ?

-Тэмцээн болгоны өмнөх өдөр нь бэлтгэл хийгээд байдаггүй хүн өчигдөр бараг арван цаг гаруй цохиур савлаа. Тэрний маань үр дүн өнөөдөр гарб байна.

-Хараад байхад төрөл бүрийн салбарын хүмүүс оролцдогоороо ихээхэн онцлог юм шиг?

-Тийм шүү. Гольфийг олон салбарын хүмүүс тоглодог.

Turkish Airlines-н УБ хот дахь төлөөлөгчийн газрын захирал Али Өздэмир болон 2018 оны тэмцээний ялагч М.Баярбахдал

Ингээд  тамирчдын хүсэн хүлээсэн мөч ирж шагналын эзнээр нийт 44 нийлбэр оноогоор Гольфийн холбооны гишүүн, “Мандал даатгал” компанийн ерөнхийлөгч М.Баярбахдал тэргүүлсэн юм. Turkish airlines Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын захирал Али Өздэмир түүнд арваннэгдүгээр сард Турк улсын Анталия хотод зохион байгуулагдах “Turkish Airlines World Golf Cup” –ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх болон хоёр талдаа зорчих бизнес ангиллын тийз, таван одтой “Титаник” зочид буудалд байрлах эрхийг гардуулан өгсөн юм. Мөн удаах байрууд болон шилдэг тоглогчдод “Turkish Airlines World Golf Cup” –ын хүндэт цом дурсгалын зүйлийг баяр хүргэн гардууллаа.

Сайн бэлдсэн гэхээсээ илүү өнөөдөр миний аз гийсэн өдөр байлаа

Тэмцээний ялагч  Гольфийн холбооны гишүүн, “Мандал даатгал’ компанийн ерөнхийлөгч М.Баярбахдалын сэтгэгдлийг сонслоо.

Тэмцээний ялагч М.Баярбахдал

-Тэмцээний ялагч болсонд тань баяр хүргэе.

-Баярлалаа.

-Энэ жил анх удаагаа оролцож байгаа гэлээ. “Turkish airlines world golf cup” тэмцээний онцлогоос дурдвал?

-Дэлхийн түвшний тэмцээнд Монгол Улсад болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлог.

-Таны хувьд хэзээнээс гольфийн спортыг сонирхож хичээллэж эхэлсэн бэ?

-Би 2009 оноос хойш хичээллэж байна.

-Энэ хугацаанд өөр тэмцээн уралдаанд  оролцож шагналт байр эзэлж байв уу?

-Гурван жилийн өмнө гольфийн холбооны улсын аваргын тэмцээнд оролцож хоёрдугаар байр эзэлж байсан. Энэ удаагийн шагнал миний хувьд хамгийн нэр хүндтэй шагнал. Сэтгэл их өндөр байна.

-Тэмцээндээ хэр бэлдсэн бэ?

-Сайн бэлдсэн гэхээсээ илүү өнөөдөр миний аз гийсэн өдөр байлаа. Нуулгүй хэлэхэд  хожчих юмсан гэсэн нууцхан хүсэл байсан. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дарж тоглох гэж их оролдлоо. Гольфийн спортын онцлог нь  хэрхэн сахилга баттай байх, сэтгэл хөдлөлөө хэрхэн барьж сурахад суралцдаг.  

 

2018 оны тэмцээний ялагчийн цом

 

Э.Бурам

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-13 27.123.212.132

Neg l toglood surchdag davgui togloom gej oilgoloo. Garchignaas ni...\n

Avatar

Зочин 2018-08-13 27.123.214.118

Хар тамхи шиг юм байна

Avatar

Зочин 2018-08-13 66.181.161.85

Ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж