Өнгөрсөн сард төмсний үнэ 2500, байцаа 3800 төгрөг давж, хошигнож хэлбэл иргэд ногооноос гарах шахсан. Тэгвэл ургац хураалтын ажил эхэлж шинэ ногоо худалдаанд гарсан нь дээрх үнийн өсөлтийг бага ч атугай зогсоогоод байгаа билээ. Ингээд “Баянзүрх” худалдааны төвд хүнсний ногооны үнэ ямар байгааг сонирхлоо.
Үндэсний статистикийн газрын мэдээлснээр наймдугаар сарын 8-ний байдлаар дээрх захад монгол төмс килограмм нь 1800 төгрөг,лууван 2000 төгрөг,байцаа 1500 төгрөг,манжин 3500 төгрөг,сонгино 1200 төгрөгийн үнэтэй зарагдаж байжээ.
Тэгвэл өнөөдрийн /2018.08.13/ байдлаар шинэ ургацын монгол төмс килограмм нь 1000 төгрөг, лууван 1500 төгрөг, байцаа 1000 төгрөг, нэг килограмм сонгино 1800 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. “Баянзүрх” худалдааны төвийн ногооны худалдаачин Ч.Наранцацрал хэлэхдээ “Намар ургац хураалтын энэ үед хүнсний ногоо хямдардаг. Тиймээс хятад ногоо бараг зарагддагүй юм.
Өнгөрсөн сард төмс нэг кг нь 2000-2500 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 1000 төгрөгөөр худалдаалж байна. Манжин, лууван энэ долоо хоногт 300 орчим төгрөгөөр хямдарлаа. Шинэ ургац гэдэг утгаараа иргэдийн худалдан авалт ч нэмэгдэж байна” гэсэн юм. Шинэ ургацын ногоонууд ихэвчлэн Баруунхараа, Зүүнхараа, Дархан, Сэлэнгээс оруулж ирдэг байна. Гэвч нийслэлийн хэмжээнд ногооны худалдаа эрхэлдэг иргэд, тариаланчдийн гар дээрээс болон, “Барс” худалдааны төвийн гадна борлуулагдаж буй ногоочдоос ногоогоо авдаг аж. Ингэхдээ 200 төгрөг нэмж зардаг тухайгаа ярьж байлаа. “Баянзүрх” худалдааны төвийн хүнсний ногооны лангуун дээр хятад ногооноос ганцхан сонгино л зарагдаж байсан юм. Ийн Монгол ногоо зах зээлд зарагдаж эхэлснээс хойш хятад ногоо лангуунаас “буужээ”. Ногооны үнэ хямдарсан гэхдээ есдүгээр сарын эхээр улам буурахыг тус төвийн худалдаачид хэлж байлаа.
Э.Бурам