Ж.Батзандан: УИХ, Засгийн газрыг тараана

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: УИХ, Засгийн газрыг тараана

Ж.Батзандан: УИХ, Засгийн газрыг тараана

УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

-УИХ-ын хаврын чуулган завсарласан даруйд ээлжит бус чуулган зарлах тухай яриа гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хуралдааны товыг зарлаагүй, зарлах эсэх нь ч тодорхойгүй байна.  Таны хувьд ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай. Хэлэлцэх олон асуудал бий. Эрдэнэтийн асуудал Монголын талд ашиггүй шийдвэр гарсан. Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлыг Засгийн газар шийдэж чадахгүй байна. УИХ-ын даргатай холбоотой авлига, луйврын хэргүүд яригдаж байна. Намар болон өвлийн бэлтгэл ажлуудын тухай ярих шаардлагатай байна. УИХ унтаад байж болохгүй. УИХ-ын дарга нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг шаардаж 20 гаруй гишүүн гарын үсгээ зурсан. АН-ын бүлэг ч ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардаж байгаа.

-Эрдэнэт  үйлдвэр Арбитрын шүүх дээр  дахин ялагдсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Албан ёсны шийдвэр нь бидний гар дээр хараахан ирээгүй байна. Уг асуудлаар ажлын хэсгийг ахалж байгаа Я.Санжмятав гишүүн энэ талаар мэдээлэл хийхдээ Монголын талд таатай биш шийдвэр гарсан гэж хэлсэн. Үүний шалтгааныг тодруулах ёстой. Цаашид авах арга хэмжээний тухай Засгийн газар болон УИХ яаралтай ярих ёстой.

-Засгийн газар Эрдэнэтийн төлбөрийг төлөх нь хууль зөрчсөн асуудал  гэж зарим өмгөөлөгч хэлж байгаа. Арбитрын шүүх ийм шийдвэр гарсан нь  Засгийн газар буруутай гэдэг  асуудал ч яригдаж байгаа шүү дээ?

-Хэдэн хулгайч, луйварчдаас болж Эрдэнэт үйлдвэр дампуурч байна л даа. 2009-2013 онуудын хооронд Засгийн эрхийг барьж байсан хүмүүс Эрдэнэт үйлдвэрийг нууцаар буюу УИХ-д мэдэгдэлгүйгээр барьцаанд тавьсан байгаа. Их хэмжээний мөнгийг хувийн хэвшилд авч өгсөн. Үүнээс болж өнөөдөр Эрдэнэт өрөнд орчихоод байна. Мөн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүйгээр тухайн үеийн Ерөнхий сайд нь хэсэг бүлэглэлтэй хуйвалдаж хувийн хэвшилд авч өгсөн. Монголын ард түмэнд авч өгөх бүрэн боломжтой байсан 49 хувийг нэг банкинд аваад өгчихсөн.  Ингэхдээ Үндсэн хуулийг зөрчиж хууль бусаар авч өгсөн. Энэ бүхнийг УИХ, Засгийн газар цэгцэлж чадахгүй бол одоо тарах хэрэгтэй. Миний бие нэг л зүйлийг хатуу хэлж байгаа. Бид энэ улсад, ард түмэнд туслах гэж ирсэн болохоос биш цуслах гэж ирээгүй. Ингэж чадахгүй л юм бол УИХ, Засгийн газар ажлаа өгөөд явах хэрэгтэй. Энэ улс төр өөрөө Монголын ард түмний эрх ашгийг хангаж чадахгүй байгаа бол одоо болих хэрэгтэй. Би энэхүү байр суурь дээрээ хатуу зогсоно. Улс эх орныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Тэвчээртэй харж, хүлээж байгаа.  Гэхдээ тэвчээрт хязгаар гэж бий.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж