"МАНАН-г устгах ажлыг доороос нь хийнэ"

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

"МАНАН-г устгах ажлыг доороос нь хийнэ"

"МАНАН-г устгах ажлыг доороос нь  хийнэ"

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор танай нам батламжаа гардан авсан.  Яагаад нөхөн сонгуульд өрсөлдөх болов?

-Манай нам ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуульд олон нийтийн хүсэлтийн дагуу оролцох гэж байна. Би Монголын төрд нэг ч гэсэн авилгач, хулгайч, хууран мэхлэхчдыг оруулахгүйн тулд  үгээрээ биш үйл хөдлөл, оролцоогоороо тэмцэнэ.

Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

-Өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийж байгаа. Бид хэнийг ч хуурахгүй. Зөвийг санал болгож, үнэнийг л хэлнэ.

– Одоогоор хэчнээн гишүүд, дэмжигчидтэй вэ?

-Бид 14 мянган хүнд л намын батлах өгнө. Энэ нь бүх шатны сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоо. Бид МАНАН-г устгах ажлыг дээрээс нь биш доороос нь 2020 онд хийнэ. Манай нам хамгийн түрүүнд 2020 онд МАН, АН-ын жирийн гишүүд, эгэл ардыг нэгтгэж сум, хороодод ялна гэсэн зорилготой байгаа. Энэ МАНАН гэдэг  чинь төр засгийн дээр байгаа энэ хэдэн дарга нар ерөөсөө биш. Сум, баг, хороо болгонд байгаа МАНАН-гийн жирийн гишүүдээс эхэлж байгаа. Манай зарим иргэн өнөөдөр УИХ-ыг тараая гэж ярьдаг. УИХ-ыг тараачихвал  асуудал шийдэгдэх ч юм шиг ярьдаг. УИХ тараад ээлжит бус сонгууль болбол сум, хороонд байгаа МАНАН-гийн жирийн гишүүд манай намыг сонгоорой гэж явсаар байгаад л дахиад л  МАНАН-гаа гаргаад ирнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хэдэн ч удаа сонгууль болсон МАН, АН, МАХН-ын намуудын жирийн гишүүдийн үзэл санааг өөрчлөөгүй цагт төр цэвэршихгүй болчихсон. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхийн  тулд бид яах ёстой гэхээр улс төрийн нам болоод үнэн зөв улсууд нь нэг дороос нэр дэвших үйл явцыг зайлшгүй бий болгох ёстой. Нэг ёсондоо үнэн, зөв нь нэг талдаа гарсан жинхэнэ нам улс орны өөрчилнө.

-Танай нам тэгээд үнэн зөв нь нэг талдаа ялгарчихсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Жишээ нь сум орон нутгаа хөгжүүлье гэж байгаа бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуус орон нутгийн сонгуульд орж өрсөлдөх ёстой. Мандал сумын ИТХ-д хэдэн хүн байна тэр хүнийх нь тоогоор “Үнэн ба Зөв” нам төлөөлөгчөө өрсөлдүүлнэ . Сумаа хөгжүүлье гэсэн залуус сумандаа эрх мэдлээ олж авах шаардлагатай юм. Ингэж бид өөрчилнө. Ард түмэн С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан нарыг  гишүүн болгочихвол бүх зүйл сайхан болох юм шиг яриад сууж байсан. Тэд бүгд гишүүн болсон ч улс орон яагаад сайхан болохгүй байна вэ. Хүн гаргаад сайхан болдоггүйн тод жишээ энэ. Төгс хүн гэж байдаггүй. Харин төгс бодлого гэж бий. Үүнийг улс төрийн нам хийдэг. Тиймээс бид суманд төлөөлөгчтэй болох ёстой. Манайд төрийн тогтолцоо болохгүй байгаа юм биш. Харин нам нь мафи болсон учраас мафийн нам төр барьж байна. Бид жинхэнэ намыг улс төрд оруулж ирээгүй байж төр болохгүй байна гэдэг. Бид  жинхэнэ бодлогын намыг гаргаж ирж байгаа. Бид улсаа өөрчилье гэвэл улс төрийн зөв оролцоо, иргэдийн хандлага чухал.

-Ер нь  яагаад Үнэн ба Зөв нам гэж  нэр өгсөн юм бэ. Танай намын нэрийг сошил орчинд ихэд шүүмжилдэг?

-Хүн үнэнийг  хүсэж зөвийг л дэмждэг шүү дээ. Сайхан нэрнээс сайн үйл нь хамгийн чухал. Тиймээс бид үнэн, зөв байх зарчмаа л нэр болгосон.

-Тэгээд нөхөн сонгууль өрсөлдөх мөрийн хөтөлбөрийг чинь сонирхож болох уу. Ер нь ялж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байгаа вэ. Нөхөн сонгуульд олон нам өрсөлдөхөөр болсон. Танай намыг хөдөөнийхөн тэр бүр мэдэхгүй шүү дээ?

-Бид эх орныхоо өнөөгийн байдлыг шинжлэн судалсны үндсэн дээр улс орноо хөгжүүлэх, үндэснийхээ аюулгүй байдлыг ханган бэхжүүлэхэд чиглэсэн алсын хараатай, амьдралд нийцтэй, түмнээ дэмжсэн, төгөлдөржилтийг эрхэмлэсэн төрийн бодлого хэрэгтэй хэмээн үзэж, Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлоготой нягт уялдан хэрэгжих мөрийн хөтөлбөрөө арван хоёр багц зорилтоор нэгтгэн боловсруулсан. Тэр дундаа хариуцлага, сахилга баттай холбоотой  МАН, АН, МАХН-ы хэрэгжүүлж чадахгүй мөрийн хөтөлбөр их бий.  Жишээ нь төрийн өндөр албан тушаалтан авилга хээл хахуулийн хэрэгт холбогдож, тогтоогдох юм бол тухайн хүнийг гурван үеэр нь төрд ажиллуулахгүй байх. Ингэснээр идэж уух шуналтай хүмүүс ядаж өөрийгөө биш юм гэхэд үр хүүхдээ бодох байх. УИХ-ын тогтоол, хууль гаргаж байгаад 1990 оноос хойш төрийн албанд  ажиллахдаа 500 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй болсон хүмүүсийг шалгана гэх зэрэг шударга ёсыг тогтоож, улс орны эд баялгийг нийт ард түмэн тэгш хүртээх олон заалт бий. Улс орноо өрөнд оруулсан, 30 жил хуурсан, төрөөс хулгай хийсэн гэмт хэрэгтэй хүмүүс сонгуульд нэр дэвшээд байхад шударга ёсны төлөө тэмцэж яваа ардын хүүхэд яагаад нэр дэвшиж болохгүй гэж. Ер нь 30 жил энэ дарга нар биднийг хоосон үгээр хууралгүй, улс орноо хөгжүүлсэн бол хэн ч ингээд явахгүй байх байсан. Хүн бүр л өмнөх ажлаа хийж амжилт, аз жаргал өөд тэмүүлэх байсан. Мууг муугаар хэлээд, шүүмжлээд улс орон хөгжихгүй гэдгийг цаг хугацаа бидэнд харууллаа. Одоо яах уу гэхээр үнэн сэтгэлээсээ эх орноо гэж байгаа хүмүүс нэгдээд хамтдаа оролцох хэрэгтэй.

-Таван ханатай гэрт амьдардаг тухай зурагтаар гарсан. Гэтэл сүүлд нь орон сууцанд амьдардаг гэсэн яриа сонссон юм байна. Улс төр орохын тулд пи-ар хийсэн хэрэг үү?

-ТВ-10 телевизийн хамт олон намайг  их том мөрөөдөлтэй зөв залуу байна. Өөрийн хүчээрээ хөдөлмөрлөж тэмцэж яваа болохоор танайд хүн хонуулдаг нэвтрүүлэг хийе гэсэн. Тэгээд би нэг ч гэсэн хүнд бодит байдал, зөв хандлага,  өөрчлөлт харуулъя гэж бодоод зөвшөөрсөн. Тухайн нэвтрүүлэг 2013 онд гарч байсан. Одоо хийгдээгүй 4, 5 жил болж байна шүү дээ. Зүгээр л миний бодит амьдрал. Одоо ч тэндээ л амьдарч байна. Бид байгаа зүйл, байгаа амьдралаасаа ичнэ гэдэг бол тэнэг хэрэг. Харин хөдөлмөрлөж, ажиллахгүй атлаа бусдад атаархаад сууна гэдэг  жинхэнэ тэнэг хүний хийдэг ажил байх.  Миний гэр гэр хороололдоо л байгаа. Монголд хулгай луйвар хийгээгүй бол тийм хурдан өр ширгүйгээр орон сууцанд орох боломж байхгүй байна шүү дээ (Инээв).

-Үнэн ба зөв намын дарга хаана ямар боловсрол эзэмшсэн бэ?

-Боловсрол мэдлэг гэдэг өргөн утгатай. Гадны сургууль төгссөн залуу шууд л боловсролтой болж байгаа юм биш. Олон хэлтэй хүн  боловсролтой гэсэн үг  ч биш. Ингэснээр  өөртөө боломж нээж байна л гэсэн үг. Сайн сургууль төгсөж ирээд өөрийн төрсөн нутгаа ухаж, төрөл садандаа ачлалгүй бол бид түүнийг боловсролтой залуу юм  уул усаа ухаг гэх үү. Урвагч, хүн чанаргүй хогийн амьтан гэх болов уу. Боловсрол гэдэг бол мэдлэг, чадвар, хүмүүжил, ёс зүй, өв соёл, эх оронч, ажилч хөдөлмөрч байх гэсэн олон шалгуураас бүрдэнэ. Би ХААИС-ыг төгссөн. Намайг ямар сурч хөдөлмөрлөж явсныг  тухайн үеийн залуус сайн мэднэ. Ер нь Сүхбаатарыг Ардын хувьсгалыг хийж байхад Сүхбаатараа чи ямар боловсролтой юм гээд мориноос  нь татаж унагааж явсан тэнэг хүн байхгүй. Харин ямар ч  эрдэмтэн, баян хүнд байгаагүй эр зоригийг хүмүүс дагаж нэгдээд эх орноо чөлөөлсөн гэж боддог.

-Танай  намыг Ш.Сайхансамбуу санхүүжүүлдэг гэсэн яриа байдаг?

-Тэгж л зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд, гүтгээд байгаа болохоос тийм зүйл байхгүй. Ш.Сайхансамбуу бол манай намыг үүсгэн байгуулсан олон хүмүүсийн нэг. Тэр хүн яг л бидэн шиг эх орон хойч үедээ санаа зовж энэ МАНАН-тай тэмцэж яваа эгэл хүн. Харин МАН, АН, МАХН төрийн мөнгө, авилгаар санхүүжиж байна. Бид үүний тухай ярих хэрэгтэй.

-МАНАН гэж амтай болгон л ярьдаг ш тээ?

-МАНАН-гийнхан хэлж амласан бүхнийхээ эсрэг явж байна. Үүнийг түмэн олон харж байгаа. Намынхаа дотоод хэрүүлийг Монгол төрийн дампуурал, ард түмний зовлонгоор сольж байна. Энэ дарга нарын шунал  ард түмний маань зовлонтой тэнцэх гэж дээ.  Бид гурван сая хүрлээ гээд л байна. Гэтэл бид одоогийнх шигээ хүний үнэнг биш зүгээр л нэгнээ гутааж, харлуулж хэлдэг хэвээрээ явах юм бол  гурван сая болоод яах ч билээ. Харин бид 2 саяуулаа ч  гэсэн өөр хоорондоо эвтэй найртай байж, нэг нэгнээ дэмжээд явах юм бол 20 сая 2 тэрбум хүнээс хүчтэй байна. Яагаад биднийг өөр хооронд нь хэрэлдүүлээд байна  вэ гэдгийг бид бодох цаг нь болсон. Үүнийг нь яагаад улс төр гэж нэрлээд байна гэдгийг. Хамгийн сайн ажил хийж чаддаг хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн чинь бусдын ажлын алдааг нь засаад хамтран хийдэг хүнийг хэлнэ гэсэн байдаг. Манай нам Монгол хүндээ боломж олгосон төрийг бий болгохын төлөө зүтгэнэ.

-Нам болгон л ингэж амалдаг. Гээд ихэнх нам байгуулагчид өөрсдийнхөө төлөө л явдаг шүү дээ?

-БМонгол хүн гудамжинд, Монгол хүний нэрийг барьсан харь сэтгэлтэнгүүд нь  ордонд байхад бид бууж өгөхгүй бас шантарч болохгүй. Бидний ард мөнгөөр баян хүн биш Монголоо хөгжүүлэх юмсан гэсэн сэтгэлээрээ баян хүмүүс байгаа.  Залуус биднийг дуугар, зоригтой бай гэж хэлдэгт нь бид урам авдаг. Өнөө цагт эх орончид шоронд орж эрдэмтэн мэргэд  нь  Эрээний хувцаснаас хямдхан болж байна. Үүнийг өөрчлөх юмсан гэж хэлдэг. Өөрчлөхийг хүсэж байгаа хүн та өөрөө өөрчлөгдөөд өгөөч гэж хэлмээр байна. АН, МАН хоёр хэрэггүй,  Монголыг минь хөгжүүлэхгүй гэдэг атлаа сонгууль болохоор л очоод энэ хоёрыг сонгож саналаа өгдөг  иргэд маань өөрчлөгдөөсэй. Амаараа л ард түмэн гэж дуугарч ачир дээрээ авилга авч баяждаг төрийн түшээд минь одоо боль. Улс төр хийнэ гэдэг чинь яг үнэндээ өөрийн хүүхдийн жаргалтай амьдрах нийгмийн төлөө хийх тэмцэл шүү дээ. Урин дулаан ирэхийн цагт уулийн бэл нь түрүүлж ногоорох нь уу орой нь түрүүлж ногоорох нь уу гэсэн сайхан үг бий.  Монголын заяа буян их. Бидэнд гундах нэг өдөр байхад мандах мянган өдөр бий.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж