Хүн төрөлхтний зохисгүй хэрэглээ, аж үйлдвэрлэл, хог хаягдлаас болж дэлхийн дулаарал өдрөөс өдөрт нэмэгдэж, үүний улмаас байгалийн гамшигт үзэгдэл дэлхийн олон орныг хямрааж байна. Энэ зун дэлхий дахинд хур бороо ихтэй байснаас үер бууж гамшгийн хэмжээнд хүрч олон улс орон нөхөж баршгүй хохирол учруулаад байгаа.
2018 оны тавдугаар сард зүүн Африкийн үерт 500 гаруй хүн үерийн улмаас амь үрэгдэж сая гаруй хүн орон гэргүй болсон. Кени, Этиоп, Уганда, Руанда, Сомали, Джибути болон Бурунди зэрэг Африк тивийн зүүн хэсэгт орших улс оронд хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж байшин барилга, усны далан зэрэг байгууламжууд эвдэрч сүйджээ. Гамшгаас болж хамгийн их хохирол амссан нь Кени, Руанда юм. Үерийн улмаас Руанда улсад хөрсний том нуралт болж, хоёр зуун гаруй хүн амь үрэгдэн, арван мянган байшин барилга эвдэрч сүйдсэн. Харин Кени улсад үерийн улмаас 186 хүн эндэж, 283290 гаруй хүн орон гэргүй болж хоцорчээ.
Түүнчлэн Шри-Ланк улсад 2018 оны тавдугаар сарын 19-нд борооны улирал эхэлсэн бөгөөд хэд хоногийн турш үргэлжлэн орсон бороо үерийн аюул дагуулсан юм. Гамшигт нийт 22 хүн амь үрэгдсэнээс аянгад цохиулж есөн хүн нас барж, найман хүн үерийн усанд живсэн бол дөрвөн хүн модонд даруулж амь үрэгдсэн байна. Мөн дөрвөн зуун мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн аж.
2018 оны тавдугаар сарын 27-ны өдөр АНУ-ын Мариланд мужийн Элликотт хот болон ойр орчмын бүсүүдэд орсон түр зуурын бороо хоёр сарын хур тунадастай тэнцэхүйц байсан нь үер буухад хүргэсэн. Үерт нэг хүн амь үрэгдсэн бөгөөд байшин барилгууд гэмтсэн байна. Хотын Амбан захирагч Ларри Хоган тавдугаар сарын 28-ны өдөр онц байдал зарлаж байсан ба сэргээн засварлах ажил өдгөө хүртэл үргэлжилж байгаа аж.
Мөн Вьетнамд зургаа болон долдугаар саруудад орсон борооны улмаас үерлэж 58 хүн амь үрэгджээ.
Япон улсад зургаадугаар сарын 28-наас долдугаар сарын 9 хугацаанд орсон аадар борооны улмаас үер буусан нь тус улсын түүхэнд бичигдээгүй гарз хохирол учруулсан. Сага, Фүкүока, Яамагүчи, Эхиме, Кочи, Хирошима, Окаяама, Хёого, Кёото, Шига болон Гифү зэрэг Японы баруун зүгийн мужууд үерт нэрвэгдсэн. Үерийн улмаас 225 хүн амь үрэгдсэн бөгөөд 13 иргэн одоо болтол ор сураггүй байгаа аж. Япон улс 745.16 тэрбум иен буюу 17 их наяд төгрөгтэй тэнцэх хохирлыг уг үерийн гамшгаас амссан бөгөөд одоо болтол сэргээн засварлах ажил явагдаж байгаа юм. Гэвч өнгөрсөн долдугаар сарын 9-өөс наймдугаар сарын эхэн хүртэл хэт халсан нь сэргээн засварлах ажилд хүндрэл учруулжээ. Хэт халалтаас болж Япон улсад 41.1 градус хүрч олон хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдсэн бол 119 хүн нас барсан.
Хур борооноос болоогүй боловч долдугаар сарын 23-нд Лаос улсын Чампасак мужид баригдаж байсан усны цахилгаан станцад осол гарсны улмаас далан нурж үер буужээ. Наймдугаар сарын 7-ны өдрийн байдлаар аврах ажилтнууд 34 хүн амь үрэгдсэн болохыг тогтоож, 1100 хүн ор сураггүй алга болсон хэмээн мэдэгдээд байна. Мөн зургаан мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Франц улсын Рхоне хөндийд наймдугаар сарын 9-ний өдөр хүчтэй бороо орсны улмаас үер бууж нэг хүн ор сураггүй алга болсон гэсэн мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд 1600 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн энэ сарын 12нд Энэтхэг улсын Керала мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үер буусан байна. Одоогийн байдлаар 37 амь үрэгдсэн болохыг тогтоожээ. 36 мянган хүнийг түр хорогдох байранд нүүлгэн шилжүүлжээ. Энэтхэгийн Керала мужийн эрх баригчид онцгой байдал зарласан бөгөөд аврах ажиллагаанд цэргүүдийг дайчилж байгаа талаар мэдэгджээ. Цаг уурын шинжээчид хүчтэй бороо Энэтхэг улсын тусгаар тогтнолын өдөр /2018.08.15/ хүртэл орох болохыг анхааруулаад байна.
Г. Батмандах