Баячууд зодолдоход барлагуудын дээлэнд цус үсэрдэг

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Баячууд зодолдоход барлагуудын дээлэнд цус үсэрдэг

Баячууд зодолдоход барлагуудын дээлэнд цус үсэрдэг

Төрийн яамны газрын дарга нар архидан согтуурсны улмаас нэгийгээ хөнөөсөн онц ноцтой хэрэг үйлдэгдсэн, төмөр замын осол гарсан гэх шалтгаанаар Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг хуугаар нь чөлөөлөх шийдвэрийг Ням гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэжээ. Хуулийн дагуу бол Зам тээврийн хөгжлийн сайдыг УИХ-аас томилж, чөлөөлдөг. Харин дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарыг Засгийн газрын хуралдаанаар, газрын дарга нарыг Төрийн нарийн бичгийн дарга ажлаас нь халах, чөлөөлөхийг шийднэ. Ямартай ч хариуцсан яамны газрын дарга нар нь хүн амины хэрэгт холбогдсон, сүүлийн 80 жил болоогүй осол төмөр замын салбарт гарсан шалтгаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл хоёр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Болсон хэрэг явдалд Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлэнгээ авсан  арга хэмжээгээ танилцуулж, араас нь залгуулаад эдийн засгийн өсөлтийн тухай дуулгасан нь ‘үхэхээс айгаагүй’ тэрбээр огцрохоос айв уу гэсэн ойлголт, эргэлзээ  төрүүлж орхив. Үнэндээ Ж.Бат-Эрдэнэ, Б.Цогтгэрэл хоёрыг явуулснаар У.Хүрэлсүх хариуцлагаас мултарна гэсэн үг бас биш ээ. Асуудал нь дээрээ суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүйд бий. Хамгийн их хариуцлага сахилга бат ярьсан түүний засаглалын үед төрийн яаманд хүн амины хэрэг гарсан. Энэ бол ирэх 2020 онд түүнд  хасах оноо авчрах нь дамжиггүй юм.

Хуучин сайдыг дагаад төрийн алба тэр чигээрээ хөдөлдөг муу үзэгдлийн золиос нь жирийн нэг төрийн албан хаагчид болдог, тэр нь эцэстээ хүн амины гэмт хэрэг гарах нөхцөл болсныг, тэд чухам намын фракц, бүлэглэлээсээ болж нэгийгээ хөнөөхөд хүрснийг хэн үгүй гэх билээ.

УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш намын харъяаллаар 30 шахам мянган төрийн албан хаагч солигдсон, 2017 онд Мэргэжлийн засаг огцорсноос хойш бүлэглэлийн зодоонд найман мянган хүн ажилгүй болсон гээд албан бус судалгаанаас харвал өнөөдрийн ЗТХЯ-нд гарсан хэрэг өнгөрсөн 27 жил Монголд төрийн алба төрийн алба шиг төлөвшөөгүйн үр дагавар.

Зам тээврийн хөгжлийн яам 2008 оноос хойш нэг хүний халаасны яам болж ирсэн, төрийн байгууллагыг хувийн компани шигээ болгож хувиргасны гор эцэстээ ийм аймшигтай хэрэг гарах үндэслэл, нөхцөлийг бүрдүүлээгүй гэдгийг бас хэн нотлох юм бэ.

Нөгөө талаар бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацааны бүтэн хоёр жилийг зөвхөн сандал суудал эрх мэдлийн төлөөх хэрүүлд зарцуулсан МАН-ын томчуудын зодоон эцэстээ жирийн төрийн албан хаагчдын дээлэнд цус болж үсэрч буй нь зөвхөн дохио гэж хэлж болно. Угаасаа ч “Баячууд зодолдоход барлагуудын дээлэнд цус үсэрдэг” гэх үгтэй.

Мэдээж, ганцхан Зам тээврийн хөгжлийн яам л намын, улстөрчдийн гар хөл бологсод, цүнх барьж намирагсдаар дүүрчихсэн юм биш. Монголын төрийн бүхий л байгууллага төрлийн, намын, фракцийн, бүлэглэлийн гар хөлүүдээр дүүрсэн. Бүхэл бүтэн дүүрэг, аймаг сумдыг улстөрчид, намууд, бүлэглэлүүд өмчилж авдаг, ван ноёд нь болцгоочихдог үзэгдлээ болихгүй аваас энэ мэт аймшигтай хэрэг, ноцтой осол гарсаар л байна. Яагаад гэвэл үндсээр нь суга татахгүйгээр зөвхөн ил гарсан хогийн ургамлыг түүгээд түүгээд барахгүй, ахиад л ургах нь тодорхой.

Товчхондоо, Монголын төрийн албыг төрийнхнөөс бүхэлд нь цэвэрлээгүй цагт гэмт хэрэг, муу муухайгийн үүр овоохой болсоор л байна гэсэн үг. Асуудал сайд, дэд сайдыг чөлөөлснөөр шийдэгдэхгүй. Учир нь У.Хүрэлсүх хийгээд М.Энхболдын, МАН-ын 32-ын бүлгүүдийн  хоорондын хагарал тэмцэл дуусаагүй цагт шүү.

Чухамдаа хэрэг яагаад гарав гэдгээс илүү хэрэг гарах шалтгааныг нь эмчлэхгүйгээр Монголын төрд бугшсан энэ мэт идээ бээрийг эмчилж чадна гэж үү! МАН-ынхан наанаа эв нэгдэл ярьж, инээмсэглэсэн зургаа сошиалаар цацаад ч цаанаа бол ханцуй дотроо хутга шөвөг, хорсол заналаа нуугаад явж байгааг ЗТХЯ-нд гарсан гэмт хэрэг илчлээд өглөө.

Хүчирхийллийг хамгаас үзэн яддаг эв нэгдлийн тэргүүн энэ удаад таг чиг. Төрийн яаманд хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчихаад байхад шүү дээ. Энэ мэтээр эрх мэдлээ булаацалдсан төрийн институци хоорондын зөрчил, намын хагарал хэрүүл, төрийн албаныхны үл ойлголцлыг халахын тулд Үндсэн хуулиа яаралтай өөрчлөхгүй бол төрийн яаманд ч, төрийн ордонд ч ханцуй дотроо хутгаа нуугаад наанаа инээж яваа намчид олон бий. Эцэст нь дахин сануулахад эрх мэдлийн төлөөх томчуудын хэрүүлд энгийн иргэд өртдөг гэмтэй. Иймээс эцэг хуулиндаа өөрчлөлт оруулж, төрийн албыг төрийн албаныхнаас цэвэрлэхээс өөр гарц байна гэж үү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж