Засгийн газраас хариуцлага шаардаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.12-нд нийтлэгдсэн

Засгийн газраас хариуцлага шаардаж эхэллээ

Засгийн газраас хариуцлага шаардаж эхэллээ

У.Хүрэлсүхийн засгийн үед төрийн яамны бүр онцолбол Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан байгууллага дээрээ архидан согтуурсны улмаас нэгийгээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан.  Мөн өнөөдөр өглөө төмөр замын вагон унаж, олон хүн гэмтсэн осол гарлаа. Эдгээр хэргүүдийн талаар олон нийт янз бүрийн байр суурийг илэрхийлэх болсон бөгөөд У.Хүрэлсүхийн засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэсэн шүүмжлэл ч гараад байна. Учир нь Ардын засгийн газрын тэргүүнээр томилогдохдоо У.Хүрэлсүх хариуцлага ёс зүйг төрийн албанд бий болгоно гэдгээ амалсан. Тиймээс ч өнөөдөр түүнээс, Засгийн газраас хариуцлага ёс зүй шахаж, шаардаж байгаа нь зүй ёсных юм. Ингээд улстөрчид болон иргэд хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр илэрхийлж буй байр суурийг хүргэе.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

Зам тээврийн яамны газрын дарга нар яамандаа архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарч, хүний амь нас эрсэдсэн явдалд эмгэнэл илэрхийлж байна. Зам тээврийн ослоор 16 хүн амиа алдсан. Тогонд цохиулж хүүхэд амиа алдсан.Засгийн газар энэ хэргүүд дээр байр суурь илэрхийлэхгүй, нэг, нэгээрээ чимээгүй болж байна. Төрд алба хашиж байсан залуу ажлын байрандаа амиа алдсан явдал бол хариуцлагагүй ёс зүйгүй явдал. Хэрэг явдал болсноос хойш 20-иод цагийн хугацаанд эрх баригчдын зүгээс албан ёсны байр суурь илэрхийлсэн мэдэгдэл хийх болов уу гэж ажлын цаг дуустал хүлээсэн боловч Засгийн газар тэр дундаа Ерөнхий сайд байр суурь илэрхийлсэнгүй.Төрийн албан хаагчийн хариуцлага алдсан үйлдэлтэй холбоотойгоор салбарын сайд, Ерөнхий сайд нэг ч үг дуугарсангүй.

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай:

Төрийн алба өндөр ёс суртахуунтай байх ёстой. Хүний амь нас эрсдэж, төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэгт холбогдоно гэдэг ноцтой асуудал. Ерөний сайд байр суурь илэрхийлсэнгүйд харамс аж байна. Ерөнхий сайд хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдыг үдшийн цэнгүүн дээр гитартай дуулж байгааг л харснаас өрөндөө ажил хийж байна уу гэдгийг харсангүй. Хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь харамсалтай байна. Хариуцлагагүй этгээдэд хариуцлагаа тооц, ёс зүйтэй холбоотой хариуцлагыг зайлшгүй хүлээх ёстой.

Япон, Солонгос зэрэг оронд сайд нь дэвүүр тараагаад огцорсон. Солонгосын Гадаад хэргийн сайд охин нь шалгалтгүйгээр их сургуульд тэнцсэний төлөө огцорч байсан. МАН-ын гишүүдээс хамгийн их хариуцлага ярьсан хүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Одоо хэлснээ хэрэгжүүлдэг эсэхээ харуул аа гэдгийг Ардчилсан намын зүгээс шаардаж байна.

 Хуульч О.Алтангэрэл:

Төрийн албан хаагчийн ёс зүй, ёс зүйн зөрчлийн тухай асуудал өөрийн гэсэн зохицуулах механизмтай. Ёс зүйн дүрэм, түүнийг шийдвэрлэх зөвлөл салбар бүхэнд бий. Харамсалтай нь, энэ механизм төдийлөн үр дүнтэй ажиллахгүй байна. Жишээлбэл, архидан согтуурах нь бүх л дүрмэнд ёс зүйн зөрчил. Гэтэл байгууллага, яамдад архидалт хавтгайрлаа. Үүнээс нь болж хүний амь нас ч эрсдлээ. Арын өрөөгүй, тэндээ архидадгүй дарга, сайд гэж бараг байхгүй. Гэтэл өнөөх ёс зүйн дүрэм үйлчилдэггүй. Худлаа гэвэл архи ууснаар хариуцлага хүлээсэн, сайдаасаа арга хэмжээ авахуулсан нэг даргын жишээ дурьд даа, олдохгүй. Мөн улстөрчдийн хувьд, нэн ялангуяа сайд, агентлагйн даргын түвшинд ёс зүйн хариуцлага сайн дураараа хүлээсэн тохиолдол бараг алга. Тогонд цохиулж хичнээн хүүхэд амиа алдав, салбарын сайд нь таг чимээгүй, өөрөө биш гэхэд өрөөлд ч хариуцлага хүлээлгэдэггүй. Яамны газрын дарга нар нь архидаж, эрдэнэт хүний аминд хүрчихээд байхад бас л гүрийгээд өнгөрөөх шинжтэй. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой дуулианыг Н.Номтойбаяр гишүүн гаргаж тавьсан. Улсад олон тэрбумын хохирол учирчихаад байдаг, УИХ-ын гишүүн, нэг намынхаа хүний барилгыг Эрүүл мэндийн сайд нь худалдаж авна гэж зарлаад явдаг гэх мэт байж болшгүй үйлдлүүд гарсаар байхад хуулийн хариуцлагаас түрүүлээд ёс зүйн хариуцлага хүлээх нэг ч сайд алга байна шүү дээ. Дээрээ ийм байхад бид доороос нь юу хүлээх билээ?

Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаа:

Төрийн яамны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгийгээ хөнөөсөн аймшигтай хэрэг бол Монголын төрийн алба хэрхэн ялзарсны тод жишээ болсон гэж бодож байна. Хэдийгээр сайд хэрэг гарах үед байгаагүй гэдгээ хэлсэн ч удирдах албан тушаалтны хувьд яаман дээр нь гарсан аливаа асуудалд тэр хариуцлага хүлээх ёстой.  Монгол хууль гулуь болж, монгол хүний амь үнэ цэнэгүй болсон.  Хуулийг төрийн дээд албан тушаалтнууд санаатай зөрчдөгийн үр дагавар нь энэ харамсалтай үйл явдал. Жирийн төрийн албан хаагч ажлын байран дээрээ уусан бол халагдана. Харин албан тушаалтнууд арын өрөөндөө архидан согтуурах нь хэвийн үзэгдэл болсон.  Тиймээс яамны сайд, ТНБдарга огцрох ёстой. Энэ салбарт хариуцлага  алдагдсан. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийг харуулсан үйл явдал төмөр замд нүүрлэж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Дөрвүүлээ үүдэнд зогсож байгаад хоёр нь маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна. Хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа хэрэгт би ямар нэгэн тайлбар өгөөд хэрэггүй байх.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл:

Дорноговь аймгийн Айраг орчимд төмөр замын суурь бүтэц ихээхэн хэмжээний үерт автан гамшиг болж байна. Вагонууд усанд автаж замаас гарч байна.

Жиргээч Ц.Бат: Өнөөдөр жиргээнд чичлээд байгаа шиг Б.Цогтгэрэл очоод Зам тээврийн салбарыг нураагаад хаячихсан юм биш. Өнөөгийн энэ бдал бол маш олон жилийн ужиг сад тавьж бгаа л цаг мөч нь. Эрх барьж байсан бүх намууд буруутай. Намууд намчидаа салбараас даруйхан татаж ав. Мэргэжлийнхэнд нь өг. 

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг

Төмөр замын асуудлаар Засгийн газар шуурхай хуралдаж байна. Төмөр замыг засах сэлбэг Оросоос авч байгаа. Газар дээр нь холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Гол нь байгалийн гамшиг тэнд болж байна. Айраг суманд үер буусаар байна. Харин хүн амины хэрэг гарсан өглөөнөөс хойш Ерөнхий сайд холбогдох газруудын мэдээллийг авч байгаа. Хариуцлагын асуудлыг холбогдох газруудын дүгнэлт гарсны дараа хөндөнө. Энэ жил танхимынхаа хүрээнд Засгийн газар хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүний хүрээнд дүрэм журам гаргаад бүх яам, агентлагт хүргүүлсэн. 

Аанхаа‏ @Aanxaa:  mio Тээр жил мянганы сорилын сангаас буцалтгүй тусламжаар хос төмөр замтай болгоод өгье гэхэд нь оросууд болиулж билээ, ах нар гээд л хөөрөөд бдаг. Маниусыг хоцрогдолд нь үлдээж дээ

Лэгшидийн ОТГОНБАЯР‏ @otgonbayarCIA:Төрийн байгууллагын удирдах ажилтнуудын өрөөний стандарт тогтоож, байдаг бол дагаж мөрдүүлье. Архины хөргөгч, тухалж унтдаг диван, орон зай ихтэй өрөөг цэгцлэе. Архи уудаг цэнгээний газар биш ажил хийдэг орчин болгоё.

Нар‏ @naranzuld :Төрийн жинхэнэ албанд улс төрийн хорт ургамлууд шургалснаас тэнд албан тушаалын өрсөлдөөн, хийрхэл, ажлын байрны дарамт, гадуурхал, завхрал, ёсзүйн хэм хэмжээ ямар байгааг ЗТЯ-ны хэрэг илчиллээ.

Батука‏ @Batuka_UB:ore Ерѳнхий сайд У.Хүрэлсүх @UKhurelsukh таны засгийн газрын харьяа Зам тээврийн яамны албан хаагчид нэгнийгээ амийг аймшигтайгаар яамныхаа байрны гадаа хѳнѳѳчѳѳд байна Та болон танай засгийн газар ингээл нүдэн балай чихэн дүлий суусаар л байх уу

Altankhuyag.Kh‏ @altankhuyagMGL: Ямбыг нь эдэлсэн бол ялыг нь бас үүрч сур. Хариуцлага тооцдоггүй юм бол Төр байгаад яах юм дарга сайд байгаад бас яах юм @UKhurelsukh

Иргэд ийнхүү шүүмжлэл өрнүүлж байна. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоогоос нэг жил шахамын өмнө Засгийн газрын тэргүүнээр томилогдсон чуулганы хуралдаанд оролцох үг хэлэхдээ “Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо. Сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа, Төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа. Энэ бүхнийг л бид одоо тас цохин цэгцлэх ёстой. Ард түмэн ч үүнийг хүсэн хүлээж байна. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.  Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн сайхан үг байдаг. Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ. Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.  Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно” гэдгээ амалсан. Харамсалтай нь, түүний засгийн үед төрийн яамны газрын дарга нар нэгийнхээ аминд хүртэл төр завхарч байгааг юу гэж тайлбарлахыг нь харах л үлдэж.

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж