ЗГ-ын хуралдаанаас сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2018.08.12-нд нийтлэгдсэн

ЗГ-ын хуралдаанаас сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөллөө

ЗГ-ын хуралдаанаас сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөллөө

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өнөөдөр Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг чөлөөлсөн тухай дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлсөнтэй холбогдуулж, шинэ сайд томилогдох хүртэл ажлыг нь Шадар сайд Ө.Энхтүвшин давхар хаших болжээ. 

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ‘Төмөр замд гарсан ослыг сэргээн завсарлахад Оросын талаас нэмэлт хүч ирж, хэвийн байдалд нь оруулахаар ажиллаж байна.

Эрдэнэт хүний амь эрсэдсэнд Засгийн газрын тэргүүний хувьд  гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, ард түмнээсээ уучлал хүсэж байна.

Засгийн газар нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албанд ажлын хариуцлага сайжруулах, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлт авчрах гэсэн зорилт дэвшүүлж ажилласан.  

Хоёр дахь зорилт хангагдаж, хэрэгжиж байгаа. Засгийн газар хүндхэн нөхцөлд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч өнгөрсөн хугацаанд эдийн засагт сэргэлт гарч, эдийн засгийн өсөлт 6.2 хувьд хүрсэн. ОУВС -тай тохирсон хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Манай Засгийн газар олон жил яриад хийж чадаагүй цэвэрлэх байгууламж, Тавантолгой, авто зам, сургууль цэцэрлэгийн ажлыг эхлүүлж,  хэрэгжүүлээд явж байна. Ололт амжилт байна, дутагдал ч гарлаа. Төрд удирдах төвшинд ажиллаж байгаа хүмүүс бие биенийхээ аминд хүрсэн явдалд дахин уучлал гуйж байна. Сахилга батыг дээшлүүлэх, бэхжүүлэх шаардлагатайг энэхүү үйл явдал харууллаа.

Тийм учраас Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, газрын дарга нарыг алдаа дутагдал гарсан гэж үзэн, чөлөөлллөө.

Сайдыг парламентаар томилдог тул үүрэгт ажлыг нь шинэ сайд томилогдох хүртэл Шадар сайд гүйцэтгэнэ’ хэмээлээ. 

Б.Цогтгэрэл:  Чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, шийдвэрлүүллээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл дээрх хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хоёр асуудал танилцууллаа. Эхнийх нь Зам тээврийн хөгжлийн яаман дээр гарсан хүн амины хэргийн тухай, хоёр дахь нь говийн аймгуудад болсон  үер усны гамшгийн тухай юм.

Миний хувьд дээрх хоёр асуудалд шууд болон шууд бус оролцоо байхгүй. Улс төрд соёлын жишиг гаргаж, ёс зүйн хариуцлагаа хүлээж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа. Ерөнхий сайд хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өглөө” гэсэн юм. Мөн сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Хувийн таарамжгүй байдлаас болж, хүн амины ноцтой хэрэг гарлаа гэж мэдээлж байгаа. Танд энэ тухай мэдээлэл байна уу?

-Тэр талаар мэдээлэл байхгүй. Дэд сайд хүн ажилд авч, томиолдог албан тушаал биш. Үер ус гэх мэт ажилд л явдаг.

-Төмөр замд гарсан осол юунаас болов, хохирлын хэмжээ тогтоогдсон уу?

-Одоо хохирлын хэмжээг тооцох боломж алга.  Хур тунадас 50 мм ороход гамшиг боллоо гэдэг. Гэтэл 80 мм даваад байгаа.  Одоо Айраг суманд бороо орж байна,  арваад айлын тооно л цухуйж байна.Үүнэхээр байгалийн давагдашгүй зүйл болж байна. 

Д.Сарангэрэл: Хоёр хүний бие хүнд байна

Вагонд сууж явсан зорчигчдоос есөн хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан болох нь оношлогоогоор тогтоогдсон гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж явсан байна. Тэдгээрийг нарийн үзлэг, оношлогоонд оруулсан байна.

Харин бэртэл гэмтэл авсан есөн хүнээс гурав нь хүүхэд аж.

Хоёр хүн хүнд байгаагийн нэг нь 44 настай эмэгтэй, нөгөө нь  54 настай эмэгтэй юм байна.

44 настай эмэгтэйн хэд, хэдэн хавирга хугарсан. Мөн элэгний дээд хэсэгт гэмтэл илэрсэн тул Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч нарын баг Дорноговь руу гарсан.

Харин 54 настай эмэгтэйн толгой дээрээс нь хүнд юм унасан. Түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэж буй юм байна.

 

Сайд нар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ 

Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар цахим хуудсаараа дамжуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсноо мэдэгдээд байна.

Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Ёс зүйн хариуцлагаа хүлээе. Чадах чинээгээр хичээж ажиллалаа.  Надад итгэж дэмжиж ирсэн гэр бүл, журмын нөхөд шүүмжлэгчиддээ баярлалаа” гэсэн бол Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлагаа хүлээе” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Ерөнхий сайдад хандан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр 18.30 цагт мэдэгдэл хийхээр болсон байна. 

Осолд орсон хүмүүсээс хоёрынх нь бие хүнд байна 

Осолд орсон иргэдийн тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. 

Өнөөдөр 13.00 цагийн байдлаар эмнэлгийн тусламж шаардлагатай бүх хүнд анхны тусламжийг үзүүлж 81 хүнийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг,  7 хүнийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн, үзлэг, оношилгоо хийж байгаа аж. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт  хүргэгдсэн 2 хүний биеийн байдал хүнд. Бусад хөнгөн гэмтэл авсан хүмүүст шаардлагатай тусламжийг үзүүлж юм байна.

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 37 эмч, 22 сувилагч, 2 бага эмч, 5 үйлчлэгч, 10 жолооч, 4 инженер техникийн ажилтан ажиллаж, зорчигчдод эмнэлгийн үзлэг хийж байна. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Айраг  Даланжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Шивээ овоо, Баянтал сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөс эмч, мэргэжилтнүүд нар дайчлагдан ажиллаж байна гэж мэдээллээ.

Б.Цогтгэрэл: Техникийн тусламж замдаа явна 

Осолдсон вагонуудыг босгоход “Улаанбаатар төмөр зам” өөрт байгаа техник хэрэгслээ ашигласан боловч дийлээгүй тул ОХУ-аас тусламж хүссэн тухай өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл техник хэдий үед Монголд ирэх талаар бид Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлээс тодруулсан юм.

Тэрбээр “Оросын талаас техникийн туслалцаа үзүүлэх сэргээн засварлах баг замдаа гарсан. Наушикаар гараад явж байна гэдэг мэдээллийг ирүүлсэн. Өнөөдөр 22.00 цагийн орчимд хүрээд ирэх болов уу. 

Энэхүү осол нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэж гарсан. 50 мм-ээс дээш хур тунадас орвол байгалийн давагдашгүй хүчин зүйл гэсэн ангилалд ордог. Осол болсон Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт орсон хур тунадасны хэмжээ 82 мм байгаа.

Яг одоо ослын газарт бороо үргэлжлэн орж байна, унасан вагонуудыг ус өргөж байна.  

Осол гарсан вагонд нийт 320 гаруй зорчигч зорчиж явсан. Тэднээс нэг хүний хавирга хугарсан, нэг хүн амьсгалын дутагдалд орсон. Тэднийг эмнэлэгт хүргэсэн, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байна” гэлээ.

Ослын газарт луу 15 автобус хөдөллөө 

Үерийн улмаас суудлын галт тэрэг онхолдож, олон хүн бэртэж гэмтсэн тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл тэдгээр бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлэгийн үйлчилгээ шуурхай үзүүлэх, мөн зорчигчдыг тээвэрлэхээр Улаанбаатар хотоос 14 автобус, Дорноговь аймгаас таван автобус гаргасан байна. Нийт 19 автобус нь 855 хүн нэг удаа тээвэрлэх хүчин чадалтай аж.

Зам тээвэр хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс холбогдох ажилтнууд зохион байгуулалт хийн ажиллаж байна.

Улсын онцгой комисс байгалийн давагдашгүй хүчин зүйлийн хохирлыг бууруулахаар Айраг суманд ажиллаж байна. Тус сумын айл өрх, иргэд, аж ахуй нэгжүүд дэд бүтэцийг хохиролгүй байлгахаар Ерөнхий сайд чиглэл өгч ажиллуулж байна. Олон газарт суурь бүтэц угаагдаж их хэмжээний хохирол учраад байна гэж Засгийн газраас мэдээллээ. 

Сайд Ж.Бат-Эрдэнэ ослын газарт ажиллаж байна 

Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг, яамны ТЗДТБХЗГ, АТБХЗГ, УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ослын газарт ажиллаж байна.

Мөн Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар Төмөр замын удирдах газарт ажиллаж байна.
Өнөөдрийн Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд зорчих тасалбар авсан зорчигчдыг дараагийн өртөө хүртэл автобусаар зөөж богино рэйс хийж байна. Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр орж байгаа хүчтэй усархаг аадар борооны улмаас зам тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна.

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын Айраг сумаас 5.0 км-ийн зайд 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 цагийн үед замаас гарлаа.
Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ.Уг галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.
Осолд өртсөн зорчигчдыг эмнэлэгт хүргэж эмнэлгийн үзлэгт хамруулж байна гэж Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Осолдсон вагоныг босгохоор ОХУ-аас нэмэлт хүч дуудлаа 

Осолдсон вагоныг засахаар Улаанбаатар төмөр замаас сэргээн босголтын кранаа ашигласан ч дийлэхгүй байгаа тул ОХУ-аас нэмэлт хүч дууджээ.

Удахгүй нэмэлт хүч Сүхбаатарын хилээр орж ирэх аж. Осолдсон илчит тэрэгний нийт жин 150 орчим тонн юм байна.

Мөн дээрх ослын улмаас хөл нь хугарсан, нуруу нь гэмтсэн иргэд олон аж. Толгой нь хөдөлсөн, хамар нь гэмтсэн хүүхдүүд ч цөөнгүй юм байна. Хүнд хүмүүсийг Дорноговь аймгийн Сайншанд сумын эмнэлэгт хүргэн, эмнэлгийн тусламж үзүүлээд байна. 

‘Улаанбаатар төмөр зам’ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс ослын талаар ‘Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарлаа. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж явсан’ гэж мэдээлсэн. Тэгвэл дээрх 320 гаруй зорчигчдоос 100 гаруй нь эмнэлгийн тусламж авсан гэсэн мэдээлэл байна. 

Засгийн газар хуралдаж байна

Үерийн улмаас суудлын вагон осолдсон хэрэг өнөөдөр үүрээр гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар шуурхай хуралдаан зарлажээ.

Энэ тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Төмөр замын асуудлаар Засгийн газар шуурхай хуралдаж байна. Төмөр замыг засах сэлбэг Оросоос авч байгаа. Газар дээр нь холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Гол нь байгалийн гамшиг тэнд болж байна. Айраг суманд үер буусаар байна’ гэж мэдээллээ. 

Суудлын вагон замаас гарч, хүмүүс бэртжээ 

Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг өнөөдөр үүрээр буюу 04:50 минутын орчим замаас гарч, осолджээ.

Эх сурвалжийн мэдээгээр үерт төмөр зам эвдэрсэн байснаас энэхүү осол үүдэлтэй аж.

Осол гарсан даруйд суудлын галт тэргэнд явж байсан хоёр цагдаа цонхуудыг хагалж, хүмүүсийг яаралтай гаргажээ.

Осол болсон газарт Түргэн тусламжийнхан, онцгой, цагдаа зэрэг байгууллагууд ажиллаж, гэмтэж бэртсэн хүмүүсийг авч явсан байна.

Золоор хүний амь нас эрсдээгүй байна. ‘Улаанбаатар төмөр зам’ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр дээрх ослын улмаас галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж