УИХ-ын 42 дугаар тойрогт ирэх аравдугаар сарын 7-нд нөхөн сонгууль болохтой холбогдуулж, улс төрийн намууд өнгөрсөн даваа гаригаас эхлэн хурлаа хийж, сонгуульд өрсөлдөх шийдвэрээ гаргалаа.
Нийт 14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан ч ИЗНН 2016 оны УИХ-ын сонгуулийн тайлангаа гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр хасагдаж, 13 намыг бүртгэж, батламж олгосон.
Батламжаа гардаж авсан намууд 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-нийг дуусталх хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах ёстой.
Хэрэв бие даан нэрээ дэвшүүлэх бол дээрх хугацаанд багтаан нөхөн сонгууль болох тойргоос 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулна.
Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН, Ардчилсан нам, МАХН, ХҮН, Дэлхийн Монголчууд нам, Үнэн ба Зөв Нам, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Зон Олны Нам, Монгол Консерватив Нам ,Ард Түмнээ Хайрлая Нам, Бүгд Найрамдах Нам оролцоно.
Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга амиа алдав
Зам тээвэр, хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ын амь насанд халдсан хэрэг өнгөрсөн пүрэв гаригт болов.
Хэргийг тус яамны Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал үйлдсэн болохыг цагдаагийнхан тогтоогоод байна. Мөн хувийн таарамжгүй байдлаас үүдэн дээрх хэрэг гарсан гэж мэдэгдсэн юм.
Хүн амины хэрэг гарсан тухай дуудлага пүрэв гаригийн 21.40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.
Хэргийг үйлдсэн гэх Б.Махбалыг цагдаагийн байгууллага саатуулсан байсан бөгөөд баасан гаригт шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.
Ажлын байрандаа архидан согтуурсны улмаас энэ хэрэг явдал гарлаа гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө хэсэг нь Зам тээврийн хөгжлийн яамыг хувийн компани мэт болгосны эцсийн гор нь нэгнийхээ амь насыг хөнөөхөд хүргэлээ гэж дүгнэх хэсэг ч байна.
Г.Бахытгүл давж заалдана
УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шүүх хурал өнгөрсөн пүрэв гаригт /2018.08.08/ болсон ч хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Түүнийг иргэн Г.Бахытгүлийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүсэн ч нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Харин Г.Бахытгүл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байна.
Тэрбээр ‘2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шүүх хурал болсон. 2017 оны арваннэгдүгээр сарын 24-нд Д.Мурат нь намайг Эрүүгийн цагдаагийн дөрөвдүгээрт хэлтэст нэр төрд халдсан гэх үндэслэлээр цагдаад өгч байсан. Миний бие түүний эсрэг гомдол гаргаснаар жилийн турш энэ хэрэг шалгагдсан. Хангалттай нотлох баримттай байгаа ЭХ-ийн 11.6 -ийн 1 зүйл заалтаар яллагдагчаар татагдсан Д.Муратын хэргийг илт шударга бусаар шийдлээ. Миний бие холбогдох шатны шүүхэд давж заалдана” хэмээн мэдэгдээд байна.
Г.ХОРОЛ