Төмөр замын Номт-Шаргын овоо өртөө зөрлөгийн хооронд өчигдөр /2018.08.10/ орой 17.00 цагийн үед нэг цаг орчим үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Номт-Цагаан хадын хоорондын замын 1011 км-т байдаг төмөр замын гүүр үерт автаж тулгуур дам нуруу нь 40 см доош сууж, нурж болзошгүй аюултай байдал үүссэн тул төмөр замын хөдөлгөөнийг 19.13 цагт түр хаажээ. Үерийн ус төмөр замын гүүрийг давж урсан замын чигжээс чулууг урсган зайлуулж, замын суурь бүтцэд багагүй хохирол учруулсан байна.
Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Замын Үүд-Улаанбаатарын чиглэлд аялж байсан 1345 зорчигчтой 275-р галт тэргийг 20.26 цагт Цагаанхад зөрлөгт төмөр замын хөдөлгөөнийг нээтэл түр зогсоожээ.
Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн аюултай нөхцөл байдлыг арилгах, төмөр замын хөдөлгөөнийг саадгүй хэвийн үргэлжлүүлэх арга хэмжээг УБТЗ-ын удирдлага яаралтай авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Гүүрийг сэргээн засварлах ажилд 150 шахам төмөр замчид оролцож шөнөжин ажиллажээ. Одоогоор төмөр замын хөдөлгөөнийг яаралтай хэвийн үргэлжлүүлэх үүднээс эхний ээлжид гүүрний дам нуруунд түр зуурын бэхэлгээ хийсэн байна. Ингэж гүүрийг хүчжүүлж бэхэлгээ хийж сайтар туршсаны дараа өнөөдөр /2018.08.11/ 4:00 цагт төмөр замын хөдөлгөөнийг нээжээ. Уг гүүрний дам нурууг яаралтай шинээр сольж, тулгуур баганыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх юм байна. Энэ ажлыг хийж гүүрийг бүрэн засварлаж дуустал суудлын болон ачааны галт тэрэг уг гүүрээр таван км/цагийн хурдтай явж өнгөрөх захирамж өгчээ.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН