Долоо хоногийн онцлох ярилцлага | News.MN

Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2018.08.11-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Долоо хоногийн онцлох ярилцлага

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагыг тоймлох хүргэж байна


‘ОСОЛ АВААРЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙГ ШИНЭЧИЛСЭН’

Замын цагдаагийн албаны техник замын хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхболд

Замын хөдөлгөөний  шинэчилсэн дүрмийг ирэх арваннэгдүгээр сарын 1–ний өдрөөс мөрдөхөөр болсон. Шинэчилсэн дүрэмд орсон заалтуудын талаар Замын цагдаагийн албаны техник замын хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхболдоос тодрууллаа. 


-Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулсан гол шалтгаан нь юу вэ?

-1930 оноос хойш Замын хөдөлгөөний дүрэм Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Хамгийн сүүлд 2004 онд замын хөдөлгөөний дүрмийг шинэчилсэн байдаг. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 14  жилийн хугацаанд замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт, өөрчлөлт ороогүй. 2004 оны замын хөдөлгөөний нөхцөл байдлыг одоогийн нөхцөл байдалтай харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай. Мэдээж хүн ам хурдацтай өссөн, хотжих үйл явц ч хүрээгээ тэлсэн.

2004 онд Монгол Улсад 280 мянга орчим тээврийн  хэрэгсэл  бүртгэлтэй байсан бол өнөөдөр 900 мянга болж нэмэгдсэн байна. Үүнийг дагаад зам тээврийн ослын  улмаас жилд 500  орчим хүний амь нас эрсдэж, 2000 орчим хүн гэмтдэг гэх статистик баримт бий. Ослыг таслан зогсоохын тулд Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Дүрэмд зайлшгүй цаг үеийн шинжтэй өөрчлөлтүүд орох шаардлагатай байгаа юм. Замын  хөдөлгөөний үндсэн  дүрэм  бол өөрчлөгдөөгүй. Замын хөдөлгөөний өмнөх дүрэм 23 бүлэгтэй байсан бол энэ удаагийн бүлэг 27 болж илүү системчлэгдэж иргэдэд ойлгомжтой байдлаар зохицуулж өгсөн.

-Замын хөдөлгөөний шинэчилсэн  дүрэмд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орсон гэж сонссон?

-Тийм ээ. Сүүлийн үед хүүхэд зам тээврийн ослоор амь эрсэдсэн осол буурахгүй, өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2017 онд 55 хүүхэд зам тээврийн осол хэргийн улмаас амь насаа алдсаны  46 нь орон нутгийн замд болсон байдаг.  Дийлэнх тохиолдолд хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй, суудлын бүс зүүлгээгүй зэргээс  хүүхдийн амь нас эрсдэж байна. Замын хөдөлгөөний  хуучин дүрэмд гурав хүртэлх  насны хүүхдийг зөвхөн хамгаалалтын суудалтайгаар тээвэрлэж болно, эсхүл эцэг эх нь өвөр дээрээ суулгаад явж болно  гэж заасан. Харин гурван наснаас дээш 12 хүртэлх насны хүүхдийг олон тоогоор тээвэрлэж явахыг хориглосон заалт байдаггүй. Энэ заалт нь эргээд хүүхдийн амь насанд халдаж байна.

Иймээс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд арав хүртэлх насны хүүхдийг зориулалтын  нэмэгдэл суудалгүйгээр тээвэрлэхийг хориглосон. Тэгэхээр арав хүртэлх насны хүүхдийг заавал нэмэгдэл суудал буюу аюулгүй байдал хангасан суудал төхөөрөмжжөөр хангагдсан машинд тээвэрлэх ёстой гэсэн үг.  Эцэг, эхчүүд хүүхдэд зориулалтын суудлаар яах юм гэх байдлаар хайнга ханддаг.

7-8 сая төгрөгөөр авто машин худалдаж авч байж, хүүхэддээ  100 мянган төгрөгөөр зориулалтын суудал авахаас  цааргалаад эргээд хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулж байна. Энэ асуудлыг таслан зогсоох цаг болсон. Мөн арав хүртэлх насны  хүүхдийг машинд харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхийг хориглосон. Одоогийн мөрдөгдөж байгаа дүрэмд мотоциклийн арын суудал дээр 12 хүртэлх насны хүүхдийг тусгай бэхэлгээтэйгээр тээвэрлэхийг  зөвшөөрдөг байсан бол үүнийг бас хориглосон.

ДЭЛГЭРЭНГҮЙ 


ТҮРГЭНИЙ ЭМЧ НАМАЙГ ХҮҮГИЙН МИНЬ БИЕД ХҮРГЭЭГҮЙ

Зуны нэгэн үдэш нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах “Эко шинэс” эмийн сангийн гадаа энэ харамсалтай хэрэг гарсан юм. Ээждээ эрхлээд гарсан хоёрдугаар ангийн сурагч хүү бусдын л адил тоглон наадан гүйхдээ золгүй тохиолдлоор амиа алдсан билээ. “Миний хүү хоолоо идээрэй” гээд дуудахын завдалгүй зэргэлдээх эмийн сангийн тогтой хаалганаас барьснаас болж хүү амиа алдсан юм. Ойр хавийн хүмүүс өнөөх эмийн сангийн хаалгыг хэдэн өдрийн өмнө тогтой гэлцэж байсан ч хариуцсан эзэд нь “чих нь дүлий” байсаар хүүгийн аминд хүрчээ. Одоогоос сар гаруйн өмнө /2018.06.25/ хүүгийн ээж Ч.Мөнхсайхан хүүгээ алдсандаа итгэж ядан нүдэндээ нулимс  дуслуулан “Хүний аминд хүрчхээд байхад албаны хүмүүс одоо хүртэл чимээгүй байна. Хүү чинь өнгөрчихлөө гэсэн эмчийн үгэнд одоо ч итгэж чадахгүй нь” хэмээн ярьж байжээ. Түүнтэй дахин ярилцахаар гэрт очлоо. Биднийг очиход эмийн сангийн үйл ажиллагааг зогсоосон талаар ойр хавийн иргэд ярьж байсан юм.


-Золгүй явдлаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэрэг хэрхэн шийдэгдэж байна вэ. Шүүх эмнэлгийн байгууллагаас хүүгийн тань үхлийн шалтгааныг тодорхойлсон уу?

-Эгч нь дөнгөж сая Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагчтай уулзчихаад ирлээ. Шүүхийн шинжилгээний хариу зуун хувь тогноос үүдэлтэйгээр нас барсан гэж гарсан. Эмч нар дотор эрхтэн нь эрүүл боловч зүрх нь зогссоны улмаас амиа алдсан байна гэж бидэнд хэлсэн. Одоогоор эмийн сангийн үүдний хэсэгт цахилгаан цэнэг яагаад үүссэнийг тогтоохоор мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа. Тог юунаас үүдэлтэй болохыг мэргэжлийн хяналтын газраас дахин нарийвчилсан дүгнэлт гаргана гэсэн боловч хариуцсан мэргэжилтэн нь амарчихсан байна. Тийм учраас цахилгааны дүгнэлтийг хүлээж байна.

-Эмийн санч эсвэл, эмийн санг түрээслэгч хоёр хаалга тогтой гэдгийг мэдэж байж яагаад бусдад анхааруулаагүй юм бол?

-Хаалга юунаас болж цахилгаанжсаныг тогтоочхоод надаас дахин байцаалт авна гэсэн.

Тэр эмийн санг түрээслээд гурав хонож байхад энэ хэрэг гарсан юм билээ. Би энэ хорооныхоо эргүүлээр ажилладаг байхад олон удаа “Дэлгэрэх” төвд мэдэгдэл өгсөн боловч нэг удаа ч авч байгаагүй. “Дэлгэрэх” төвийг хариуцсан гэх эрэгтэй “Ажлын садаа, наад цаасаа аваад гар” гэж манай ажилчдад хэлдэг байжээ.  Хэрвээ тэр хүн нэг удаа ч болов уншаад үзсэн бол эмийн сангийн гаднах тохижилтын аюулгүй байдлыг хангасан байх ёстой.

Тухайн үед хүргүүлсэн мэдэгдлийг уншаад хариуцлагатай ажилласан бол өнөөдөр миний хүү амиа алдахгүй байлаа. Хүүгийн минь хэрэг явдлаас хойш надтай олон хүмүүс уулзсан. Тэр дундаа хүүхдийн байгууллагаас манай энэ хавийн тоглоомын талбайн ил задгай утасны асуудлыг цэгцлэх асуудлаар хорооны Засаг даргад хандсан байна лээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ


‘ТҮРЭЭСИЙН ДУГУЙН ҮЙЛЧИЛГЭЭНД СУРАЛЦАХАД НЭЛЭЭД ЦАГ ОРОХ БОЛОЛТОЙ’

1965 оноос Голланд улсын Амстердам хотод эхэлж байсан түрээсийн дугуйн үйлчилгээ хүрээгээ улам бүр тэлж өнөөдөр дэлхийн 600 гаруй хотод амжилттай хэрэгжиж байна. Орчин үеийн хотуудын хандлага автомашинаас зайлсхийж нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх болжээ. Улаанбаатар хот ч гэсэн ялгаагүй орчин үеийн шинэ чиг хандлагуудыг нийтийн тээврийн салбарт шат дараатай нэвтрүүлж байгаагийн тод жишээ “Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ юм.

“Шарк танк” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Никель Ганбаа буюу Г.Дашням “Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох “Ubike” төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн. Ийн түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Түрээсийн дугуй хэрэглээнд нэвтрээд сар гаруйн хугацаа өнгөрсөн ч дугуйг хулгайлах, эвдлэх  зэрэг тохиолдлууд гарах боллоо.

Дээрх асуудлаар бид “Никель Ганбаа” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Г.Дашнямтай ярилцлаа. 

-Түрээсийн дугуй хулгайд алдагдах болсон талаар яриагаа эхэлье?

Одоогоор нийт 28 дугуй алга болоод байна. Зарим алга болсон дугуй нь эргээд олддог, зарим нь олддоггүй. Зогсоолууд дээрээ тогтмол дугуйтай байлгахын тулд зогсоолоос бусад газар үлдээсэн дугуйнуудаа цуглуулахдаа байршил тогтоогчийг ашигладаг. Бүх дугуй байршил тогтоогчтой. Хулгайлсан тохиолдолд баригдахгүй байна гэж байхгүй. Ихэвчлэн гэр хорооллын иргэд дугуйны байршил тогтоогчийг салгаж хаяаад дугуйг нь хашаандаа аваачсан байдаг. Байршил тогтоогч нарны хавтангаар цэнэглэгддэг учраас гадаа байх зориулалттай. Энд тэнд байрны орцонд оруулаад орхичихоор байршил тогтоогч ажиллахаа больчихдог тохиолдол бий.Харин сүүлийн үед хулгайлахаас илүүтэйгээр дахин ашиглах боломжгүй болтол эвдлэх тохиолдол гарч байна.

-Тэгэхээр дугуйны хохирлыг хэн барагдуулна гэсэн үг вэ?

-Түрээсийн дугуйнууд “Хаан даатгал” компаниар даатгагдсан учраас даатгалын компаниас бүх зардлыг гаргаж өгч байгаа. Мөн бид цагдаагийн байгууллагад хандсан.

-Мэдээж, түрээсийн дугуй үйлчилгээг зөв ашиглаад сурсан байнгын үйлчлүүлэгчтэй болсон байх?

-Ер нь соёлтой хэрэглэдэг хүмүүс нь эвдэлж хулгайлдагаасаа илүү олон  шүү. Хотоор манай дугуйг унаад явж байгаа олон хүнтэй таарч байна. Анх хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн цагаас байнгын хэрэглэдэг болсон олон ч хүн байгаа. Нэг зогсоол дээр арван дугуй байрладаг.

Хүн унаад явлаа гэхэд тэр зайд 4-5 сэлгээний дугуй аваачиж тавьдаг. Хэрэглэгч ихтэй болохоор эргэлт хурдан байдаг юм. 28 ширхэг дугуй алдагдсан болохоор ачаалал харьцангуй нэмэгдэж байна. Эдгээр дугуйг олно, нөхөн олговрын асуудал гэхээр цаг алдах талтай. Иймээс наймдугаар сарын дундуур 100 ширхэг дугуй дахин үйлдвэрлэн гаргана. Нэгэнт хэрэглэгч нэмэгдэж байгаа учраас дугуйныхаа тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ өвөл нэлээн олон дугуй үйлдвэрлэнэ. Одоо хэрэглэж байгаа хүмүүсийн идэвхийг харахад ирэх жил нийслэлд 500-600 ширхэг дугуй үйлдвэрлэж байж хүмүүсийн  эрэлт хэрэгцээг хангана гэж үзэж байгаа

 -Энэ жилдээ түрээсийн дугуйн  хамрах хүрээ  зөвхөн хотын төв хэсгээр л хязгаарлагдах уу?

-Тийм ээ. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Хүүхдийн урлангаас Зайсан хүртэл тойрогт явж байгаа. Мэдээж, 2019 онд тойрог нь нэмэгдэнэ. Жил жилээр тойргоо томруулаад дугуйныхаа тоог нэмээд явна. Хэдий  тулгарч байгаа асуудал байгаа ч дор нь шийдээд явж байгаа. Тодорхой хэмжээгээр нийслэлийн иргэдийн хэрэглээнд зориулж байгаа учраас иргэдийн оролцоо хэрэгтэй. Зөвхөн бид нар хойноос нь хөөцөлдөөд явахаас илүүтэйгээр эдэлж хэрэглэж байгаа хүмүүс зогсоолоос аваад зогсоол дээр нь тавьдаг. Ариг гамтай  ханддаг бол бас өөр шүү.

ДЭЛГЭРЭНГҮЙ

 

 

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-11 103.229.122.230

Замын цагдаагийн нэг сэгсийсэн онгироо дэд хурандааг хэн гэдэг билээ дээ.

Avatar

Erunhii saidaa 2018-08-11 203.91.115.38

Joloonii surgaltiin chanariig turuus hyanalt tavij saijruulhad ene ih osol avaar barag 95% r buurah bh deer ni soyoltoi ch bolno do.bidnii mongol tsuuhuulee ta erunhii said bnda yu bodoj yavdag yum boldoo tag chig l bhiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж