“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан залуус тангараг өргөн, халагдахад бэлэн болжээ.
Монгол Улсын хэмжээнд энэ жил 1000 орчим залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсанаас Улаанбаатар хотын 51 их дээд сургуулийн 650 оюутан Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дах Хээрийн сургалтын төвд суралцаж байгаа юм.
Тэд наймдугаар сарын 16-нд цэргийн тангараг өргөнө. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд юу сурч, мэдсэнээ өнөөдөр /2018.08.10/ Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа болон их, дээд сургуулиудын захирлуудад тайлагналаа.
Их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэлтэй, цэрэг эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэхэд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтын зорилго оршиж байгаа юм. Мөн уг хөтөлбөр нь олон нийтийн дэмжлэг, талархалыг хүлээсэн, залууст төрийн алба хаах эрхийг нээлттэй болгосон сургалт төдийгүй тэд тус сургалтанд хамрагдсанаар сурлага, сахилгаар тэргүүлэгчид болж байгаа нь судалгаагаар тогтоогдох болжээ.
Анх энэхүү хөтөлбөрийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн юм. Эдүгээ тус хөтөлбөр тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа нь энэ бөгөөд 4500 оюутан залуус хамрагдаад байна.
Таван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн хөтөлбөрийг Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 7.7 зүйлд зааснаар “цэргийн алба хаах шинэ төрөл” болгон хуульчилсанаар оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн “Эх орноо батлан хамгаалах” ариун үүргээ биелүүлэх боломжтой болсон байдаг.
Хуульчлагдсан “Оюутан цэрэг” сургалт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан тусгай журмаар баталгаажиж, Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу хэрэгжиж байна.
Ингэхдээ Монгол Улсын боловсролын ууган байгууллага, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль “Оюутан цэрэг” сургалтыг Шархад дах хээрийн сургалтын төвдөө 3 дах жилдээ бие даан амжилттай хэрэгжүүлж байгаа нь энэ аж. “Оюутан цэрэг” сургалт нь цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлэн, “Цэргийн тангараг” өргүүлдэг эрчимжүүлсэн вакум сургалт бөгөөд 1 жилийн хугацаат цэргийн албаны сургалт, бэлтгэлийг богино хугацаанд багтаасанаар цэргийн алба хаах зардал дөрөв дахин хямд тусах болжээ.
Г.ХОРОЛ