Сар шинийн өдрүүдийн болон хаврын улирлын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар ЦУОШГ-ын Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн ерөнхий инженер Д.Жаргалангаас тодрууллаа.
Энэ сарын 17-19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. Тодруулбал, гол хүйтрэх үе нь хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе. Тус үед цагаан сарын битүүн болон шинийн нэгний өдрүүд орж байгаа бөгөөд зарим газраар цастай, цасан шуургатай байх магадлал өндөр байгаа. Сар шинийн баяр дөхөхөөр ЦУОШГ-аас богино хугацааны төлөв гаргадаг тул түүнээс илүү нарийвчилсан мэдээллийг авч ашиглахыг зөвлөж байна.
Хоёрдугаар сарын хувьд агаарын температур төвийн аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн. Тодруулбал Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн зүүн хэсгээр болон Дундговь, Дорноговь аймгийн хойд талаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарсан. Хур тунадасны хувьд төвийн болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орохоор бол баруун аймгуудын нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага хур тунадас орно.
Хоёрдугаар сарын 23,24-ний үеэр нийт нутгаар дулаарах төлөвтэй байгаа. Энэ жил төв болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн жил болж байгаа бол баруун аймгуудын ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас харьцангуй дулаан байна. Бусад нутгаар буюу төвийн ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим байгаа.
Гуравдугаар сард: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймаг болон Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байгаа аж.
Дөрөвдүгээр сард: Агаарын дундаж температур нутгийн баруун хагаст дунджийн орчим, тодруулбал Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд болон Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөв гарчээ. Хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Завхан, Хэнтийн баруун, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зүүн, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгаа юм.
Тавдугаар сард: Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Түүнчлэн нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.
Үүнээс үзвэл агаарын дундаж температур гуравдугаар сард нутгийн баруун өмнөд хэсгээр, дөрөвдүгээр сард нутгийн зүүн хагаст, тавдугаар сард нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байгаа юм.
Харин хур тунадас гуравдугаар сард ихэнх нутгаар ОЖД–аас бага, дөрөвдүгээр сард баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Түүнчлэн хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байх магадлал өндөр ба температурын хоног хоорондын өөрчлөлт мөн их байх тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
3,548.92






















































Холбоотой мэдээ