Умард атлантын гэрээний байгууллагын /НАТО/ гишүүн орнууд өнгөрсөн Мягмар гаригт /2018.08.07/ Балтын тэнгисийн хойгт хамтарсан бэлтгэл сургуулилт хийж байх үеэр Испанийн сөнөөгч онгоц санаандгүйгээр гал нээсэн байна. Испанийн сөнөөгч онгоцны нисгэгчийн санаандгүй галласан пуужин Эстон улсын баруун урд зүгийн нутаг дэвсгэрт унасан болохыг таамаглаж байгаа аж.
Тэгвэл энэхүү пуужинг олохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд пуужинг олох хүртэл Эстон улсын Батлан хамгаалахын сайд Жүри Лүик НАТО-д бэлтгэл сургуулилтыг зогсоох тушаал гаргасан байна. Мөн гарсан үйлдэлд Испанийн батлан хамгаалах яамны сайд уучлалт гуйжээ.
Эстоны ерөнхий сайд Жүри Ратас энэ талаар НАТО-гын ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэргтэй өнгөрсөн Лхагва гаригт /2018.08.10/ утсаар ярьжээ.
“Би НАТО-гын ерөнхий нарийн бичгийн даргад Эстон улсын байр суурийг төлөөлж хэлэлцсэн. Би түүнд энэ асуудлыг нухацтай авч үзэхийг хүссэн. Одоогийн байдлаар ямар ч хүн эндэж гэмтээгүйд баяртай байна” гэж Жүри Ратас хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Эстон улс нь НАТО-гын гишүүн орноор 2004 оны гуравдугаар сарын 29-нд элсэж байжээ.
Эх сурвалж: Independent
Г. Батмандах