Ардын засаг “цагийн механизмтай бөмбөг” атгачихлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Ардын засаг “цагийн механизмтай бөмбөг” атгачихлаа

Ардын засаг “цагийн механизмтай бөмбөг” атгачихлаа

Монгол Төрийн яаманд хоёр түшмэл сархад сөгнөж найрлаад нанчилаад нэгнийхээ амийг хөнөөчихлөө. Маш харамсалтай, эмгэнэлтэй. “Тэмцэл” кинон дээр “Ах нь дүүгээ алчихлаа гэх үү, ээжид нь юу гэж хэлнэ ээ” гэж бахирах эцэгт тохиолдсон явдал өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газарт тохиолоо. Энэ ч бас тэрүүхэндээ тэмцэл, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой маргаан байх магадлалтай. Ирэх оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр даалгавар өгөхөд орой нь муудалцаад нэгнээ хөнөөчихсөн шалтгааныг эмс охидтой, эсвэл хортой архи уусан мэтээр тайлбарлах аргагүй шүү дээ.

МАН-ынхан Засгийн газраа байгуулахаасаа өмнө ч, байгуулчихаад ч талцсан. Өмнөхөө тараачихаад өөрийг байгуулахдаа ч, өнөөдрийг хүртэл ч УИХ-д “33, 32”-оороо талцсаар, намын залуус нь “У.Хүрэлсүхийнх” мөн бишээрээ талцсан хэвээрээ.

Зам тээврийн хөгжлийн яамны тухайд нэг онцлогтой. Тэр нь хэдийгээр МАН-ын Засгийн газар боловч яг энэ салбарын тухайд салбарын сайд нь Ерөнхийлөгчийн таалалд нийцсэн хүн “таарсаар” ирсэн. Өмнөх сайд Д.Ганбатын тухайд Х.Баттулга, А.Гансүх нарыг тус салбарын сайд байх үеэс  л “Монголын төмөр зам” ТӨХК-ийг хамтдаа байгуулалцаж, шинэ төмөр замын төслийн талаар ч, геполитикийн талаар ч үзэл бодол нэгтэй байсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Ерөнхий сайд өөрөө ч Ерөнхийлөгчтэй “амь нэгтэй”, түүний Засгийн газарт ажиллаж буй Зам тээврийн хөгжлийн сайд ч Ерөнхийлөгчийн “мөрөөдөж” явснаас хол зөрүүгүй ажлаа гүйцэтгэж яваа гэж яригддаг.

Ямартай ч шинэ төмөр замын төсөл урагшлах нь гэсэн найдвар авчирч байсан, үүний зэрэгцээ улс төрийн тогоо улайстлаа халж “Энэ намар У.Хүрэлсүхийн Засгийн газар тэсч үлдэх үү”, “Удахгүй болох нөхөн сонгуульд У.Хүрэлсүх өрсөлдөх үү”, Эв нэгдэл ярьдаг М.Энхболд, асуудалд булчингийн бяр, хатуу нударгаар хандаж популист лоозон уншдаг У.Хүрэлсүх нарын хэн нь нам дотроо хүчтэй лидерээр үлдэх вэ” гэсэн асуултууд хариултаа олж ядан байтал төрийн яамны хоёр түшмэл нь нэгнээ хөнөөчихлөө.

Нам доторх талцал бүлэглэлээс огт болоогүй, яамны хоёр албан хаагч улс төрийн сэдвээр огт зөрөлдөөгүйг хэн нотлох юм бэ. “Сархад савнаасаа бусдыг” гэдэг шиг хундага тулгах нь нударга зөрөхөд хүрч улмаар хүний алтан аминд хүрлээ. Юун намын нэр хүнд, Засгийн газрын хувь заяа…Наана чинь улс төрийн гажуудал ажлаа хийж явсан залуусын амьдралаар тоглочихлоо. Хэн хариуцлага хүлээх вэ. Монголын төр хэзээ уучлал гуйж сурах вэ. Энэ уучлалыг У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрөө үлгэрлэн үзүүлэхгүйгээр цаашаа нэг алхам ч алхах боломжгүй, гишгэх газаргүй тул “цагийн механизмтай бөмбөг” атгачихлаа.

Ц.Даваа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж