Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дэд бүтцийн ажил өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дэд бүтцийн ажил өрнөж байна

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дэд бүтцийн ажил өрнөж байна

Солонгосын EDCF банкинд хөрөнгө оруулалтын санал тавьжээ​

Нийслэлийн Орон сууцны корпораци (НОСК)-аас гэр хорооллын өрхүүдийг орон сууцаар хангах, суурьшлын бүсийг тэлж, дагуул хотуудыг хөгжүүлэх зорилготой хэд хэдэн том төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр төслүүдийн явцын талаар сонирхлоо.

ТӨСЛҮҮДИЙН ОЛОНХ НЬ САНХҮҮЖИЛТ ДЭЭР ГАЦЖЭЭ

Түрээсийн орон сууц. Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо буюу ханын материалын орчимд баригдах түрээсийн орон сууцны хөтөлбөр 2017 онд эхэлсэн. Одоогоор архитектурын болон бусад зураг төслөө холбогдох байгууллагаар батлуулаад байна. Мөн энд нийслэлийн 2018 оны төслийн хөрөнгөөр гадна инженерийн дэд бүтцийн ажил өрнөж буй. Харин орон сууцны барилгын ажил эхлээгүй, санхүүжилтээ хүлээж байгаа юм. 1006 өрхийн 3796 хүн ам оршин суух боломжтой уг орон сууцны цогцолборын нийт өртөг нь 25 сая ам.доллар. Анх БНХАУ-ын хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж байсан ч одоогоор Солонгосын EDCF банкинд хөрөнгө оруулалтын санал тавьж, тус банкны анхан шатны шалгаруулалтад тэнцээд байгаа аж. Орлогод нийцсэн орон сууц. Нийслэлд борлогдоогүй 7000 айлын орон сууц бий. Хэдийгээр гэр хорооллын 200 мянга гаруй өрх орон сууцад хамрагдах хүсэлтэй ч орлого нь хүрдэггүй. Тиймээс өнөөгийн зах зээлээс хямд үнэтэй, бага талбайтай орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг санаачилсан. Хан-уул дүүргийн 16 дугаар хороо буюу Буянт-ухаа спорт цогцолборын ойролцоох 2.53 га талбайд уг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРТ 25 САЯ АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ

Уг цогцолбор нь бага, дунд орлоготой өрхүүдэд зориулсан хямд үнэтэй бөгөөд 30-50 ам.метр хэмжээтэй 1-2 өрөө байрны сонголттой. Гэхдээ одоогоор зөвхөн зураг төсөл нь бэлэн болсон бөгөөд НОСК-иас хөрөнгө оруулагчдын дунд тендер зарлажээ. Хөрөнгө оруулагч тал барилгын тодорхой хувийг НОСК-д шилжүүлэх нөхцөлтэйгөөр уг тендерийг зарласан бөгөөд материал хүлээн авах хугацаа нь энэ сарын 23-нд дуусах юм байна. “Цайз хотхон”. Иргэдийн оролцоотойгоор орон сууц босгох “Цайз хотхон” төсөл амжилттай хэрэгжиж байна. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз худалдааны төвийн орчимд аль хэдийн суурьшлын бүс үүссэн. Тиймээс компаниуд 9.2 га газарт иргэдийн газрыг орон сууцаар солих гэрээ хийж эхлээд байна. Орон сууц барихаар төлөвлөж буй хэсгийн иргэдээс санал авахад 96 хувь нь уг төсөлд оролцохоо илэрхийлсэн байна. Тиймээс германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Ариг”, “Эрэл” банк, “Эко хотхон” болон иргэд хамтран таван талт санамж бичиг байгуулжээ. Одоогоор Германы мэргэжилтнүүд зураг төслийг нь гаргаж, эко эрчим хүчний хэмнэлттэй байх талаас нь судалгаа хийж байгаа аж. 2021 онд дуусах “Цайз хотхон” төсөлд одоогоор 192 өрх нэгдсэн. Үүн шиг иргэд компаниудтай гэрээ байгуулан газраа орон сууцаар солих хэд хэдэн төсөл нийслэлд амжилттай хэрэгжээд байгаа билээ.

ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСҮҮДИЙГ ЦОГЦООР НЬ ХӨГЖҮҮЛНЭ

Эдгээрээс гадна НОСК-иас хотын төвөөс 13 км зайд, Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн даваа орчимд шинэ суурьшлын бүс байгуулах зураг, төслийг гаргаад байгаа. Мөн тус дүүргийн 12 дугаар хороо Био-Сонгино орчимд 2370 айлын орон сууц барина. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, авто худалдааны төв орчимд 160 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө баталсан. Мөн тус дүүргийн нэгдүгээр хорооны Баянголын аманд 1296 айлын түрээсийн болон ахмадын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Эдгээр шинэ бүсүүд нь бүгд сургууль, цэцэрлэгтэй байх юм. Харин Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хороо улиастайн аманд аялал жуулчлал, амралтын томоохон цогцолбор бүхий суурьшлын бүс хөгжүүлэхээр төлөвлөөд буй. Гэхдээ эдгээр шинэ суурьшлын бүсийн хөрөнгө оруулалтыг шийдээгүй байгаа тул ашиглалтад орох хугацаа нь тодорхой бус байгаа юм.

ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛЭХ ЖУРМЫГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг орон сууцаар хангах дээрх төслүүдэд иргэд хэрхэн хамрагдах вэ. Одоогоор энэ харилцааг зохицуулсан журам батлагдаагүй байгаа. Өмнө нь нийслэлийн захиргаа, салбарын яам тус тусдаа журмын төсөл боловсруулж байсан бол өнгөрсөн хавар хамтарсан ажлын хэсэг гаргажээ. Түрээслэх, түрээслэх өмчлөх үйл ажиллагаа манайд шинэ харилцаа учраас эхнээс нь сайн журам гаргах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Гэхдээ уг журам нь зөвхөн түрээсийн харилцааг зохицуулахгүй, орлогод нийцсэн орон сууцанд иргэдийг хэрхэн хамруулах журмыг ч үүнд багтаах юм байна. Хэрэв иргэд дээрх хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлтэй байгаа бол НОСК-ийн орон сууцны мэдээллийн сан nosk.ub.gov.mn сайтад бүртгүүлэх боломжтой. Ингэснээр иргэдийн мэдээлэлд үндэслэн орон сууцтай холбоотой дүрэм, журмыг шинэчлэхээс гадна дээрх төслүүдэд хамрагдах эрх нээгдэх юм байна.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж