Төмөр замын төсөл түрүүлж хөдлөх нөхцөл бүрдлээ | News.MN

Төмөр замын төсөл түрүүлж хөдлөх нөхцөл бүрдлээ

Төмөр замын төсөл түрүүлж хөдлөх нөхцөл бүрдлээ

Төмөр замын төсөл түрүүлж хөдлөх нөхцөл бүрдлээ

Хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээгээр босгоно​

“Эрдэнэс Тавантолгой”-н олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах бэлтгэл ажил үргэлжилсээр. Тус компани 180 хоногийн хугацаанд бэлтгэлээ хангаснаар энэ оны эцэс гэхэд IPO хийх товтой байгаа. Нийт хувьцааныхаа 30 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчдад санал болгох бөгөөд ингэснээр дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэх мөнгөтэй болох юм. Тодруулбал, ордын өгөөжийг нэмэгдүүлэх төмөр зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэртэй болсноор “Тавантолгой” төсөл бүхэлдээ эдийн засгийн эргэлтэд орно гэсэн үг. Ордын хувь заяаг шийдэх дагалдах дэд төслүүдэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” зөвхөн цэвэр ашгаасаа дангаар гаргах боломжгүй. Тиймээс хөрөнгө оруулагчдад хандахаар зэхэж байгаа нь энэ. Төмөр зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр “Тавантолгой” төслийн өнөөгийн үнэ цэнийг хэд дахин өсгөх тул цогцоор нь авч үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр төсөл нэг дор хамт байснаар төслийн эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр байх юм. Засгийн газар “Тавантолгой”-г хөдөлгөх эрхээ УИХ-аас авчихсан болохоор замын турш улс төрийн саад үгүй. Харин хөрөнгө босгох ярвигтай ажил тэдний өмнө тулж ирээд байна. 180 хоногийн тоолуур гүйгээд эхэлчихсэн.

Гэхдээ найман жилийн турш ярьж, улстөржсөн энэ төсөл төмөр замаас болоод хэдэнтээ унаж, буцаж байсан удаатай. Тэгвэл Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлэхээр болсноо өчигдөр мэдэгдлээ. Үүний хүрээнд “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэж, энэ чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар тус компанид олгоно гэдгээ зарлалаа. Үүнээс гадна төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулан санхүүжүүлэх эрхийг “Эрдэнэс Тавантолгой”-н төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Энэ нь ирээдүйн орлогоо урьдчилж аваад төслөө мөнгөжүүлэх санаачилга. Төмөр замын төсөл урагшлах хэрээр хүлээгдэж байгаа IPO амжилттай болох магадлал улам нэмэгдэнэ гэдгийг салбарынхан хэлж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд хамгийн багадаа 30 гаруй сая хүртэл тонн нүүрс экспортод гаргах боломжтойг салбарын сайд онцолсон. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ төмөр замаар тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурна. Тодруулбал, автозамын тээврээс дөрөв дахин бага зардлаар хөрш орнууд болон гуравдагч зах зээлд хүргэх нөхцөл бүрдэх юм.

  • Компанийн өгч буй мэдээллээр, 2020 он гэхэд уурхай түшиглэн таван сая тонн хүртэлх хэмжээний нүүрс баяжуулах үйлдвэр барих юм.

  • Тавантолгой ордын нүүрсний давхарга дахь метан хийн нөөц 51 тэрбум метр куб гэсэн урьдчилсан тооцоо бий.

  • Засгийн газрын ээлжит хурлаас гарсан шийдвэр дахиад хүлээлт үүсгэлээ. Энэ нь “Тавантолгой төмөр зам” компанийн 49 хувийг хэн эзэмших вэ гэсэн асуулт хариулт нэхнэ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд өмнө нь 278 сая ам.доллар зарцуулсан ч санхүүжилт байхгүйн улмаас 2015 оноос хойш ажил нь зогсоод байсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд төмөр замд 200 орчим сая ам.долларын хөрөнгө оруулах боломжтой аж. Уг төслийг барьж дуусгахад 790 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үүний 49 хувийг босгоход Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдад хандахаар болж байна. Өрийн “хавхнаас” мултарч, 2017 оноос үйл ажиллагаа нь эрс сэргэсэн “Эрдэнэс Тавантолгой” зарим төслөө өөрсдөө санхүүжүүлэх боломж бүрдэж байгааг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцолсон. Гэхдээ төмөр замын төслөө дангаараа санхүүжүүлэх тамир тэнхээ тус компанид одоогоор суугаагүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн үзүүлэлт энэ он гарсаар сайжирч эхэлсэн гэдгийг өмнө нь манай сонин мэдээлж байсан.

Тодруулбал, энэ оны эхний хагаст тус компани улсын төсөвт 216.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүчээ төслүүдийн магнайд нь байх учиртай “Тавантолгой” Засгийн газрын түвшинд урагшилж байна. Энэ төсөл С.Баяраас эхлээд зургаан Ерөнхий сайд, таван салбарын сайдын нүүр үзээд буй. Төслийн хоёр дахь дэд төсөл нь нүүрс баяжуулах үйлдвэр. Компанийн өгч мэдээллээр, 2020 он гэхэд уурхай түшиглэн таван сая тонн хүртэлх хэмжээний нүүрс баяжуулах үйлдвэр барих юм. Уг төсөлд шаардлагатай хөрөнгийг төлөвлөж буй IPO хийснээр олох юм. “Тавантолгой” төслийг дагаад өмнийн говийн бүс нутагт цахилгаан эрчим хүчний шинэ хэрэглээ үүсэхээр байгаа. Үүнийг хангах үүднээс “Тавантолгойн цахилгаан станц” төслийг барихаар таван жилийн өмнөөс шийдсэн ч уг төсөл цааш үргэлжлэх, эсэх нь тодорхой бус байна.

Нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай уг төслийн гол худалдан авагч нь “Оюутолгой” байхаар тооцсон байсан. “Эрдэнэс Тавантолгой”-д хамааралтай өөр нэг төсөл нь “Нүүрсний давхаргын метан хий” ашиглах төсөл. Тавантолгой ордын нүүрсний давхарга дахь метан хийн нөөц 51 тэрбум метр куб гэсэн урьдчилсан тооцоо бий. Уг төслийн судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд туршилтын үйлдвэр гурван жилийн өмнө тавантолгойн ордод байгуулсан. Метан хий нь эрчим хүчний цэвэр эх үүсвэр. Түүний дулаан гаргах чадвар нүүрснийхээс 2.5 дахин, шатахуунаас 1.5 дахин өндөр. “Эрдэнэс Тавантолгой” хүчин чадлаа нэмэгдүүлж, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэхэд нийт 7.4 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүний гуравны нэгийг IPO хийж босгохоор төлөвлөж байна. Засгийн газрын ээлжит хурлаас гарсан шийдвэр дахиад хүлээлт үүсгэлээ. Энэ нь “Тавантолгой төмөр зам” компанийн 49 хувийг хэн эзэмших вэ гэсэн асуулт хариулт нэхнэ. Уг төмөр зам дээр өмнөд хөршийн Shenhu групп орж ирэх үү, эсвэл өөр хувилбарын эрэлд Засгийн газар гарах хэрэгтэй болж байна. Ямартай ч “Тавантолгой”-н дэд төслүүдээс төмөр зам түрүүлж хөдлөх нөхцөл бүрдлээ.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-10 66.181.189.125

21 ZUUNII BOOLCHLOL BOL OYUNII HOOSROLOOR BOOLCHLOH

Зочин 2018-08-10 66.181.189.125

HAYGDAL BOLOVSRUULAH UILDVER DELHII EEJIIG AVARNA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж