Аваргуудын лигийн шөвгийн наймд “Барса” “Арсенал”-тай учраа таарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигийн шөвгийн наймд “Барса” “Арсенал”-тай учраа таарлаа

Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн 55 дахь удаагийн улирлын тоглолтууд өндөрлөх шатандаа ороод байгаа билээ. Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаа гарсан бөгөөд аваргаа хамгаалан тоглож буй “Барселона” шөвгийн дөрвийн эрхийн төлөө Английн “Арсенал” клубтэй тоглохоор учраа таарлаа. Тэд өмнө нь 2006 оны финалд учраа таарч байсан ба тэр үед испаничууд 2:1-ээр хожиж байжээ. Тухайн үед франц довтлогч Тьерри Анри “Мэргэн буучид”-ын бүрэлдэхүүнд байсан боловч удалгүй “Барса”-г зорьсон билээ. Гэхдээ тэрбээр “Арсенал”-ын бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Сэр Алексийн “Манчестер Юнайтед” 1999 оны Аваргуудын лигийн финалд буулган авч байсан “Баейрн Мюнхен”-тэй таарсан бол Жозе Моуриньогийн “Интер Милан” анх удаагаа Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдсэн ОХУ-ын “ЦСКА Москва”-тай сугалаа таараад байна. Германы “Баейрн” хамгийн сүүлд 2001 онд Аваргуудын лигт торгон жолоо өргөсөн бөгөөд тэд Голланд мэргэжилтэн Луи ван Гаалын удирдлага дор энэ улирлын хэсгийн тоглолтод Сери А-гийн тэргүүлэгчдийн нэг “Ювентус”-ыг бут ниргэж, хүчтэй байгаагаа харуулсан билээ. Харин “Интер”-ийн хувьд шөвгийн 16-д “Челси”-г мулталсан бөгөөд анх удаагаа шөвгийн наймд шалгарсан “ЦСКА Москва” клубыг төвөггүй буулгаж авна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Аваргуудын лигийн наймны нэг шигшээгийн сүүлийн учраа бол “Бордо” болон “Лион”. Ингэснээр ямартай ч шөвгийн наймд Францын нэг төлөөлөгч үлдэх нь тодорхой болж байна. Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд энэ сарын 30, 31-нд, харин хариу тоглолтууд дөрөвдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд болно.
Өнгөрсөн шөнө Швейцарийн Ньон хотноо Аваргуудын лигээс гадна Европын хөлбөмбөгийн холбооны Европын лигийн шөвгийн найман багийн оноолт мөн гарсан юм. Сугалаа ёсоор Английн “Ливерпуль” Португалийн “Бенфика”-тай, харин Испанийн “Атлетико Мадрид” болон “Валенсия” нар хоорондоо өрсөлдөхөөр болжээ. Түүнчлэн “Ювентус”-ыг буулган авч, шуугиан дэгдээсэн Лондонгийн “Фулхэм” Германы “Вольфсбург” сугалаа таарсан бол “Гамбург” Бельгийн “Стандарт Льёж” клубтэй таарсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж