УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2018.08.10/ Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн удирдлага, эцэг эхийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Баянзүрх дүүрэгт нэн түрүүнд тулгамдсан нь 126-р сургуулийн асуудал аж. Тус сургуулийн барилга угсралтын ажил өнөөдрийг хүртэл удаашралтай байгаа гэдгийг энэ үеэр уламжлалаа. Мөн тус дүүргийн 53-р сургуулийн тухайд энэ жил Японы буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар өргөтөл барих болжээ. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагч тал гэрээгээ байгуулж барилгын ажил эхлэхэд бэлэн болсон гэнэ. Монголын талаас газрын талбайг бэлдэж өгөх мөн тус газар дахь шугам сүлжээг шилжүүлэх зэрэг ажлууд эхлээд тендер шалгаруулалтын ажлууд нь хийгдээд дууссан гэдгийг хэлж байна.
Мөн 126-р сургуулийн барилга долоон жил царцсан байдалтай байгаа учир барилгын ажлыг явуулахад гишүүний зүгээс туслалцаа үзүүлэхийг хүслээ. 88-р сургууль спортын заалгүй гэдгийг уламжлалаа. Түүнчлэн 40-дүгээр яслийн асуудал Эрүүл мэндийн яам, БСШУСЯ хоёрын дунд хаягдчихсан байдалтай олон жил явлаа гэдгийг тойргийнхоо гишүүнд учирлав. Тус яслийн дээвэр, шаланд нь нуралт үүсчихсэн тул тус барилгыг буулга гэдэг дүгнэлтийг МХЕГ 2010 оноос хойш гурван удаа дүгнэлт гаргасан байдаг өнөө хэр үйл ажиллагаа явуулж байгаа нь цаашид эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ үеэр хэлэхдээ ‘Наадмын дараа намар гэдэг. Жил бүрийн наймдугаар сарын 10-ны үеэр миний бие тойргийнхоо буй сургууль, цэцэрлэгийн удирдлага, эцэг эхийн төлөөллийг хүлээн авч уулздаг уламжлалтай. Одоо бид бэлтгэл ажлаа хангах ёстой. Хүүхдүүд удахгүй цэцэрлэг, сургуульдаа орно. Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээгүйгээс гадна тулгамдсан олон асуудал байгаа. Дутуу баригдсан цэцэрлэг, сургуулиудыг ирэх сараас өмнө гүйцээн барих шаардлагатай байна. Мөн зарим эмнэлгийн барилгын ажлыг яаралтай барьж дуусгах шаардлагатай байгаа. Хэдийгээр би хууль тогтоогч УИХ-ын гишүүн ч гэсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэг бий. Цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй холбоотой хууль эрхзүйн актуудын хэрэгжилт ямар байна вэ, бодит нөхцөлд ажиллаж байгаа багш, эмч нарынхаа зовлон, жаргалыг сонсох шаардлагатай байна. Энэ хүрээнд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.
Баянзүрх дүүрэгт улсын цэцэрлэг ховор. Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн хамрагдалт 70 хувь руу дөхөж байна. Үлдэж буй 30 хувийг хувийн цэцэрлэг, хувийн хэвшилтэй хамтрах байдлаар буюу улсын төсвөөс хувьсах зардал болох 100 мянга гаруй төгрөгийг шилжүүлэх замаар шийднэ. Зарим цэцэрлэгт нэмж гэр цэцэрлэг барьж байгаа гэх мэт асуудлыг шийдэж байна. Миний хариуцаж буй хороодоос 11-р хорооны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 96 хувьтай байна. 12-р хороонд энэ жил шинэ сургууль, эмнэлэг ашиглалтад оруулах гэж байна. Баянзүрх дүүргийн 16-р хороонд шинээр 21-р цэцэрлэгийг 2015 онд бид ашиглалтад оруулсан. Зарим цэцэрлэгийг өргөтгөх шаардлага бий. Олон улсын байгууллагуудтай хамтран санхүүгийн асуудлыг нь шийдсэн’ гэлээ.
Түүнчлэн улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт улсаас хувьсах зардлыг нь шилжүүлэх замаар зохицуулахаар болж байгаа аж.