Б.Ганзориг: “Ажилдаа сэтгэл гаргах” гэдэг үгийг хэлэх дуртай

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Б.Ганзориг: “Ажилдаа сэтгэл гаргах” гэдэг үгийг хэлэх дуртай

Б.Ганзориг: “Ажилдаа сэтгэл гаргах” гэдэг үгийг хэлэх дуртай

Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн хүрээнд бэлтгэв.

Төв аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзоригийг ‘Цагдаа’ эмхтгэлийнхээ ‘Харих болоогүй аав’ буландаа урьж ярилцлаа.


-Та “Цагдаагийн хурандаа” цолоор шагнагдсан энэ торгон мөчид Монголын цагдаагийн байгууллагаас ажил амьдралын гараагаа эхлэх болсон сайхан дурсамжаа хуучилна уу?

-Аав минь хуучнаар ЗХУ-ын Дотоод Явдлын Яамны сургууль төгсөөд Дорноговь аймгийн цагдан сэргийлэх ангид эрүүгийн ахлах төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байхад би төрсөн юм. Би цагдаа аавын хүү болж төрсөн цагаас эхлэн цагдаагийн амьдрал дунд өсөн өдий зэрэгтэй ажиллаж амьдарч байна. 1993 онд Иргэний агаарын тээврийн цагдаагийн тасагт цагдаагаар томилогдон ажлын гараагаа эхэлж, олон ажил албыг хашиж байгаад өнөөдөртэй золголоо.

-Цагдаагийн байгууллагад ямар ямар ажил алба эрхэлж байв. Аль албанд илүү олон жил ажилласан бэ?

-1993-1995 онд Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст цагдаа, 1997-2007 онд Төв аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, 2007-2009 онд мөн газарт Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга, 2009-2010 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгч, 2010 онд Эрүүгийн цагдаагийн газрын Тамгын хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгч гээд хэзээ хаана томилно тэр бүхэнд л тушаал биелүүлэн ажиллаж байсан. 2010-2012 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, удалгүй Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт ахлах мэргэжилтэн, 2014-2016 онд Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн даргын албыг хашиж байгаад 2016 оны 9 дүгээр сараас Төв аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогдсон. Цагдаагийн байгууллагад тасралтгүй 25 дахь жил ажиллаж байна. Үүнээс Эрүүгийн цагдаагийн албанд хамгийн удаан буюу 16 жил ажилласан байдаг юм.

-Эрүү, Мөрдөнгийн алба бол Цагдаагийн байгууллагын зүрх, тархи гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Эрүүгийн албаны ажлын онцлогийн талаар ярина уу.

-Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байсан хэн боловч албаараа бахархахгүй байхын аргагүй. Монголын Цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүний дийлэнх нь Эрүүгийн цагдаагийн албаар дамжин, боловсорсон байдаг. Гэмт этгээд гэмт хэргийг нууц далд аргаар их л ур ухаан гаргаж, сэтгэж үйлддэг учир, эрүүгийн мөрдөгч хүн хулгайчаасаа илүү бодож сэтгэдэг байх ёстой. Гүйцэтгэх ажил гэдэг нь ердөөсөө л хүнтэй харилцах урлаг, хүнээс мэдээлэл олж чаддаг чадвар юм. Гол нь мэдээлэл олж авсан эх сурвалжаа л нууцлах нь чухал юм болов уу. Энэ онд Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдаад 84 жилийн ойтойгоо золгосон.“Эрүүгийн цагдаагийн албаны үйлс нь ариун, мөр нь цагаан байг” гэж сайхан үг байдаг шүү дээ.

-Төв аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Аймгийн гэмт хэргийн нөхцөл байдал, эрүү, хэв журмын нөхцөл байдал ямар байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Манай аймаг гэмт хэргийн гаралтаараа бусад аймагтай харьцуулахад өндөр байдаг. 2018 оны эхний хагас жилд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс 1650 гомдол мэдээлэл ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй 554, захиргааны зөрчлийн шинжтэй 1018 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн. 147 холбогдогчтой 335 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 56 хэргээр буюу 14,3 хувиар буурсан. Гэмт хэргийн илрүүлэлт 40,2 хувьтай, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 966,300,000 төгрөгийн хохирол учирч, 483,150,000 төгрөгийн хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлт 50,0 хувьтай байна.

Төв аймгийн 27 сумыг газар зүйн байрлал, гэмт хэргийн гаралт, хүн амын тоогоор нь дөрвөн бүсэд хувааж, бүс тус бүрийг гэмт хэрэг илрүүлэх чиг үүрэг бүхий хэлтэс, тасгийн дарга нараар ахлуулан ажиллаж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, алба хаагчдын багаар ажиллах хамтын ажиллагааг сайжруулсан үр дүнтэй ажил болсон гэж бодож байна. Энэ онд хил залгаа Улаанбаатар хотын 7 дүүрэг, 6 аймагтайгаа хамтран “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагаа” бүс нутгийн зөвлөгөөн, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь”, “Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлье”, “Хамтарсан багийг чадавхжуулах нь” зэрэг сургалт, зөвлөгөөнүүдийг зохион байгууллаа.

Иргэдийн амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр энэ онд Зуунмод сумын 45 цэгт 60 камер байрлуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Холбоо мэдээллийн төвөөс эхний шатны судалгааны ажлыг хийсэн. Мөн Зуунмод, Лүн, Баянчандмань, Эрдэнэ, Баян сумд болон Дундговь чиглэлийн авто зам дагуу дугаар, зөрчил илрүүлэгч бүхий сүлжээнд холбогдсон хяналтын телекамер байршуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангасан.

-Цагдаагийн байгууллагад удирдах албан тушаал хашина гэдэг амаргүй ажил. Энэ том бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулахад ямар арга барилаар алба хаагч нартайгаа хамтран ажилладаг вэ?

-Мэдээж ам бүл ихтэй том газар, олон аавын охид, хөвгүүд ажилладаг. Бид бүгд хамтдаа гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх гэсэн нэг л зорилгын төлөө явж байгаа шүү дээ. Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид ачаалал даагаад, ажлаа хийгээд сурчихсан, тиймдээ ч энэ газраас олон ч удирдах ажилтан төрөн гарсан байдаг. Хариуцлагатай, ур чадвартай, харилцааны соёлтой алба хаагчид олон байдаг. Тэдгээр алба хаагчдыг удирдан зохион байгуулахдаа өөрөө зөв үлгэр дууриалал үзүүлэн манлайлдаг, зохион байгуулалтын оновчтой шийдвэр гаргаж чаддаг, алба хаагчдад урам өгдөг, ахмадуудаасаа үлгэрлэдэг байхыг хичээдэг.

Манай хамт олон Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхээс гадна их спортлог эвсэг хамт олон.Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооноос 2017 онд зохион явуулсан 17 төрөлт спортын цогцолбор тэмцээнд оролцож, 21 аймгаас тэргүүн байр эзэлж “Шилжин явах цом”, 2018 оны эхний хагас жилийн байдлаар цагдаа дотоодын цэргийн анги байгууллагаас нийлбэр дүнгээр 4 дүгээр байранд явж байна.

Мөн 2017, 2018 онд Цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан “Хэсгийн байцаагч-2017” тэмцээн, “Төвийн бүсийн аймгуудын гүйцэтгэх ажилтнуудын нэгдсэн сургалт”, “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын 2018 оны аварга шалгаруулах чөлөөт бөхийн аварга шалгаруулах” тэмцээн, Төв аймаг дахь цагдаагийн газрын нэрэмжит “Police cup” хүчний гурван төрөлт аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг тус тус Төв аймгийн Зуунмод суманд амжилттай зохион байгуулсан. Сүүлийн үед цагдаагийн алба хаагч ажлаа хийж яваад бусдад гүтгэгдэх, алба хаагчид шантрах байдал ихсэх хандлагатай байна. Үүнд Цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнээс хуулийн хүрээнд, алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалахад анхаарч, сахилга ёс зүйн зөрчил гаргахгүй байхад хамтран ажиллаж байгаа.

Төв аймаг дахь цагдаагийн газар нь амжилт бүтээлээр дүүрэн, өнгө зүстэй яваа нь одоо ажиллаж буй нийт алба хаагчид, тус газрыг удирдаж байсан үе үеийн дарга нар, ахмад ажилтнуудын маань хөдөлмөрийн үр шим юм болов уу гэж би боддог.

-Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг хэрхэн зохион байгуулсан бэ?

-Тус аймгийн Цагдаагийн газар нь 208 алба хаагчийн орон тоотой, үүнээс 53.8 хувь нь суманд гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг. Алба хаагчид өөрсдөө л ажлаа сэтгэл гарган хийж чадвал, ажиллаж амьдрах орчин нөхцөл, бололцоогоор Цагдаагийн ерөнхий газар, Цагдаагийн газраас хангасан. Тухайлбал сум болгонд цагдаагийн кабон байна, Цагдаагийн газрын дарга, Сумын засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарын гурвалсан гэрээг жил бүр байгуулж суманд ажиллаж байгаа алба хаагчийг сумаас дэмжиж газар эзэмшүүлэх, малжуулах, гэр бүлийн хүнийг нь ажлын байраар хангах зэрэг олон заалтуудыг тусгаж жил бүр дүгнэж хэвшсэн.

2018 оны эхний 6 сарын байдлаар аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран 6 сумын хэсгийн төлөөлөгч, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийг туулах чадвар сайтай тээврийн хэрэгслээр хангасан ба цаашид үе шаттайгаар бүх сумдыг тээврийн хэрэгслээр хангахад анхааран ажиллаж байна.

Тус газрыг удирдаж байсан үе үеийн дарга нараас санаачлан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төв аймгийн Засаг даргын болон Сэргэлэн сумын тамгын газартай хамтран цагдаагийн газрын 310 алба хаагчийг үе шаттайгаар Сэргэлэн сумын Бяцхан хөндлөн гэх газарт эзэмшлийн газартай болгож, 25 алба хаагчид 07 га газар өмчлүүлэн, уг газар дээр 2010 онд Төрийн орон сууц, санхүүжилтийн корпорацийн хөрөнгө оруулалтаар хауснууд барьж, алба хаагчдыг урт хугацааны, хөнгөлөлттэй зээлд хамруулан “Хуульчдын хотхон” хэмээх хорооллыг бий болгосон. Мөн Зуунмод сумын 1 дүгээр багт цагдаагийн газрын эзэмшлийн хашаанд 30 айлын, 5 давхар орон сууцыг 2014 онд барьж ашиглалтад оруулсан ба 2017 онд Зуунмод сумын Манзушир өргөө 1000 айлын орон сууцанд 6 алба хаагчийг орон сууцны 8 хувийн хүүтэй зээлд хамруулсан.

Энэ онд Төв аймаг дахь цагдаагийн газрын 75 жилийн ой тохиож байна. Манай хамт олон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ байгууллагаа сурталчлах, бүтээлч ажлаар ойгоо угтаж байна.

-Сэтгүүлийнхээ энэ буланд бид олон завгүй аавуудын тухай сурвалжилж хүргэдэг. Гэр бүлдээ хэрхэн цаг зав гаргадаг вэ?

-Би өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Ерөнхий боловсролын сургуульд 3 хүүхэд маань суралцдаг. Эхнэр Н.Дарьсүрэн маань биднийг халамж хайраар дутаадаггүй, биеэ даасан, гэрийн сайн эзэгтэй бий. Одоохондоо гэртээ бага хүүхдээ харж байна. Цагдаагийн алба цаг наргүй ажил хэдий ч бид гэр бүлдээ цаг зав зарцуулах ёстой. Хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, халамж хайраар дутаахгүй өсгөх нь бидний үүрэг юм даа.

-Таны хэлэх дуртай үг.

Ажилдаа сэтгэл гаргаж ажиллах.

-Хэрвээ та цагдаагийн алба хаагч болоогүй бол ямар мэргэжлийг сонгох байсан бэ.

-Аав минь насаараа Цагдаагийн байгууллагад ажилласан. Би багаасаа цагдаагийн амьдралыг мэдэрч өссөн. Цагдаагаас өөр ажил хийнэ гэж ер нь бодож үзээгүй юм байна.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

-Та бүхэнд баярлалаа. Монголын Цагдаагийн байгууллагын нийт алба хаагчид, бидний түшиг болсон гэр бүлийн гишүүд, үеийн үед ажиллаж байсан ахмадууд, удирдлагууд та бүхэндээ Төв аймаг дахь цагдаагийн газрын хамт олны нэрийн өмнөөс ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Эх сурвалж: “Цагдаа” эмхтгэл 2018 он. №02 /132/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж