Хоёр Солонгос наймдугаар сарын 13-нд дээд түвшний хэлэлцээ дахин хийхээр тохиролцжээ. Энэ удаагийн хэлэлцээний зорилго нь хоёр улсын төрийн тэргүүний дээд хэмжээний шинэ уулзалтын бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцэх юм байна. Хоёр Солонгосын төлөөлөгчдийн дээд түвшний хэлэлцээ Панмүнжомд болох бөгөөд Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг Нэгдлийн сайд Чо Мён Гён тэргүүлэх ажээ.
Мөн Хоёр Солонгосын тээврийн төлөөлөгчид эдгээр өдрүүдэд авто замыг нэгтгэх тухай хэлэлцээг Пхажу хотод эхлүүлсэн. Ингэснээр Пеньянаас Сөүл рүү машинаар явахад саадгүй болох юм байна.
ХОЙД СОЛОНГОСЫН УУР АМЬСГАЛ
Солонгосын хойгийн асуудал хурцдаж, улмаар Хойд Солонгос дайсагнасан мэдэгдэл хийж, цөмийн пуужингийн туршилт хийж байсан цаг саяхан. Гэвч, хэдхэн сарын дотор залуу Кимын гадаад бодлого эрс өөрчлөгдөж, Хойд Солонгосын удирдагч Хятадын дарга, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн болон АНУ-ын ерөнхийлөгчтэй анх удаагаа түүхэн дээд хэмжээний уулзалтууд хийсэн юм.
Энэ цаг мөчөөс хойш Хойд Солонгост уур амьсгал өөрчлөгдөж байгаа тухай жуулчид BBC болон Ройтерс агентлагийн сэтгүүлчдэд ярьжээ.
Өмнө нь Хойд Солонгосын нийслэл болон бусад хотуудад АНУ-ыг бүдүүлэг, импералист түрэмгийлэгч хэмээн зарлан тунхаглаж, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудтай нийлж Хойд Солонгосыг устгахыг хүсч байна гэх агуулга бүхий зураг хуудас тарааж, суртал ухуулга хийдэг байв. Гэхдээ сүүлийн үед тэрхүү зурагт хуудас алга болж, Хоёр Солонгосын эв нэгдлийг бэлгэдсэн, эдийн засгийн үсрэнгүй хөгжиж байгааг харуулсан зурагт хуудас тараах нь ажиглагдах болжээ.
Мөн Засгийн газрын хатуу хяналт дор байдаг хэвлэл мэдээллийн агентлагуудын түгээж буй мэдээлэл нь хүртэл өөр өнгө аястай болсон байна. Ихэнх хойдууд хараат бус хэвлэл мэдээллийн агентлаг руу нэвтрэх эрхгүй байдаг. Иймээс тэдний ертөнцийг үзэх үзэл тодорхой хэмжээнд Төрийн хэвлэл мэдээллийн агентлагаас хараат байдаг. Тэдгээр агентлагууд нь АНУ бол гол дайсан, түрэмгийлэгч гэх ойлголтыг түгээдэг байсан билээ. Мөн удирдагчдаа итгэх, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлдэг байжээ.
"Олон улсын нөхцөл байдал хурцадмал байх үед хамгийн харгис хатуу суртал ухуулгууд гарч эхэлдэг: Харин намжихад тэр суртал ухуулга алга болчихдог" гэж BBC агентлаг мэдээлжээ.
Ийнхүү Ким Жон Ун өнмө нь дайсан хэмээн зарлаж байсан АНУ болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүнтэй уулзсны дараагаар Хойд Солонгост эерэг өөрчлөлтүүд гарах болсон тухай дэлхийни хэвлэлүүд, гадаадын жуулчид мэдээлэх болжээ.
"Хойд Солонгост зочилсон гаднын жуулчид төрийн суртал ухуулга нь сүүлийн үед мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна. Тэд дайсагнасан бус эерэг, хөгжил дэвшлийг өгүүлсэн зураг хуудас тараах болсон. Өмнө нь Ким Ир Сены талбай болон ойролцоох бүхий л дэлгүүрт АНУ эсрэг зураг хуудас байнга харагдаж байдаг байсан. Харин одоо тэд алга болчихож. Миний мэдэхийн сүүлийн таван жилд ийм үзэгдэл болж байсангүй" гэж Young Pioneer Tours компанийн менежер Ройтерс агентлагт ярьжээ.
Суртал ухуулгын зурагт хуудсын агуулга үндэсээрээ өөрчлөгдөж, Солонгосын сэргэн мандалт, эдийн засгийн хөгжил болон шинжлэх ухааны ололт, амжилтыг өгүүлэх болжээ. Мөн төрийн хэвлэл мэдээллийн агентлаг нь аль болох төвийг сахисан, дэлхий нийтэд АНУ-ын учруулж аюул заналхийлэл бага байгаа мэтээр мэдээллийг түгээж байна.
"Ийм л суртал ухуулга явуулаагүй байсан бол Ким Жон Ун хэлэлцээний ширээний ард суухгүй байсан" гэж судлаачид тайлбарлаж байв. Мөн Хойд Солонгосын мухлаг, дэлгүүрээс тус улсын пуужин АНУ-ыг чиглэн нисч буй зурагтай бэлэг дурсгалын зүйл ч гаднын жуулчдад олдохоо байсан ажээ.
"Гэхдээ Хойд Солонгостой хийх хэлэлцээ дөнгөж эхэлж байна. Ганц хоёр удаа уулзаад асуудал шийдэгдэхгүй. Энэ хэлэлцээ цаашид үргэлжилнэ. Харин хэрхэн төгсөхийг нь мэдэхгүй байна. Таамаглал дэвшүүлэхэд хүнд. Хойд солонгосчууд суртал ухуулгын энэхүү шинэ хэв маягаа удаан хугацаанд барих эсэх нь ч тодорхойгүй байна" гэж судлаачид дүгнэв.