Засгийн газар инфляцийн “галыг бүү өрдөөсэй”

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Засгийн газар инфляцийн “галыг бүү өрдөөсэй”

Засгийн газар инфляцийн “галыг бүү өрдөөсэй”

Эдийн засаг сэргэж байгаа, “эмчлүүлсэн өвчтөн нь сэхээнээс гарсан” гэдэгт итгэмээр л байна. Гэвч иргэн хүнээр бол “зөн совин”, эдийн засгийн хэлээр бол инфляцийн хүлээлт, цаашилбал ОУВС “тайвширч болохгүй” гэдгийг сануулсаар буй. Эрэлтийн хүчин зүйлээс үүдэлтэй инфляци буюу суурь инфляци намар намарт өсөлттэй байдаг.

Улаанбаатар хотын инфляци 2018 оны зургадугаар сарын төлөв байдлаас харахад суурь инфляци 6.8 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны зургадугаар сард энэ үзүүлэлт 4.7 хувьтай байжээ. Суурь инфляци нэг жилийн хугацаанд 2.1 хувиар өснө гэдэг нь “Улсын хэмжээнд 7.2 хувь, Улаанбаатарт 8 хувьтай байна” гэдэг “амархан” тооноос тун өөр асуудал.

Энэ тохиолдолд “донор”, “хандивлагч” нар маш товчхон бөгөөд тойруу замаар “Инфляци нам тогтвортой байгаад тайвширч болохгүй” гэж анхааруулдаг. Өөрөөр хэлбэл “Суурь инфляциас гадна багаа хуулбал хэцүүхэн үр дүн харагдана” гэдгийг сануулдаг. “Багаа хуулна” гэдэг нь Засгийн газраас арга хэмжээ аваад тогтоож байсан өргөн хэрэглээний бараа, үйлчилгээг хасахаар цаана нь бодит байдал ямархан харагдахыг хэлж байгаа юм.  Тэгвэл суурь инфляци гэж юу вэ.

Инфляцийн хүлээлт, эрэлтийн хүчин зүйлийг бүр хялбарчилбал “хэрэглээний үнийн сагснаасаа ямар төрлүүдийг ялгахгүйгээр” инфляциа зөв тооцох, үүнээс үндэслэн зөв арга хэмжээ авч урьдчилан сэргийлэх боломжгүй учраас “суурь инфляци” гэдэг ойлголтод ач холбогдол өгөхөөс аргагүй. Энэ нь инфляцийн хүлээлт, эрэлтийн хүчин зүйлсийг илүү бодитой илэрхийлдэг нийлүүлэлтийн огцом өсөлтийн цочролоос ангид үзүүлэлт юм. Улирлын чанартай үнэ нь огцом өсөж, буурдаг, эсвэл түр зуурын факторуудаас шалтгаалан хэт хэлбэлздэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглээний сагснаас хасч тооцохоор дунд болон урт хугацаанд үнийн өөрчлөлтийг нь бодитойгоор тооцож болдог.

Энэ намрын тухайд л гэхэд шатахууны үнэ хэр өсөх, их, дээд сургуулиудын төлбөр, орон нутгаас оюутнууд ирэхтэй холбоотойгоор мах хямдарч, гар утасны үнэ өсөх үү, найр хуримын цагтай холбогдуулж автомашины үнэ нэмэгдэх үү гэдгийг зөв тооцоолж байж “хямрах уу, эрс хямрах уу” гэдэг хариултаа олно.

Дээр нь Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмэх үү. Жагсаад байгаа багш нар хэр үр дүнд хүрэх вэ. Цалин нэмлээ гэхэд дуулиан дэгдээж “баатрын дүрд” хувирахгүйгээр, цахим шуудангаар мэдэгдээд дансанд нь хийчих үү гэдэг хүртэл инфляцид нөлөөлдөг.

Жишээ нь одоогийн байдлаар инфляци нийслэлд 8 хувь, улсын хэмжээнд  7.2 хувьтай байна. Гэтэл суурь инфляци нь 6.8 хувьтай байгааг “шар”, эсвэл ногоон гэрэл” гэж үзэж байтал хэрэглээний үнийн индексийг тооцдог сагснаас улирлын чанартай хэлбэлздэг гол 29 нэрийн бараа, үйлчилгээг хасахаар инфляци цэврээрээ хэдэн хувийн өсөлттэй байгаа нь “илчлэгдээд” гараад ирж байгаа хэрэг л дээ. Үүнд Засгийн газар алт олборлогчдод дэмжлэг үзүүлж, Төв банк аян өрнүүлснээр алт тушаалт нэмэгдэж, гадаад валютын нөөц арвижиж улмаар ам.долларын ханшийг тогтоож байгаа, зээлдэгчдэд элдэв “өршөөл” үзүүлж байгаа учраас эдийн засаг тэлж байна гэж ухуулга сурталчилгаа хийсэн ч хэрэв суурь инфляци хоёр оронтой тоо руу дөхөөд байвал  “хэнийг ч юугаар ч хуурах аргагүй”.

Хямралын дараах илааршилтын он жилүүд буюу 2011 оны зургадугаар сард, тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт “Хүний хөгжил сан”-ийн мөнгөөр банкны өр дарахад зориулан гаргаж болохгүй” гэж хэлээд УИХ-ын даргад зад загнуулсан. “Засгийн газрын гишүүн УИХ-ын шийдвэрийг ингэж эсэргүүцдэг юм уу” гэж ирээд догширсон Д.Дэмбэрэл дарга тэр үед  10 хувийн алдагдалтай төсөв баталсан парламентын даргын хувиар хариуцлага хүлээх ёстой байсан ч ийм шалтгаанаар ажлаа өгсөн УИХ-ын дарга манайд байхгүй. Энэ тохиолдолд “Ийм алдагдалтай төсөв батлах юм бол би Сангийн сайдаар чинь ажиллаж чадахгүй” гээд ажлаа өгчих зоригтой Сангийн сайд ч “төрөөгүй” байна.

Тэр байтугай хамгийн олон удаа Сангийн сайдаар ажилласан Ч.Улаан ч тэр үед “Нэг хувийн инфляци ч иргэдэд дарамт учруулдаг. Мөнгөний нийлүүлэлт бүхэн сайн зүйл биш” гэхчлэн ярьж суусан билээ. Түүнийг Сангийн сайдаар ажиллах үед инфляци 320 хувьд хүрч, “гипперинфляци” гэгч болоод аюул нүүрлээд байх үеийн төсөвчиний хувьд одоо тэр үеийн онолоор ажиллах зохимжгүй. Наад зах нь бараг өдөр бүр жагсаал цуглаан болж “Цалин нэмж өгөөч. Амьдрал сүйрлээ” хэмээн шаардаж байсан тэр хүнд үеийг бодвол одоо бараг өрх бүр автомашинтай, толгойтой бүхэн гар утастай болчихсон. Үүний зэрэгцээ төсвийн орлого нь ч, зарлага нь ч инфляци өвөртөлдөг болоод удаж байна.

Баялгаа гоё тэгш хуваана. Иргэн бүрт хувьцааны ногдол ашиг өгнө. Цалин нэмнэ. Тэтгэвэр нэмнэ гэсэн хүлээлттэйгээр энэ намрын эдийн засаг халахад хүрвэл сайнаар ч, муугаар ч гол баатар нь Засгийн газар байх болно.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд бас нэг гоё хүлээлт үүсгэсэн. Энэ нь “Оны эцэст улсын төсөв алдагдалгүй гарна гэдэгт итгэж байна” гэдэг дахин давтан сануулмаар үг юм. УИХ-д 65 суудалтай намын даргын хувьд парламентаар ийм төсөв гаргах улс төрийн боломж түүнд бий. Харин эдийн засгийн нөхцөл байдал, дараагийн сонгуульдаа  бэлтгэж эхэлсэн гишүүд, тэр ч байтугай ямар ч эрсдэл золиос гаргасан хамаагүй улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг хүссэн тэр бүлэглэлүүд боломж олгох болов уу. Хэрэв одоогоор мэдээлсэн сэргэж буй зарим үзүүлэлт, хөрөнгө оруулагчдын сониуч харц, ОУВС-гийн үнэлэмж дээр улс төрийн тогтвортой байдлыг нэмчихвэл тун сайнсан.

 Хэдийгээр улстөрчид “үеийн үед” ард түмэнд таалагдахын тул халамжаар хахсан, хэт тэлсэн төсөв баталдаг ч түүний дарамтыг бууруулах гэж Монголбанкныхан нарийвчилсан тооцоо судалгаа, бодлогын арга хэрэгслээ агсан “тэмцдэг”. Яг л сад тавьсан үерийн усыг тогтоох мэт “далан” болж, иргэдэд очих дарамтыг багасгах арга хайж, үүний л төлөө ажилладаг. Гэхээ ашиглах арга барил нь улстөрчдөөс хараат бус байх учиртай. Засгийн газар зардлаа нэмж, мөнгө тарааж, цалин, тэтгэврээр тал засч эхэлбэл Монголбанкны хараат бус зарчим, төв банкны үнэт зүйл алдагдсанаас болж, тодорхой арга хэрэгслээ мэргэжлийн хэмжээнд авч хэрэгжүүлэх гэхээр дарамт шахалттай тулгардаг.

Ямартай ч өндөр инфляцитай орноос бараа, бүтээгдэхүүн импортолж, тэнгэрт хадсан үнэтэй шатахуунаар тээвэрлэж инфляциар хахсан худалдааны оргил үе ирлээ. Дээр нь  цалин, тэтгэвэр нэмэх болон  “Эрдэнэс Тавантолгой”-гоос хувь хүртэх, түүнийгээ бэлэн мөнгө болгох боломж бүхий хүлээлт угтаж буй. Энэ нөхцөлд  “Инфляци нам түвшинд байна. Айх аюулгүй” гэсэн мэдээлэл өгөх нь “аюултай”. Тайвшрахад байтугай “мөрөөдөхөд” эрт байна. Инфляци бол хуурч болох амлалт биш. Иргэний нүдэн дээр болж өрнөж буй амьдралын, дусал хөлс бүрийн үнэ цэнэ учраас шууд мэдрэгддэг. Тэр мэдрэмж эзнээ хуурдаггүй билээ. Одоо Засгийн газраас “Инфляцийн галыг бүү өрдөөсэй” гэж, УИХ-аас “Төсвийг алдагдалгүй батлаасай”, улстөрчдөөс “Улс төрийг тогтвортой байлгаасай” гэж л хүсэх байна. Өөр ямар ч боломж байхгүй. Мөн ямар ч боломжийг “худалдан авах” боломжгүй билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж