Хонконгийн МкДоналдс дэн буудал болжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Хонконгийн МкДоналдс дэн буудал болжээ

Хонконгийн МкДоналдс дэн буудал болжээ

АНУ-ын түргэн хоолны МкДоналдс корпораци нь дэлхийн олон улс оронд салбартай билээ. Тэгвэл Хонконгд 24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг МкДоналдсын салбаруудад хүмүүс шөнийг өнгөрөөдөг болжээ.

2013 онд ердөө 57 хүн хоног төөрүүлсэн бол 2018 онд МкДоналдс түргэн хоолны газарт 334 хүн тогтмол хонодог болохыг JCI Хонконг ашгийн бус хандивын байгууллагаас судалж гаргасан байна.
“МкДүрвэгчид” гэх нэршил түргэн хоолны салбарт хоног төөрүүлдэг хүмүүсийг тодорхойлдог аж.

Судлаачид Хонконг хотод 24 цагаар ажилдаг МкДоналдсын 110 гаруй салбараар явж судалгаа хийсэн байна. Гэвч МкДүрвэгсдийн дийлэнх нь орон гэргүй хүмүүс биш аж. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 70 хувь нь гэртэй, мөн бүтэн цагийн болон цагийн ажил эрхэлдэг болохыг тодруулжээ.

“Тэдэнд орох орон унтах ор байдаг боловч гэртээ харих хүсэлгүй байдаг” гэж энэхүү судалгааг удирдсан Женнифер Хүнг ярьжээ.

МкДүрвэгсэд нийгэмд тулгарч буй өндөр үнэтэй байрны түрээс болон цахилгааны хэрэглээгээ хэмнэхээр хоног төөрүүлдэг аж. Хонконг нь дэлхийд хамгийн өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй оронд багтдаг болохыг Демографиа судалгааны байгууллага 2017 онд гаргажээ. 1997 онд худалдах байрны метр квадрат нь 770 ам. доллар байсан бол одоо цагт даруй 1700 ам.доллараас илүү үнэлэгддэг байна. Мөн нийгмийн дарамт шахалт, хувийн асуудал ч нөлөөлдөг ажээ. Эцэг эхтэйгээ эв түнжин харилцаа муутайгаас болоод гэртээ харих дургүй залуу байдаг бол 55 настай эмэгтэй өөрийг нь зодож хүчирхийлдэг нөхрөөсөө хол байхаар МкДоналдсад хонодог байна. Бүр зарим нэг нь ямар ч асуудалгүй байж МкДоналдсад хоног төөрүүлдэг ажээ. Үр хүүхэдгүй, нөхөр нь өөд болсноос хойш гэртээ ганцаардах болсон настай хөгшин МкДоналдсад шөнийг өнгөрөөх хүмүүстэй ярилцан хонодог байна.

“Одоо цагт бид танихгүй хүмүүстэй ярьдаггүй. Хажуудаа байх хүмүүст огт санаа тавьдаггүй болсон. Бид өөрсдийн энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй” гэж Женнифер Хунг ард иргэдээсээ хүсэмжилжээ.

Эх сурвалж: CNN
Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж