Хятадууд харь гарагийг эрэн сурвалжилна

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Хятадууд харь гарагийг эрэн сурвалжилна

Хятадууд харь гарагийг эрэн сурвалжилна

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас 2018 оны долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 7-ны өдрүүдэд Азийн орнуудын сэтгүүлчдийн айлчлалыг амжилттай зохион байгууллаа. Тус аяллын хүрээнд Азийн 9  улсын 16 сэтгүүлчийг  дөрвөн хотоор аялуулж, улсынхаа түүх соёл, хөгжил дэвшилтэй танилцуулав.  Тус айлчлалын  багт Монгол Улсаа төлөөлөн “Ньюс” агентлагийн сэтгүүлч багтсан юм.

Ингээд сэтгүүлч миний бие та бүхэнд өнө эртний аугаа их соёл, түүхийн өлгий  нутаг, дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг болох Хятад улсад зорчсон аяны богцоо задалъя. БНХАУ-ын хөгжил цэцэглэлттэй танилцахаар замдаа гарсан миний бие Бээжин, Улаанбаатар чиглэлийн  онгоцонд  өнгөрсөн сарын 29-ний өглөө суув. Бээжингийн нисэх буудал ямар том, тохилог, саруул сайхан болохыг энд  хэлээд ч илүү биз. Бээжингийн нисэх буудалд хоногт 1950 онгоц хөөрч бууж, 208.000 зорчигч хүлээн авдаг гэсэн тоон судалгаа бий.

Тус аялал миний амьдралын дахин нэг шинэ хуудсыг нээж, хэзээ ч мартагдахааргүй дурсамж болон тодхон үлдэх аялал болж өнгөрснийг онцлон дурдъя. Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй дэлхийн худалдааны чөлөөт бүс энэхүү хот нь хоёр орныг холбох гүүр болсоор өдийг хүрсэн.  Зам дагаж хөгжил ирнэ гэж юутай үнэн бэ.  Хятад орон, нийслэл Бээжин хотоор явахад ард түмэн нь  туйлын  эртэч, хөдөлмөрч, олон сая хүнтэй хот гэхэд тээврийн хэрэгсэл сэлүүхэн, зам нь сэлүүхэн, замын түгжрэл бараг байдаггүй аж. Хотын төв хамгийн хөдөлгөөнтэй газруудад явган хүний гарц тэр бүр байхгүй, газар доорх гарц, гүүрнүүдтэй юм. Гудамж талбайд дэмий сэлгүүцэж, архи ууж байгаа хүн огт  харагдсангүй. Их хотын хөдөлгөөн эрт эхэлж ахмад настан, эмэгтэйчүүд голдуу явган,  залуус нь дугуйгаар  ажил, сургуульдаа явдаг аж.

Хэдэн зуун жил дамнан өвлөгдсөн Тэнгэрийн сүм 

Азийн орнуудаас ирсэн сэтгүүлчид маань 30-ны өглөө эртлэн босож Бээжингийн шашны томоохон цогцолборуудын нэг Тэнгэрийн сүмийг зорьсон юм. Тус сүмийг  эзэн хаан Юнлэ XV зуунд бариулжээ. Сүм тэр дундаа ‘Арвин ургацын залбирлын танхим’ хэмээх нэртэй голд байрласан дугуй барилга нь эртний Хятадын уламжлалт модон барилга, агуу бэлгэдлийн сод бүтээл юм. Тэнгэрийн сүм гурван үндсэн хэсгээс бүрддэг ба гурван давхар дээвэртэй Сайн ургацын залбирлын танхим 38 м өндөр бөгөөд хамгийн сүрлэг нь юм. Чамин чимэглэлтэй дугуй хэлбэртэй Тэнгэрийн сүр жавхлангийн сүм арай жижиг бөгөөд тод улаан гишгүүрт гүүр хэмээх дээр өргөгдсөн урт шатаар Залбирлын танхимтай холбогддог байна. Түүний хажууханд “Дугуй толгодын тахил” хэмээх гурван түвшин бүхий сийлбэрт гантиг тавцан бий. Тус  барилгын бүх гол барилга дугуй хийцтэй бөгөөд хятадууд дугуй дүрсээр сансрыг бэлгэддэг байна. Ийнхүү энэ барилга нь хэдэн зуун жил дамнан өвлөгдөж 1889 онд аянга бууж түймэр гаран Залбирлын танхим сүйдсэн ч анх байснаар нь дахин сэргээж чадсан гэдэг.

Үдээс хойш бид  Үндэсний  ядуурлыг бууруулах албаны удирдлагуудтай уулзалт хийв.

БНХАУ-ын дугуй түрээсийн бизнес улам бүр хүрээгээ тэлжээ

Дараа нь Ази тивдээ хэдийн байр сууриа олчихсон Хятадын дугуй түрээсийн томоохон операторуудын нэг “Mobike” компанийн  үйл ажиллагаатай танилцав. БНХАУ-ын дугуй түрээсийн бизнес улам бүр хүрээгээ тэлж, Их Британи, АНУ зэрэг дэлхийн олон улс оронд нэвтэрсээр байна. Азийн томоохон хотуудад үйл ажиллагаагаа өргөжүүлсэн Хятадын дугуй түрээсийн операторууд Барууны орнуудын зах зээлд хэдийнээ 200 гаруй улсад  нэвтэрчээ. Mobike-компанийн дугуйг дэлхий дээр өдөр тутам 30 саяас дээш хүн хэрэглэдэг байна.

Ихэнх иргэд дугуй түрээсийн үйлчилгээг автобусны болон метроны буудлаас ажил хүртлээ, ажлаасаа буудал хүртэл гээд алхахад хол, такси барихад ойр газар руу хүрэхэд ашигладаг гэнэ. Шинжээчид Хятадын дугуй түрээсийн компанийн загвар, үйл ажиллагаа нь тус салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг авчирсан гэж үзэж байна. Ухаалаг гар утасны аппликэшний тусламжтайгаар дугуйгаа хаана ч түгжиж, түгжээг нь тайлах боломжтой ба хэрэглэгчид түрээсэлсэн дугуйгаа дурын газраа түгжээд, орхиод явах боломжтой юм. Дугуй түрээсийн үйлчилгээ иргэдэд амар хялбараас гадна хямд тусч байгаа учраас Хятадын хүн амын дунд хувийн унаатай болох эрэлт хэрэгцээ ч буурч  байгаа аж. Өөрийн гэсэн дугуй худалдаж авах нь хямд тусах ч хятадууд дугуй түрээсийн үйлчилгээг илүүд үзэх болж. Учир нь өөрийн хувийн дугуйгаа иргэн хаа нэгтээ хадгалах, эвдэрсэн тохиолдолд засах шаардлага зайлшгүй гардаг.

Дугуй түрээсийн үйлчилгээг авахын тулд иргэн гар утсандаа тусгай аппликэшний суулгаад, цахимаар мөнгөө хийхэд л хангалттай. Дугуйгаа хэрэглэж дууссаны дараа дуртай газраа түгжээд л яваад өгчхөж болно.

Аяллын хоёрдахь өдөр Хятадын “ByteDance” хэвлэл мэдээллийн компаниар зочиллоо.  Тус компани нь өсвөр насны хүүхдүүдийн дунд нэлээд алдартай сошиал медиа аппликэшн болох TikTok-ийг зохион бүтээсэн. TikTok нь дэлхий даяар 500 сая хэрэглэгчтэй болж, энэ чиглэлийн хамгийн том  аппликэшни болж байгаа аж.

Үдээс хойш хятадын нийгэм, шинжлэх ухааны хүрээлэн сэтгүүлзүй олон нийтийн харилцааны сургуулийн судлаачидтай уулзав.

‘Хаврын хот” Гүйжөү

Ингээд аяллын гуравдахь өдөр буюу наймдугаар сарын 1-нд Хятадын баруун өмнөд хэсэгт Бээжингээс 2000 гаруй км-ын алсад орших Гүйяан хотын Гүйжөү муж руу хоёр цаг орчим нисэж ирлээ. Битүү уулсаар хүрээлэгдэж, өтгөн ой модоор бүрхэгдсэн Гүйжөү ганц ч тал газаргүй. Тус хотыг “Хаврын хот” хэмээн нэрлэдэг байна. Мөн дотоодын жуулчид олноороо цуглаж, зарим хотоос өндөр настнууд ирж халууны улирлыг Гүйжөүд өнгөрүүлэх нь ч бий.  Зундаа өдөр бүр шахуу бороо ордог  учир монголын цаг агаартай  ойролцоо юм. Битүү ой бүхий шовх уулнууд дунд өндөр өндөр байшин сүндэрүүлж, хотоо бий болгож чадсан нь энэ нутгийн ард түмний ажилсаг чанарыг бүрэн илтгэнэ. Мөн айл бүр гаднаа мод тарих бөгөөд замын тохижилт нь хүртэл цэцэгс моддоор алаглана. Гүйжөү бол тэр чигтээ ой, тэр чигтээ цэвэр агаар ажээ. Тиймдээ ч Хятад даяараа Хятадын хамгийн шилдэг зуны ресорт гэдгээрээ алдартай. Тус муж нь 600 жилийн эртний түүхтэй аж.  Мөн олон үндэстний өлгий нутаг хэмээдэг. Учир нь 17 үндэсний цөөнх угсаатан амьдардаг гэнэ. Хятадын хамгийн их байгалийн нөөц элбэгтэй мужид хамаарагддаг. Гүйжөү мужид 128 төрлийн эрдэс бодис нээж илрүүлжээ. Мөн 3800 төрлийн зэрлэг ургамал, 1000 гаруй зэрлэг амьтадтай гэдгээрээ нутгийн иргэд нь бахархан ярих дуртай аж. Байгалийн өвөрмөц тогтоцтой дөрвөн уулын дунд оршдог. Цаг агаарын тааламжтай нөхцөлтэй учир аялал жуулчлал хөгжсөн. Гүйжөү муж цай, эмийн ургамлаараа Хятад улсдаа дээгүүрт ордог бөгөөд ойролцоогоор 4000 төрлийн эмийн ургамал ургадаг байна. Гүйжөүд жилд хоёр удаа ургац авна. Тутарга, эрдэнэ шиш, улаан буудай, төмс, тамхи, хөвөн, чихрийн манжин, ялангуяа цайг ихээр тариалдаг юм байна. Одоогоор мужийн хэмжээнд 35.8 сая хүн амьдарч байгаа юм.

Дэлхийн хамгийн том диаметр бүхий бөмбөлөг хэлбэртэй радио дуран “FAST”

Дараагийн өдөр нь бид  ‘Хятадын тэнгэрийн нүд” гэж нэрлэгдсэн 500 метрийн голч бүхий бөмбөлөг хэлбэртэй FAST буюу дэлхийн хамгийн том гэгдэж буй радио телескоптой танилцахаар Гүйжөү мужаас гурван цаг хэртэй автобусаар явж очив.

Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Пин Танд байгуулсан FAST (The Five Hundred Meter Aperture Spherical Telescope) нэртэй уг аварга таваг нь 500 метр өргөн, 30 хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй, таван жилийн хугацаанд байгуулсан бөгөөд өртөг нь 180 сая ам доллар болжээ.

Хятадууд FAST-ын тусламжтайгаар гадаад ертөнцийг тандан судлах, харь гарагийн амьдралыг эрэн сурвалжлах юм. Хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь хүн төрөлхтний сансар огторгуйн соёл иргэншлийг хайн сүвэгчилж байгаа хүчин чадлыг урьд байгаагүй түвшинд хүргэх юм байна. Дэлхийн хамгийн том диаметр бүхий бөмбөлөг хэлбэртэй радио дуран “FAST”  нь Хятад улсын одон орон судлалын салбар дэлхийн тэргүүний тоног төхөөрөмжтэй болсон юм.  Ингэснээр сансар огторгуйгаас шинэ гариг одыг илрүүлж, тэдний үүсэл гарал хувирал зэргийг судлахад өндөр үр дүнтэй юм. Мөн гариг хоорондын чимээ долгионыг хүлээн авч дэлхийн бөмбөрцгөөс гадна буй харь гаригийн хүмүүсийг эрж хайхад энэхүү дуранг ашиглах аж.

Дэлхийн хамгийн том судалгааны “Тэнгэрийн нүд” буюу FAST-ийг бүтээх ажлыг Хятадын Шинжлэх ухааны академи 10 жилийн өмнөөс бэлтгэжээ. Энэхүү дурангийн диаметр нь 500 метр бөгөөд бөмбөгөн хэлбэртэй. Сансар огторгуйгаас ирж буй гэрэл, цахилгаан долгионыг хураан авч, мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий хэмжих багаж юм.Сансар огторгуйгаас ирж буй долгионыг хүлээн авах чадлаараа Германы Bonn дурангаас бараг 10 дахин өндөр хүчин чадалтай аж. “Тэнгэрийн нүд” нь ойрын арваас хорин жилд дэлхийд тэргүүлэх байр сууриа алдахгүй гэж  мэргэжилтнүүд үздэг аж.

Киви жимсний эх орон  Губао
Наймдугаар сарын 3 буюу аяллын тавдахь өдөр  хөдөө аж ахуйн цогц аж үйлдвэрийн парк болох Шиу вэн суманд байрлах Кивиний шинжлэх ухаан, технологийн парк болон Губао тосгонд байрлах кивиний эко тариалангийн баазад зочлов.Тариан талбайгаараа Хятадад гуравдугаарт ордог тус муж киви жимсний эх орон гэдгээрээ ихэд алдартай.  Гүйжөүгийн Шивэнь суурингийнхан эртнээс киви тариалан амьжиргаагаа залгуулдаг байсан гэнэ. Гэвч дөрвөн мү газар дээрээ тариалах киви жимсний болц удаан, ургац бага, хадгалах байр савгүй учраас тариаланчид ургацаа хураангуутаа кивигээ бага үнээр борлуулдаг, амьжиргааны хувьд хүнд ядуу, амьдрах орчин нөхцөл ч хүнд байжээ. Тиймээс олон арван жилийн турш эрхэлж ирсэн тэдний кивиний тариаланг дэмжих зорилгоор тус сууринд киви жимсний үйлдвэрлэлийн паркийг байгуулжээ.

 

Тус парк киви тариалагчдыг нэгтгэн, хоршоолол болгож, томоохон хэмжээний агуулах барьж, ургац тариалахаас эхлээд хураах хүртэл байнга хяналт тавих  хяналтын систем бүхий Big data cистемийг суурилуулжээ.

Ингэснээр жимсний талбайн ойр орчмыг дэлгэцээр хянах түүнчлэн цаг уурын нөхцөл байдал, ургамлын хортон шавж зэрэг бүхнийг хянаснаар киви жимсний ургац хураалт нэмэгдэнэ гэж тооцоолжээ.  Түүнчлэн киви жимсний шинэ брэнд бүтээгдэхүүнийг гаргаж, кивиний ундаа, хатаамал, чанамал зэрэг 20 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн хийдэг талаар бидэнд хуучиллаа. 167 мянга орчим тариалангийн талбайтай.  Kиви жимсний аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд Киви жимсний аж үйлдвэр нь 313 жимсний цэцэрлэг 2,8 сая киви жимсний модтой буюу  тус нутаг дэвсгэрийн 25 хувийг киви жимсний талбай эзэлдэг гэсэн үг. 2020 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 80 хувийг хамарна гэж тооцоолжээ. Киви жимсийг жил бүрийн есдүгээр сард хураадаг байна.

Дараагийн өдөр нь бид Вэнь  Шаньжэү хот руу онгоцоор явж тус хотын Ма Липо сумтай танилцав.  Тус сум нь Хятадын зүүн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд 2357 км2 газар нутагтай. 11 хот суурин газар, 1962 тосгодтой. Нийт 286 мянган хүн амтай бөгөөд Вьетнам улстай хиллэдэг.  Нутгийн иргэд ургамал ногоо тарихаас гадна эмэгтэйчүүд нь үйлэнд тун уран аж. Өөрсдийнхөө хийсэн хувцсаар гоёсон тэд гар сүлжмэлийн хувцас хийж амьдралаа залгуулдаг байна.  

Тус сумаас холгүй цөөнх үндэстний олон суурьшлын бүс байх бөгөөд тэдний аж амьдрал, нөхөрсөг зан хамгийн их таалагдсан юм Тосгодын иргэд ихэд нөхөрсөг зан гаргаж үндэсний хувцас болон үндэсний дуугаа дуулж биднийг угтсан нь ихэд сайхан санагдсан. Ялангуяа тосгодын иргэд байгаа бүхнээрээ дайлж байгаа нь манай монголын малчидтай адилхан мэт сэтгэлд ойр санагдсаныг нуух юун. Тэд жимс ногоо тарьж амьдрал ахуйгаа залгуулах юм. Ма Липо нутгийн орчмын  байгаль нүд алдам үнэхээр үзэсгэлэнтэй. Манан будан татсан уулсын өндөр орой яг л үлгэрийн мэт харагдана.

Бид аяллын сүүлийн өдрөө Пузхэхэй нуураар завиар аялав. Байгалийн үзэсгэлэнг тольдон харж Хятадын уламжлал байдлыг харуулсан нууранд ирсэн юм. Том том далбагар навчит бадамлянхуа цэцэг дэлбээлсэн нь байгальд улам өнгө нэмнэ. Усан дээр дэлбээлдэг үзэсгэлэнт цэцгийн хүрээлэнг харах гэж олон мянган жуулчид ирдэг аж. Амралтын өдөр байсан учир нутгийн иргэд нуурын орчим амрахаар ирсэн байлаа.

 

Жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо  Юньнань

Аяллын сүүлийн өдрөө Юньнань мужийн Засгийн газрын байгууллагатай уулзалт хийв. Тус мужийн төв нь Куньмин. Юньнань мужийн хятадын баруун өмнөд хэсэгт байрлах томоохон муж юм. 47 сая хүн амтай.  Гүйжөүгийн өндөрлөгт оршдог.  Зүүн талаараа Гүйжөү, Гуанши, хойгуураа Сычуань мужтай, баруун хойд талаараа Түвдийн өөртөө засах оронтой зах нийлж, баруун болон өмнө талаараа Мьянмар, Лаос, Вьетнамтай хил залгадаг. Мужийн ихэнх нутаг Юньлин давааны өмнө байдаг тул “Юньлин давааны өмнөд нутаг” гэсэн утгаар Юньнань хэмээн нэрлэжээ. Юньнань 600 гаруй гол мөрөн, 40 гаруй нуур цөөрөм, 700 гаруй халуун рашаан бий. Халуун дулаан завсрын бүсийн чийглэг, урин зөөлөн уур амьсгалтай. Дөрвөн улирлын дулааны зөрүү бага, өвөл хуурай дулаан, зун чийглэг, бороо хур ихтэй. Юньнань олон үндэстний өлгий нутаг билээ. Хятад, и, бай, хани, жуан, дай, мяо, хотон, лагу, ва, наши, яо, түвд, жинпө, бүлан, пүми, нү, ачан, дэ-ан, жинө, шүй, монгол, бү-и, дүлүн зэрэг 51 үндэстнээс 14 нь зөвхөн Юньнань мужид аж төрдөг. Юньнань мужид үндэстний цөөнхийн өөртөө засах жөү буюу аймаг 8, өөртөө засах сянь буюу хошуу 29, өөртөө засах сян буюу сум 197 байна. Юньнань ан амьтан, ургамлын төрөл зүйлээр хамгийн баян муж юм. Тус мужид халуун, дулаан, сэрүүн, хүйтэн бүх бүсийн ургамал ургадгаараа онцлог. Хятадын 30 мянга гаруй төрөл зүйлийн ургамлын талаас илүү нь Юньнань нутагт ургана. Эмийн ургамал 1000 гаруй, үнэрт ургамал 350 гаруй, гоёл чимэглэлийн ургамал 2100 гаруй нэр төрөл бий. Тутарга, буудай, буурцаг, төмс, тамхи, чихрийн нишингэ, цай, газрын самар, хөвөн, олсны ургамал тариална. Тамхины үйлдвэрлэлээр Хятадад гуравт ордог. Үхэр, усны үхэр, адуу, сарлаг олноор үржүүлдэг. 2013 онд мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 триллион ам доллар хүрсэн ба үүнд газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын эзлэх жин 16.2 хувь байв. Тамхи, цай, элсэн чихрийн үйлдвэрлэлд тулгуурласан хөнгөн аж үйлдвэр, нүүрс, цахилгаан, хими, болд төмөр, өнгөт төмөрлөгийн хүнд аж үйлдвэртэй. Юньнань мужийн улс төр, эдийн засаг, соёлын төв Күньмин хот юм. Эртний түүхт Күньмин хот Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азийн олон улсын худалдаа, аялал жуулчлал хөгжсөн зам харилцааны зангилаа хот юм. Жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг аж.

Орон бүрээс ирсэн сэтгүүлчид бид хэдий хэл соёл, шашин шүтлэгээрээ өөр өөр ч гэсэн биднийг нэгтгэсэн гайхамшигт аялал энд хүрээд өндөрлөсөн юм.

Миний бие аяллын зуур  цонхоор өнгөрөх газар нутаг, байгаль, хүмүүсийн аж амьдралыг харах надад их сонирхолтой байсан. Хятад хүмүүс их найрсаг, бас сайхан сэтгэлтэй санагдсан гэдгийг энд онцлон өгүүлье. 21-р зууны хөгжлийн түүчээ болсон Хятад орноор дахин саатах ерөөл тавъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж