Мотоциклийн ослоор жилд 100 гаруй хүн амиа алддаг | News.MN

Мотоциклийн ослоор жилд 100 гаруй хүн амиа алддаг

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Мотоциклийн ослоор жилд 100 гаруй хүн амиа алддаг

Мотоциклийн ослоор жилд 100 гаруй хүн амиа алддаг

Сүүлийн үед  орон нутгийн замд ойр ойрхон авто осол гарч эрдэнэт хүний амь нас эрсэдсээр байна. Хамгийн сүүлд энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашинтай мөргөлдөж, гурван эмэгтэй нас барсан хэрэг гарсан. Орон нутгийн замд гарч буй авто ослын шалтгаан, үр дагаврын талаар Замын  цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Лхагважаргалтай ярилцлаа.


-Орон нутгийн замд олон хүн амь насаа алдлаа. Ослын шалтгаан юунаас болдог бэ?

-Орон нутгийн замд гарч байгаа ослын нийтдээ 75.6 хувь нь шөнийн цагаар,  24.4 хувь нь өдрийн цагт гардаг. Ослын шалтгаануудаас дурдвал орон  нутгийн  замд жолоочид анхаарал болгоомж алдаж байна. Дээрээс нь хэт их ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцохоос гадна хурдаа зөв тохируулж явж чадахгүй байна. Ялангуяа, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа зөв тохируулах ёстой. Мөн орон нутгийн замд том оврын ачааны машин эвдэрч зогссоноос болж, араас нь мөргөж амь насаараа хохирсон хэд хэдэн осол гарсан. Ер нь орон нутгийн замд зам тээврийн осол  5,6,7,8 сард эрс нэмэгддэг.

-Жолооч нар орон нутгийн замд зорчихдоо юуг хамгийн их анхаарах ёстой вэ?

-Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хамгийн эхэнд  тээврийн хэрэгслийнхээ  бүрэн бүтэн байдлыг шалгах ёстой. Хүүхдүүдэд зориулалтын суудал юм уу суудал өндөрсгөгч хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Зориулалтын суудал хэрэглээгүйгээс  болж бага насны хүүхэд зам тээврийн осолд их өртөж байна. 2017 оны байдлаар улсын хэмжээнд орон нутгийн замд 55 хүүхэд  нас барсны 47 нь орон нутгийн замд гэр бүлтэйгээ явж байгаад  амиа алдсан. Ослын үед  хүүхэд  машины цонхоор шидэгдэх, машиндаа даруулах, эсхүл машин дотор шил толио мөргөж тархи толгойгоо гэмтээх зэргээр  хүнд бэртлүүдийг  авдаг. Жолооч хурдаа зөв тохируулаад хамгаалалтын бүсээ зүүгээд  хүүхдэд зориулалтын суудлыг хэрэглүүлээд явахад  аюул багатай.

Хамгаалалтын бүс 100 км цагийн хурднаас дотогш хурдтай явж байгаа үед хүний амь  нас эрүүл мэндийг хамгаалах бүрэн боломжтой гэсэн судалгаа бий. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд орон нутгийн замд 80 км цаг явна гэж заасан байдаг. Зам тээврийн осол хэрэг нь бусад гэмт хэргийг бодвол ялгарах онцлог нь анхаарал  болгоомжгүй санамсаргүй  байдлаар үйлдэгддэг. Тэгэхээр та хэдий дүрмээрээ явж, бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа ч таны  өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нь ядарсан үедээ машин барьснаас үүдэн зам тээврийн осол хэрэг гарах магадлалтай. Иймээс жолоочид замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцвол зам тээврийн жижиг том гэлтгүй ослын үед бүрэн хамгаалагдана. Энэ нь таны болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэхээс сэргийлнэ.

-Сүүлийн жилүүдэд авто ослоос гадна мотоциклийн осол ихээр бүртгэгдэх болсон гэж сонссон?

-Жилд 500 орчим хүн  зам тээврийн ослын улмаас нас барж байгаагийн 100 гаруй  хүн нь мотоциклтой явж байгаад нас барсан байдаг. Ослын улмаас хөл гараа хугалдаг тархиндаа гэмтэл авдаг, нуруу нугасаа хугалаад хэвтэрт орсон хүмүүсийг бүртгэхгүйгээр зөвхөн мотоциклийн ослын улмаас жилд 100 гаруй хүн нас бардаг гэхээр хэцүү тоо байгаа биз. Иргэдийн унаж буй мотоциклууд нь  стандартын шаардлага хангадаггүй, улсын дугаар байдаггүй, жолооны үнэмлэхгүй зэрэг олон зөрчил илэрдэг. Аль ч аймгийн цагдаагийн журмын хашааг шалгахад 300-400 мотоцикл журамлагдсан л байж  байгаа. Иргэд согтуу явж дүрэм зөрчин хэргээ дуустал шийдвэрлэхгүйгээр голоос нь хаячхаад шинээр мотоцикл аваад уначихдаг.

Орон нутагт хөл нь л тоормосондоо хүрдэг л бол хүн бүр мотоцикл унах хандлагатай байдаг.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд гурван хүн шороон зам дээр мотоциклтой явж байгаад  нас барсан осол гарсан. Мотоцикл жолоодогчид  даац хэтрүүлж явдаг. Үүнээс үүдэн том чулуун дээр обуд нь мултраад уначихдаг. Нэг бол давхиж байгаад техникийн эвдрэл гэмтэл гардаг. Манайхан өөрсдөө согтуугаар мотоцикл унан амь насаараа хохирох явдал ч хэрээс хэтэрч байна.

-Техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэлээ. Жолоочид  цаг тухай бүртээ машинаа  техникийн үзлэг шалгалтад  оруулдаггүй гэсэн үг үү?

-Торгуулийн зөрчил болон бусад зөрчлүүдийг шийдвэрлээгүй төлөөгүй тохиолдолд техникийн үзлэг оношилгоонд оруулдаггүй. Тэгэхээр замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргаад арга хэмжээ авхуулсан жолооч оношилгоонд орох гэхээр торгуулиа төлөөгүй учраас л техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог.

-Ер нь орон нутагт гарч байгаа ослуудын шалтгаан нь хурд хэтрүүлснээс болж байна гэж үзэж болох уу?

-Орон нутгийн замд гарч байгаа ослын дийлэнх буюу 80 орчим хувийг хурд хэтрүүлсэн осол эзэлдэг. Хурдтай явснаас болоод замын эвдрэл гэмтэл дээр авто машин онхолдох, авто машинтай мөргөлдөх, бусад бүх зөрчлүүд орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болж үйлдэгддэг.  Орон нутгийн замд хамгийн зөв зорчих арга бол бүгд  хамгаалалтын бүсээ бүслэх. Бүгд хурдны дээд хязгаар 80 км цагийг барих ёстой.  Үүнээс  гадна хэт их ядарсан үедээ авто машин жолоодохгүй аюулгүй байдлаа  хангаад явбал осолд өртөхгүй байх бүрэн боломжтой.

-Тэгвэл Нийслэлд гарч байгаа  зам тээврийн ослын гол шалтгаан нь юу вэ?

-Нийслэлд  замын хөдөлгөөний бусад зөрчлүүд бүртгэгддэг. Тухайлбал, эгнээ байр, гэрэл дохио зөрчих, уулзвар нэвтрэх журам зөрчих гэхчлэн. Энэ байдлаас болж зам тээврийн осол  хэрэг гардаг. Нийслэлд зам тээврийн осол хэргийн тухай дуудлага  хөдөө орон нутагтай харьцуулбал, дунджаар  өдөртөө 300 орчим дуудлага ирдэг. Хэдий тийм болов ч хүний амь нас эрүүл мэндтэй  холбоотой дуудлага бага. Харин орон нутгийн замд зам тээврийн ослын хэрэг цөөн дуудлага ирдэг ч  осол гарсан тохиолдолд маш их хэмжээний эд материалын болон хүний амь нас эрүүл мэндийн хохирол амсдаг. Ийм ялгаатай юм. Жолоочид нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй. Зам тээврийн осол хэрэг бусад хэргийг бодвол  анхаарал болгоомжгүйгээс болж үүсдэг. Тэгэхээр ямар ч  нөхцөлд  анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

-Авто ослоос урьдчилан сэргийлэхийн тал дээр Замын цагдаагийн албанаас ямар ажил хийж байна вэ?

-Замын цагдаагийн албанаас энэ жилийн хувьд “Орон нутгийн зам -Хөдөлгөөний соёл” 2018  улсын хэмжээний аяныг явуулж байна.Энэхүү арга хэмжээнд  замын цагдаагийн алба болон 21 аймгийн замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. 21 аймгийн замын цагдаагийн албаны орон нутгийн хөдөлгөөний хэлтэс,  21 аймгийн гол зангилаа замууд болох арван уулзварыг сонгоод хяналтыг тавиад ажиллаж байна. Зам тээврийн ослыг бууруулах гол шалтгаан нь зөрчил гаргахгүй байх. Хяналт шалгалт сайжирсан   үед осол хэрэг буурах болов уу.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-10 27.123.212.135

Bidaan gamba hyatad motor ill oruulaad zaraad baiga

Avatar

Зочин 2018-08-10 58.108.114.186

Оркууд маань архи ууж ууж л мотоцикл дээрээ гараад л нисээд өгдөг юм шиг байна лээ дээ

Avatar

ээгий 2018-08-10 202.179.24.202

Хятад мотоцикл жилд 100 гаруй хүн алж байхад яагаад зарахыг зөвшөөрөөд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2018-08-10 202.179.27.245

Хотод ч замбараагаа алдсан. Энд тэндээс хуучин, шинэ чанаргүй мотоны хог зөөж зарцгаагаад. Жолооч нар нь мотоцилтой харьцах соёлгүй, харахгүй сүлжилдэх гэж байгаад шахна, мөргөнө, зарим нь санаатай шахна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж