"Ерөнхий сайдтай санал зөрдөг ч ам мурийж үзээгүй"

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

"Ерөнхий сайдтай санал зөрдөг ч ам мурийж үзээгүй"

"Ерөнхий сайдтай санал зөрдөг ч ам мурийж үзээгүй"

 Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж ‘Засгийн газрын бүрэлдэхүүнээс  гарна, Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс юу ч хүлээх хэрэггүй’ гэж ярьсан гэх мэдээлэл өчигдөр зарим мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл дээрх мэдээллийг  Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж эрс няцааж дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр ‘Улс төрийн зорилготойгоор тарааж буй гүтгэлэг, цуурхал бүрийн араас хөөцөлдөх амаргүй байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанд сууж байхад миний талаар худал мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн. Өнөөдөр нэмээд Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс урвалаа гэсэн мэдээлэл мөн гарч, угсарсан арга хэмжээнүүдийг хийж байх шиг байна. Би У.Хүрэлсүхийн Засгийн газарт орсон, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь үнэн. Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнхий сайдтай санал зөрөх зүйл мэдээж гарсан ч ам мурийж үзээгүй.

Өчигдөр зарим хэвлэлээр гарч эхэлсэн “Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ц.Нямдорж гарна гэж хэлжээ” гэсэн мэдээнд намын бага хурлын дараа Их тэнгэрт болсон арга хэмжээний үеэр энэ асуудал яригдсан гэж бичсэн байна. Бага хурлын дараа би зөвхөн Шадар сайд Ө.Энхтүвшинтэй л уулзсан. Тэндээс гараад л тус тусынхаа ажил руу явсан. Ямар ч арга хэмжээнд оролцоогүй. Хэн нэгэн УИХ-ын гишүүдтэй ч уулзаагүй. Их тэнгэрт арга хэмжээ болсон эсэхийг ч мэдэхгүй байна. Тэгэхээр энэ мэдээ бол зохиомол, улс төрийн захиалгатай, саармагжуулах, будилаан хутгах гэсэн явуулга гэж харагдаж байна. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийг урвасан гэсэн мэдээ гарчихаар нь энэ зохиол үргэлжлэлтэй юм байна гэж би ойлгосон. Ер нь бол яс хаях гэдэг зүйл их хэцүү. Ерөнхийлөгч бид хоёрын хооронд яс хаяна, их ч хар муур гүйлгэж байна. Ерөнхий сайд бид хоёрын хооронд ч ялгаагүй. Тэгж амьдардаг, ингэж байж өөрийн зорилгыг биелүүлэх гэж оролддог хүмүүс байна. Үүнийг нь дэвэргэдэг, хөлсөөр материалыг нь гаргадаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч байна.

Засгийн газрын ажил амаргүй нөхцөлд явж байна. Гялтайх зүйл гэвэл, эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр эрс өөр болсон. 2017 онд ч муугүй байсан бол энэ онд түүнээсээ илүү сайн болсон. Энэ талаар Ерөнхий сайд намын бага хурал дээр ярьсан. Үүний хажуугаар болж бүтэхгүй, шийдэх гээд зүтгэх гэхээр замд нь шүүдэг, хянадаг газрууд нь будилуулаад шийдвэр гаргах ажлыг саармагжуулж байгаа бэрхшээлүүд ч олон байна. Энэ бол тусдаа сэдэв. Ямартай ч, энэ жилийн хувьд эдийн засаг сайжирч, сургууль, цэцэрлэгийн асуудал явж, газрын тосны ажил ч эхэлж байна, Гэвч, хийгдэж буй зарим ажлын нь санхүүжилт гаднаас орж ирэх эх үүсвэртэй учраас бидний санасны зоргоор хурдан хийх, эхлүүлэх ажил биш. Цаг хугацааны хувьд бага зэрэг бэрхшээл бий. Гэхдээ төлөвлөсөн ажлууд явж байна’ гэлээ. 

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж