"Осол аваарыг бууруулахын тулд замын хөдөлгөөний дүрмийг шинэчилсэн"

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

"Осол аваарыг бууруулахын тулд замын хөдөлгөөний дүрмийг шинэчилсэн"

"Осол аваарыг бууруулахын тулд замын хөдөлгөөний дүрмийг шинэчилсэн"

Замын хөдөлгөөний  шинэчилсэн дүрмийг ирэх арваннэгдүгээр сарын 1–ний өдрөөс мөрдөхөөр болсон. Шинэчилсэн дүрэмд орсон заалтуудын талаар Замын цагдаагийн албаны техник замын хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхболдоос тодрууллаа. 


-Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулсан гол шалтгаан нь юу вэ?

-1930 оноос хойш Замын хөдөлгөөний дүрэм Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Хамгийн сүүлд 2004 онд замын хөдөлгөөний дүрмийг шинэчилсэн байдаг. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 14  жилийн хугацаанд замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт, өөрчлөлт ороогүй. 2004 оны замын хөдөлгөөний нөхцөл байдлыг одоогийн нөхцөл байдалтай харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай. Мэдээж хүн ам хурдацтай өссөн, хотжих үйл явц ч хүрээгээ тэлсэн.

2004 онд Монгол Улсад 280 мянга орчим тээврийн  хэрэгсэл  бүртгэлтэй байсан бол өнөөдөр 900 мянга болж нэмэгдсэн байна. Үүнийг дагаад зам тээврийн ослын  улмаас жилд 500  орчим хүний амь нас эрсдэж, 2000 орчим хүн гэмтдэг гэх статистик баримт бий. Ослыг таслан зогсоохын тулд Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Дүрэмд зайлшгүй цаг үеийн шинжтэй өөрчлөлтүүд орох шаардлагатай байгаа юм. Замын  хөдөлгөөний үндсэн  дүрэм  бол өөрчлөгдөөгүй. Замын хөдөлгөөний өмнөх дүрэм 23 бүлэгтэй байсан бол энэ удаагийн бүлэг 27 болж илүү системчлэгдэж иргэдэд ойлгомжтой байдлаар зохицуулж өгсөн.

-Замын хөдөлгөөний шинэчилсэн  дүрэмд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орсон гэж сонссон?

-Тийм ээ. Сүүлийн үед хүүхэд зам тээврийн ослоор амь эрсэдсэн осол буурахгүй, өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2017 онд 55 хүүхэд зам тээврийн осол хэргийн улмаас амь насаа алдсаны  46 нь орон нутгийн замд болсон байдаг.  Дийлэнх тохиолдолд хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй, суудлын бүс зүүлгээгүй зэргээс  хүүхдийн амь нас эрсдэж байна. Замын хөдөлгөөний  хуучин дүрэмд гурав хүртэлх  насны хүүхдийг зөвхөн хамгаалалтын суудалтайгаар тээвэрлэж болно, эсхүл эцэг эх нь өвөр дээрээ суулгаад явж болно  гэж заасан. Харин гурван наснаас дээш 12 хүртэлх насны хүүхдийг олон тоогоор тээвэрлэж явахыг хориглосон заалт байдаггүй. Энэ заалт нь эргээд хүүхдийн амь насанд халдаж байна.

Иймээс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд арав хүртэлх насны хүүхдийг зориулалтын  нэмэгдэл суудалгүйгээр тээвэрлэхийг хориглосон. Тэгэхээр арав хүртэлх насны хүүхдийг заавал нэмэгдэл суудал буюу аюулгүй байдал хангасан суудал төхөөрөмжжөөр хангагдсан машинд тээвэрлэх ёстой гэсэн үг.  Эцэг, эхчүүд хүүхдэд зориулалтын суудлаар яах юм гэх байдлаар хайнга ханддаг.

7-8 сая төгрөгөөр авто машин худалдаж авч байж, хүүхэддээ  100 мянган төгрөгөөр зориулалтын суудал авахаас  цааргалаад эргээд хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулж байна. Энэ асуудлыг таслан зогсоох цаг болсон. Мөн арав хүртэлх насны  хүүхдийг машинд харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхийг хориглосон. Одоогийн мөрдөгдөж байгаа дүрэмд мотоциклийн арын суудал дээр 12 хүртэлх насны хүүхдийг тусгай бэхэлгээтэйгээр тээвэрлэхийг  зөвшөөрдөг байсан бол үүнийг бас хориглосон.

-Бусад  нэмэлт өөрчлөлтийн тухайд дурдвал?

 -“Нийтийн тээврийн автобус зогсоолдоо ороод зогсох гэхээр жижиг тэргүүд байрыг нь эзлээд зогсчихдог. Автобус буудлаасаа хол зогсчихоор  зорчигч түүн рүү гүйж яваад машинд шүргүүлсэн гэх гомдол их ирдэг. Шинэчилсэн дүрэмд 06.00-22.00 цагийн хооронд автобусны буудалд хувийн жижиг оврын тэргүүд зогсохыг бүр мөсөн хориглосон. Ингэснээр автобус бүрэн зогсоолдоо орж зогсон, зорчигчоо буулгаж суулгах нөхцөл бүрдэж байгаа. Мөн  түгжрэл саатлыг бууруулахтай холбоотой заалтуудыг оруулж өгсөн.

Явган зорчигч  шөнийн цагаар осолд  өртөх нь их байдаг. Жолооч нар “Урд хүн байсныг хараагүй” гэх тайлбар хэлдэг. Үүний гол  шалтгаан нь өвлийн цагт иргэд ихэвчлэн хар бараан өнгийн хувцас өмсдөгтэй холбоотой. Европын өндөр хөгжилтэй улс оронд хүмүүсийн хувцас нь ихэвчлэн цацруулагч гэрэл ойлгогчтой байдаг. Гэтэл манай иргэдийн өмсөж байгаа хувцаст цацруулагч   байдаггүйгээс болоод осол аваарт их өртдөг. Явган зорчигчиддоо зөвлөмж болгох үүднээс замын хөдөлгөөнд шөнө оройн цагаар оролцохдоо аль болох гэгээлэг шөнийн цагт ялгарч харагдах өнгө материалтай хувцас өмсөх ёстой гэсэн заалыг  нэмэлтээр оруулж  өгсөн.

Хуучин замын хөдөлгөөний дүрэмд  цахилгаан мопидын жолооч хамгаалах малгай өмсөхийг үүрэг болгосон заалт байхгүй байсан бол шинэчилсэн дүрэмд  малгай өмсөж аюулгүй байдлаа хангана.  Сүүлийн үеийн залуучууд   зам хөндлөн гарч байхдаа хөгжим сонсох эсвэл утсаараа оролдох зэргээс үүдэн ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг  харахгүй осол аваарт өртөж байна.

Явган зорчигч зам хөндлөн гарахдаа чихэвчний хөгжим сонсох, гар утсаар ярихыг хориглосон. Ингэснээр аюулгүй байдлыг нь хангаж өгч байгаа юм. 

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг тоймлоод дурдвал ийм байна. 

-Бусад улс орон замын хөдөлгөөний дүрмээ  хэдий хэр хугацаанд шинэчилдэг бол?

-Улс орнууд замын  хөдөлгөөний дүрэмдээ жил болгон нэмэлт өөрчлөлт оруулдаг. ОХУ гэхэд жилдээ 2-3 удаа нэмэлт өөрчлөлт оруулдаг. Замын хөдөлгөөний дүрмийг хэн нэгэн хүн цаасан дээр бичээд зохиодог зүйл биш. Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлтээр оруулсан зүйлүүд олон улсын  замын хөдөлгөөний аюулгүй байдлын гэрлэн дохио тэмдгийн  тухай Венийн конвенцид  үндэслэгдэж явдаг гэдгийг хэлэх нь зүйтэй  байх.  

-Дүрмээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлэх үү?

-Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно.

-Хууль хэрэгжихээс өмнө хүмүүсээ сургах шаардлага үүсэж байгаа юу?

-Дүрэм арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Арваннэгдүгээр сараас өмнө цагдаагийн байгууллага, Хууль зүйн яам хамтраад иргэдийг замын хөдөлгөөний дүрмийн нэмэлт өөрчлөлтүүд шинээр орсон заалт болон таниулах сурталчлах  үйл ажиллагааг хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна.

Мөн цагдаагийн алба хаагч, шүүгч прокурор,  жолооч бэлтгэх сургалтын авто  курсуудэд   шинэ дүрмийг танилцуулах ажлыг үе шаттайгаар хийнэ.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж