Нийслэл хотод нийгэм, эдийн засгийн шийдлээ хүлээж буй олон асуудлууд бий. Нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой асуудлын шийдлийн хүрээнд хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчид 6, 7-р саруудад нийт 7 удаа хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Өнгөрсөн хоёр сарын турш НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг баталж, нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах болон ус хангамжийн аюулгүй байдлыг хангах дэд хөтөлбөрийг баталлаа.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ус хангамжийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх, онцгой байдал, гамшгийн үед хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тодорхой болгох, гадаргын болон газрын доорх усны чанарт хийх шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, түүнд тавих хяналтыг өндөржүүлэх болон Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжуудын ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, Үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын бохир усыг татан зайлуулахад гарах эрсдэлийг бууруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэх юм.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь аюулгүй байдлыг хэрхэн сахиулах талаар хэлэлцэж сар бүрийн 9-ний өдрийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгож үүнийг угтан хүний амь нас, эрүүл мэндэд өдөр бүр эрсдэл учруулж буй зүйлсийг хариуцсан байгууллагууд нь шалгаж, засаж байхыг үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд иргэдийг эрсдэлд учруулж болохуйц нөхцөл байдлыг арилгах тал дээр анхаарч, тодорхой ажлуудыг шат дараатайгаар амжилттай хэрэгжүүлсэн байна.
Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал зэрэг газар зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулан ил задгай худалдаа эрхлэх явдал гарах болсон. Энэхүү хууль бус үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхэнд сөргөөр нөлөөлж болзошгүй учир НИТХ болон Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж уг төсөлд худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Ажлын албанаас 8 сарын 15-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд хэллэцүүлэг өрнүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.
Түүнчлэн 6, 7 сард хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
- “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр”
- “Нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөр”
- “Нийслэлд биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”
- “НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах дэд хөтөлбөр”
- “Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”
- “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармаг руу шилжүүлэх төсөл” зэргийг дурьдаж болно.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ийнхүү нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой асуудлуудыг цаг алдалгүй, баяр наадам, амралтын цаг гэж хойш тавилгүйгээр цаг хугацаанд нь багтаан шийдвэрлэж ажиллажээ.
НИТХ-ын ХМОНХТ