Жирэмслэхээс хамгаалах орчин үеийн арга хэрэгсэл.
Мирена гэж юу вэ?
Умайд тавигддаг эмчилгээний үйлдэлтэй хэрэгсэл.
- Мирена умайн хөндийд суулгагддаг даавар агуулсан хэрэгсэл
- Миренагийн босоо хэсэгт левоноргестрол даавар агуулагддаг
- Даавар нь тусгай мембраны тусламжтай өдөрт тогтмол хэмжээгээр умайн хөндий рүү ялгарч байдаг./5жилийн турш өдөр бүр полидиметилсиликонон мемөранаар хоногт 20мкг даавар ялгардаг.
Үйлчлэх механизм:
Миренагийн жирэмслэхээс хамгаалах үйлдэл нь даавар шууд умайн хөндийрүү ялгарч хэсэг газрын үйлчилгээ үзүүлдгээр илэрдэг.
Левоноргестрел дааврыг шууд умайн хөндий рүү ялгаруулдаг тул хэрэгслийн үйлдэл бараг илэрдэггүй.
Хүсээгүй жирэмсэлхээс хамгаалах гурвалсан үйлчилгээтэй.
Умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс умайд нэвтрэн ороход саад учруулна.
Эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулж үр хөврөл тогтохоос урьдчилан сэргийлнэ.
Эндометрийг нимгэлж өөрчилснөөр үр хөврөл умайд бэхлэгдэх боломжгүй болно.
Үр дүн:
- Жирэмслэхээс найдвартай хамгаална./үр дамжуулах хоолойг боолгосонтой ижил үр дүнтэй/
- Үр дамжуулах хоолойг боох ажилбраас давуу тал нь нөхөн үржихүйн чадвар эргэн хурдан сэргэнэ.
- Жирэмслэхээс 5 жилийн турш найдвартай хамгаална.
Жирэмсэн ээжүүдэд зориулсан зөвлөгөө.
Жирэмсний хяналтанд эрт орсноор:
- Эмч таны жирэмсний ба амаржих амралт авах хугацааг зөв тогтоож өгнө.
- Танд болон нөхөрт чинь жирэмсэн үеийн хооллолт, ажил, амралтын дэглэмийг зохицуулах, төрөлтөд бэлтгэх, хүүхдийг асрах талаар зөвөлгөө өгнө.
- Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж , хэрэв хүндрэл тохиолдвол цаг алдалгүй зохих арга хэмжээг авна.
- Хэвлий дэх ургийн өсөлтийг хянана.
Та ямар шинжилгээ өгөх вэ?
- Анхны үзлэгээр таны биеийн жинг хэмжинэ. Цаашид тогтмол хэмжиж ургийн өсөлтийг тодорхойлох болно. Мөн таны өндрийг хэмжинэ. Ийнхүү таны өндөр болон жинг хэмжин тогтоосны үндсэн дээр төрөлтийн байдалд үнэлгээ өгөх боломжтой.
- Жирэмсний хугацаанд биеийн жин 10кг орчим буюу 7 хоног тутам 300-500гр нэмэгддэг. Харин жирэмсний сүүлчийн 2-3 сард таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй. Жирэмсний үед эмчийн заавраар дараах шинжилгээнүүд болон шаардлагатай тохиолдолд бусад шинжилгээнүүдэд хамрагдах нь таны биед байгаа болон шинээр үүсэж болзошгүй эмгэг өөрчлөлтүүдийг эрт оношлоход тустай. Үүнд:
- RW буюу Тэмбүү илрүүлэх шинжилгээ -3 удаа :[ хяналтанд орох үед ,32 дахь долоо хоногт ,38 дахь долоо хоногт ]
- ХДХВ ДОХ илрүүлэх шинжилгээ -2 удаа :[ хяналтад орох үед , 32 долоо хоногт ]
- Шээсний ерөнхий шинжилгээ :[12 хүртэл удаа ]
- Цусны шинжилгээ :бүлэг тогтоох , биохимийн , ерөнхий шинжилгээ-[4удаа ]
- Коагулограмм –цусны бүлэгнэх чанар тодорхойлох шинжилгээ
- Ургийн халдварын шинжилгээ
- Зүрхний бичлэг
- Чанд авиан шинжилгээ -2-3 удаа [10-14 долоо хоногтойд , 20-24 долоо хоногтойд ,шаардлагатай бол 3 удаа]
- Үтрээний наалдац буюу мазок
- Цээжний рентген зураг буюу флюрографи
- Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх : булчирхай шүүрлийн, дотор, шүдний эмч гэх мэт.
Жирэмсэн үеийн дэглэм
- Сэтгэл санаагаар аль болох тайван байхын тулд гэр бүл бологсод бие биендээ халамжтай байж жирэмслэлтэнд бүх анхаарлаа хамтдаа хандуулаарай. Бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл байвал эрүүл чийрэг хүүхэд төрөх нь дамжиггүй.
- Хэвлийд байгаа хүүхэд эхийнхээ цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүдийн агаар хангалттай байж хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулах нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд таатай нөлөөлнө.
- Хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулахын тулд өдөрт 1-2 минутын хугацаагаар ойр ойрхон 5 удаа амьсгалах дасгал хийж болно. Үүнийг хийхдээ өрөөгөө агааржуулаад сандал дээр суун ойр ойрхон түргэн амьсгална. Энэ нь ялангуяа жирэмсэний сүүлийн хордлогын үед их нөлөөтэй.
- Цэвэр агаарт явган явж зугаалах, 2-4 давхрын шатаар гарах, биеэ чийрэгжүүлэх гимнастик хийх.
- Урагт зориулж дасгал хийхээс гадна жирэмсэн эмэгтэй төрөлтөнд бэлтгэх, төрсний дараа биеийн галбираа хэвийн байлгах зорилгоор хэвлий, аарцаг, хярзан болон таазны хөндийн булчинг бэхжүүлэх дасгал хийнэ.
- Хоолыг ямарч тохиолдолд хэт их идэхгүй байх хэрэгтэй. Хоол нь уураг, бичил тэжээл, амин дэмээр хангалттай баялаг байх нь чухал.
- Дасгал хөдөлгөөнөөр системтэй, хяналттай тогтмол хичээллэвэл жирэмсэний үеийн хордлого, хямрал болох, бөөлжих, дотор муухайрах толгой эргэх зэргээс сэргийлж чадна.
Жирэмсний хугацаанд ямар төрлийн хоол хэрэглэх вэ?
Та аль болох олон нэр төрлийн хүнсийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Үүнд :
Үр тариан бүтээгдэхүүн
Үр тариан бүтээгдэхүүн дэх амин дэм, эслэг нь эрч хүчийг өгөхөөс гадна өтгөн хаталтаас сэргийлнэ.
Хүнсний ногоо, жимс жимсгэнэ
Хүнсний ногоо жимс жимсгэнэ дэхь амин дэм, эрдэс, эслэг зэрэг нь таны бие болон арьсыг эрүүл байхад туслана. Мөн өтгөн хаталтаас сэргийлнэ.
Мах
Мах, тахианы мах, өндөг, вандуй зэрэг нь булчин ба цусны эрүүл байдалд туслана.
Сүү цагаан идээ
Сүү сүүн бүтээгдэхүүн нь таньд болон хүүхдэд хэрэгтэй кальциар баялаг байдаг учраас тослоггүй болон тослог бага сүүг хангалттай уу.
Ус, жимс ногооны шүүс
Эдгээр нь өтгөн хаталтаас сэргийлж таныг болон хүүхдийг тань эрүүл байхад туслана. Өдөрт наад зах нь 8 аяга шингэн уу.
Хоол хүнснээс авах зарим эрдэс бодисуудын тухай…
- Төмөр :жирэмсэн эмэгтэйд биед нь цусны хэмжээ нэмэгдэж буй учраас төмрийг илүү шаардагдана. Төмөр нь эсэд хүчилтөрөгчийг хүргэхэд тусалдаг. Шууд хэрэглэх зарим бүтээгдэхүүнийг төмрөөр баяжуулсан байдаг. Жирэмсэн үедээ хүнсээ сонгохдоо төмрөөр баяжуулсан эсэхийг харж сонгоорой.
- Иод:Ургийн бие, тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцооны хөгжилд нөлөөлнө. Дутагдсан тохиолдолд хүүхэд оюуны хомсдолтой төрөх аюултай. Та хоол хүнсэндээ иоджуулсан давс хэрэглэснээр иод дутлын эмгэгээс сэргийлнэ.
- Фолийн хүчил : нь В төрлийн амин дэмийн нэг бөгөөд хүүхдийг тархи, нуруу нугасны гажгаас сэргийлнэ. Буурцагт болон ногоон навчит хүнсний ногоо, бууцай, лууван, амуу арвай, хивэг, овьёосны ба гурвалжин будаа,хөрөнгө, самар, гадил, амтат жүрж , амтат гуа, чангаанз, хулуу, нанжин чавга, мөөг, үндэст ногооноос гадна үхэр, хонь, гахай тахианы мах, элэг, өндөгний шар, сүү,эхийн болон үнээний бяслаг, зарим төрлийн загас яргай зэрэг нь фолийн хүчлээр баялаг юм.
Ихэнх жирэмсний аминдэм нь фолийн хүчлийн нэг өдрийн 600 мкг тун агуулдаг. Гурил, гоймон, будаа, зэрэг бусад үр тариан бүтээгдэхүүнийг фолийн хүчлээр баяжуулсан байдаг. Бүтээгдэхүүний шошгыг уншиж фолийн хүчлээр баяжуулсан эсэхийг шалгаж аваарай.
Хувийн ариун цэвэр
Хүний арьс нь гадна орчинтой харьцдаг хамгийн гол эрхтэн бөгөөд амьсгалах үйл явцад чухал үүргийг гүйцэтгэнэ. Иймд та боломжтой бол ойр ойрхон усанд орж, харин гадна бэлэг эрхтнээ өдөрт 1 удаа бүлээн усаар угааж, дотуур хувцсаа өдөр бүр сольж , биеийн ариун цэврийг сайтар сахиж байх хэрэгтэй. Та хэвлий дэхь хүүхдээ эрүүл саруул байлгахад тустай дараах хялбар зүйлийг дагаарай.
Үүнд:
- Гараа савандаж угаа. Ялангуяа дараах тохиолдлуудад:
- Бие зассаныхаа дараа
- Гэрийн тэжээвэр амьтанд хүрсний дараа
- Түүхий мах, ногоо, өндөг зэрэгт гараа хүргэсний дараа
- Хоол бэлдэх болон идэхийн өмнө
- Өвчтэй хүмүүсийн хажууд байсан бол
- Гараа шүлс болгосон бол
- Цэцэг ногоо арчлах зэргээр хөрс шороонд хүрсэн бол
- Хүүхэд асрах, хүүхэдтэй тоглохдоо
- Хүүхдийнхээ живх, даавууг солих
- Халбага, сэрээ, хоолоо бага насны хүүхэдтэй холилдуулахгуйг хичээ. Хүүүдүүдтэй хамт байхдаа гараа байнга угаа. Тэдний шүлс болон шээс нь ямар нэгэн вирус агуулж магад. Энэ нь тэдэнд аюулгүй байж болох боловч таньд болон хэвлий дэх хүүхдэд тань аюултай байж болно.
- Махыг сайтар болго.
Шөл нь тунгалаг байх бөгөөд шүүрхий биш байвал зохино. Халааж идэх зориулалттайгаар бэлдсэн боодлын хоол хүнсийг заавал уур гартал нь халааж хэрэглэнэ. Эдгээр хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн нь хортой бичил биетэн агуулсан байж болно.
Жирэмсэн үеийн хүндрэлүүд болон аюултай шинжүүд
Жирэмсэн үеийн хүндрэлүүдээс та өөрөө сэргийлж чадна.Хэрхэн?
- Жирэмсний хяналтанд эрт буюу эхний 3 сарын дотор орж цаашид эмчийн байнгын хяналтанд байх
- Жирэмсэн үеийн ажил, амралт, хоолны дэглэм, тохиолдож болох хүндрэлүүдийн тухай эмчээсээ зөвлөгөө авч мөрдөх
- Цус багадалтаас сэргийлж төмөр фолийн хүчил хэрэглэх
- Өвчилсөн тохиолдолд яаралтай эмчид үзүүлж эмчлүүлэх,
- Архаг хууч өвчин ялангшуяа бөөр, шээсний замын эмгэг байвал цаг тухайд нь тууштай эмчлүүлэх
- Жирэмсний хожуу үеийн хордлоготой бол төрөхөөс 2 долоо хоногийн өмнө эмнэлэгт хэвтэж, эмчийн байнгын хяналтанд байх
- Хэрэв амаржих газраас алслагдсан нутагт амьдардаг бол төрөхөөс 7-14 хоногийн өмнө эхчүүдийн амрах байранд очиж амарч, төрөлтөндөө бэлдэх хэрэгтэй.
Жирэмсэн үеийн аюултай шинжүүд:
Дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу?Үүнд:
- Үтрээнээс цус гарах.
Жирэмсний эхний хагаст буюу 4 сартайгаас өмнө үтрээнээс цус гарах нь үр хөврөл зулбаж байгаа эсвэл умйан гаднах жирэмсэн,жирэмсний сүүлийн хагаст эсвэл төрөлт эхлэхийн өмнө үтрээнээс цус гарвал ихэс цагаас өмнө ховхрох, ихэс түрүүлэлт зэрэг аюултай хүндрэлийн шинж байж болзошгүй.
- Толгой эргэх, ядарч сульдах.
Амархан ядарч сульдах, толгой эргэх, царай цонхийх, арьс цайрах, даарамхай болох, үс унах, хумс хэврэг болох зэрэг шинжүүд цус багадалтын үед илэрнэ.
- Хэвлий, хэвлийн доод хэсгээр базалж өвдөх
Жирэмсний 37 дахь долоо хоногоос өмнө хэвлий, хэвлийн доод хэсгээр базалж, ууц нуруу хөших нь дутуу төрөхөөр завдаж буйн шинж юм.
- Толгой шилэн хүзүүгээр өвдөх, нүд бүрэлзэх, аюулхай орчмоор өвдөх
Жирэмсний сүүлийн хагаст дээрх шинжүүд цусны даралт ихэссэнтэй холбоотой илэрдэг бөгөөд жирэмсний хожуу хордлогын шинж байж болно.
Хэрвээ танд:
- Нүүр гар хөлийн шилбэ хавагнах
- Толгой өвдөх, эргэх
- Аюулхай орчмоор өвдөх
- Нүд бүрэлзэх
- Шидлэн хүзүүгээр хөшиж өвдөх
- Цусны даралт 140/100мм-ээс ихсэх шинжүүд илэрвэл тэр даруйд эмчид үзүүлж яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
- Гар, хөл, нүүр, хэвлийгээр хавагнах, шээс хөөсөрч гарах
Жирэмсний 20 долоо хонготойгоос хойш таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно.Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй.хэрэв жирэмсний сүүлийн хагаст шилбэнээс гадна хөл, нүүр, гар, хэвлийгээр хавагнавал жирэмсний хожуу хордлогын шинж тэмдэг юм. Биеийн жин огцом буюу нэг долоо хоногт 1кг-аас илүү нэмэгдэх нь далд хавагнаж буйн шинж бөгөөд шээс хөөсөрч гарах байдлаар илэрч болно.
- Таталт
Жирэмсний хожуу хордлогын хамгийн хүнд хэлбэр бөгөөд эхийн эндэгдлийн зонхилох шалтгааны нэг мөн. Цусны даралт ихсэх, хавагнах, шээсэнд уураг илрэх шинжүүд өмнө нь илэрнэ.
Таталт өгөх нь жирэмсний 20 долоо хонгтойгоос хойш илрэх нь онц аюултай хүндрэлийн илрэл юм. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол таталтын үед даралт огцом ихсэх, толгой өвдөх, оюун ухаан сарних, нүдний хараа өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрнэ.
Дараах урьтал шинжүүдийн суурийн дээр таталт тохиолдож болно. Үүнд:
- Цусны даралт ихсэх
- Шээсэнд уураг ялгарах
- Хөл,хөлийн шагай, гараар хавагнах, нүүр нүд бөлцийх
- Биеийн жин огцом нэмэгдэх
Сэрэмжлүүлэг:
Жирэмсэн эх таньд дээрх шинж илэрвэл та эмчийн байнгын хяналтанд байхаас гадна яаралтай үед тусламж авч болохоор эмнэлэгт ойрхон газарт амьдарч байх ёстой.Мөн дээрхи аюултай шинж өөрт чинь мэдрэгдвэл хаанаас хэрхэн тусламж авахаа та өөрөө болон гэрийнхэн тань мэддэг байх нь чухал.
7.Үтрээнээс тунгалаг эсвэл хар ногоон зунгагтай шингэн зүйл гарах
Ураг орчмын шингэн гарсантай холбоотой байж болзошгүй.Гэнэт өмдөндөө шээсэн мэт санагдаж болно. Умайн хүзүүний салиа, бэлгийн харьцааны дараа үрийн шингэн гарахтай андуурч болно.
Сэрэмжлүүлэг:
Ураг орчмын шингэн гарсан тохиолдолд эмнэлгийн тусламж авалгүй цаг алдвал ураг эх дотроо бүтэж, улмаар амьгүй хүүхэд төрүүлэх, төрөх замаар халдвар авч төрөлт удаашрах зэрэг ноцтой хүндрэл гарч болно.Иймд ураг орчмын шингэн гарсан тохиолдолд яаралтай түргэн дуудах эсвэл өөрсдийн унаагаар цаг алдалгүй очсоноор эдгээр хүндрэл үүсэхээс сэргийлж чадна.
8.Ургийн хөдөлгөөн мэдрэгдэхээ болих
Ураг бүтэх, улмаар хэвлий дотор амьгүй болохын шинж байж болно.
Сэрэмжлүүлэг:
Та хэвлий дэх ургийнхаа хөдөлгөөнийг байнга анхаарч байх хэрэгтэй.Хэрэв ургийн хөдөлгөөн мэдрэгдэхгүй болбол хяналтынхаа эмчид яаралтай мэдэгдэж зөвлөгөө авах нь чухал .
Санамж:Дээрхи шинж тэмдгүүд нь таны болон хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг илэрхийлнэ.Та эдгээр шинжүүд аяндаа алга болохыг хүлээх эсвэл өөрөө өөрийгөө эмчлэх гэж цаг бүү алдаарай.
Жирэмсний хүндрэл үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс:
Төрөх насны эмэгтэйчүүдэд жирэмсэн биш үед нь илрүүлж, анхаарвал зохих эмзэг байдлууд байдаг.Тэдгээр нь жирэмслэлт, төрөлтийн явцад сөргөөр нөлөөлөөд зогсохгүй эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд ч аюултай байх талтай. Үүнд:
- 18-аас доош эсвэл 35-аас дээш насны эмэгтэйчүүд
- 145см-ээс намхан эмэгтэйчүүд
- 5-аас олон удаа төрсөн
- Эрхтэн тогтолцооны архаг хууч өвчин, эмгэгтэй эхчүүд /цус багадалт, усны даралт ихсэлт, бөөр, шээс ялгаруулах зам, зүрхний эмгэг, элэг цөсний замын өвчнүүд гэх мэт/
- Өмнөх жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үед хүндэрч байсан
- Хоол хүнсний хомсдолтой байх нь жирэмсэн, төрөх, төрсний дараах үед хүндрэл үүсэх, амьгүй эсвэл бага жинтэй, сул дорой хүүхэд төрүүлэх өндөр эрсдэлтэй байдалд хүргэнэ.
Эхийн сүүгээр хооллолт:
Эхийн сүү дээд зэргийн ариун, хүүхдэд хэрэгцээтэй уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдэс агуулсан байдаг бөгөөд хүүхдийг өвчнөөс хамгаалах зориулалтын бодис агуулсан байдаг юм. Эхийн сүүг юугаарч орлуулашгүй гэдгийг бид мэднэ.Хүүхдээ хөхүүлэхэд эх хүүхдийн хооронд сэтгэл зүйн хамгийн нарийн нандин холбоо үүсч, хүүхдээ харйлах, хамгаалах сэтгэл улам хүчтэй болдог билээ.Төрсний дараа та хүүхдээ 1 цагийн дотор хамгийн хэрэгцээтэй нарийн бүтэцтэй ангир уургаараа амлуулах хэрэгтэй.Төрснөөс 1-3 хоногоос хойш хөхөнд сүү ордог.Та хүүхдийг хүссэн цагт нь хөхүүлж, цагийн хуваарь баримтлах шаардлагагүй. Харин хөхүүлэх хоорондын хугацаа 4 цагаас ихгүй байх ёстой.
Та хүүхдээ 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр, ямар нэгэн нэмэгдэл хоолгүй бойжуулахыг хичээх хэрэгтэй.Ингэснээр хүүхэд цаашид эрүүл өсөж бойжих, гадны таагүй нөлөөнд эсэргүүцэх чадвартай болно.Хэрвээ боломжтой бол хүүхдээ 2 нас хүртэл хөхүүлээрэй.
Хүүхэд хөхний сүүнд цадаж байгааг нь хянах нь маш чухал. Хүүхэд цатгалан байвал хөхөхөө больж тайван болно.Мөн харъяа нутаг дэвсгэрийнхээ өрхийн эмнэлэгт хүүхдийн жинг үзэж, өсөлтийг хянана.Хөхний сүүний хэмжээ нь таны бие махбодь, сэтгэл санааны байдлаас шууд хамаарна. Та зөв хооллож, хангалттай хугацаагаар амарч, сэтгэл санаагаар тайван байвал хөхний сүүний хэмжээ хэвийн байна.Хэрвээ таны хүүхэд хөхөндөө цадахгүй, эсвэл хөхний сүү бага байвал эмчээсээ зөвлөгөө аваарай.
Та хөхөө зөв арчилж сурвал хөхний товч хагарах, улмаар хөхөнд халдвар орохоос сэргийлнэ.Хөхөө арчлахдаа:
- Нэг удаагийн хөхөлтөөр хоёр хөхөө сулартал хөхүүлнэ. Хэрвээ сүү ихтэй байвал сүүгээ сааж, хөхөө суллана.
- Хүүхдээ хөхүүлэхдээ хөхний товч болон хөхний нөсөөт хэсгийг хүүхдийн аманд бүрэн амлуулах хэрэгтэй.
- Хүүхдээ хөхүүүлэхийн өмнө ба хөхүүлсний дараагаар хөхөө бүлээн усаар угааж, зөөлөн даавуугаар хуурай болтол арчина.
Эх сурвалж: ЭХЭМҮТ
Холбоотой мэдээ