Зургаан жилийн өмнө Стартап (start-up) буюу гарааны компанийн тухай ойлголт нь хол хөндий байсан бол өнөөдөр залууст хамгийн их ойр болжээ. Энтрепренершип, стартап гэдэг ойлголтыг өнөөдөр мэдэхгүй хүн бараг цөөхөн болов уу. Мөн нөгөө талаар олон улсын түвшинд өрсөлдөхүйц гарааны бизнесийн тоо чамлахааргүй олон болсон. Залуус ч санаагаа илэрхийлэхдээ нээлттэй болсон байна. Одоогоор Монголд 400 гаруй гарааны бизнес байна. Гэтэл зургаан жилийн өмнө хаана, хэн, ямар гарааны бизнес эрхэлж байна вэ гэдэг тоон мэдээлэл ч бүрхэг байсан бол өнөөдөр тодорхой болжээ. Энэ салбарын хүмүүс уулзалдаж, санал бодлоо хуваалцдаг гээд хүрээллүүд ч бий болсон. Томоохон компаниуд ч гэсэн бусдадаа бизнесийн замналаа хуваалцдаг болсон зэрэг олон өөрчлөлтүүд бий болсон гээд дурдаад байвал олон өөрчлөлт энэ салбарт гарчээ.
Гарааны бизнес эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйлс юу вэ. Шинэ санаа , хөрөнгө мөнгө үү
Хамгийн гол элемент нь багийг л хардаг. Эцсийн эцэст тухайн бизнесийг амжилтад хүргэх эсвэл унагах ганцхан хүчин зүйл нь хүн буюу бүрдүүлсэн баг хамт олон. Чадварлаг, хөдөлмөрлөхөд бэлэн, тууштай зүтгэхэд бэлэн тийм л хүмүүсээр эхлээд багаа бүрдүүл. Мөн өөрийнхөө дотоод хүнтэй ярилц. Би энтрепренер болж чадах уу, гэдгээ эхлээд мэд. Энэ замыг сонголоо гэхэд амар хялбар замнал биш. Энтрепренер болж чадна гэж шийдсэн бол маш их хөдөлмөрлөхөд бэлэн байх ёстой.
Хөрөнгө оруулагчдад хэрхэн таалагдах вэ
Гарааны компаниуд дотроо олон төрөл байдаг шиг хөрөнгө оруулагчид ч гэсэн мөн олон төрөл.Ихэнх гарааны компаниудын бариад ирсэн төслийн 80 хувь нь анхныхаасаа өөрчлөгдөнө гэдэгт тэд бэлэн байдаг. Тийм болохоор хөрөнгө оруулагч нарт санаа сонин биш, харин өөрчлөлтийн явцад тэсэж үлдэх, эцсийг нь үзэх хүн мөн үү гэдэг нь чухал. Мөн эсрэгээрээ өсөлтийн шатандаа явж байгаа старт апуудад хөрөнгө оруулалт хийдэг ч хөрөнгө оруулагчид ч байна. Энэ тохиолдолд хөрөнгө оруулалтын хэмжээ нь асар их, тэрбумаар яригддаг. Энэ салбарын нэг давуу тал нь бусад салбар шиг улсын хэмжээний итгэл үнэмшлийг тэдэнд төрүүлэх гээд байх шаардлагагүй. Харин технологийн салбарт суурилсан гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүст юу чухал вэ гэхээр чадварлаг залуус л байх хэрэгтэй. Үүгээрээ л онцлогтой.
Э.ЖОНОН