Тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия Скрипаль нар 2018 оны гуравдугаар сард Их Британийн Вилтшайре хотод “новичок” химийн бодист хордсон. Тухайн хэргийн талаар одоог хүртэл юу болсон талаар тоймлон хүргэж байна.
2018.03.04
66 настай Сергей Скрипаль болон түүний 33 настай Юлия охин Их Британийн хот Сольсбери хотын паркт ухаан алдсан байдалтайгаар олдсон.
2018.03.05
Эмнэлгийн эмч нар Сергей болон түүний охины биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн.
2018.03.06
Халдлагад ОХУ-ын оролцоо байсан талаар судлаачид таамаг дэвшүүлж хэргийг шалгаж эхэлсэн. Гэвч ОХУ-ын ЭСЯ үгүйсгэж хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Оросын нэр хүндэд халдаж байна хэмээн буруутгаж байжээ.
2018.03.07
Их Британийн цагдаагийн газраас эцэг, охин хоёрыг химийн бодисоор хордуулсныг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
2018.03.08
Новичокт мөн Вилтшайре хотын цагдаагийн түрүүч Ник Байле хордсон бөгөөд бие маш хүнд байгааг дотоод явдлын сайд Амбер Рүдд мэдэгджээ.
2018.03.11
Сергей Скрипаль болон Юлия нарын үйлчлүүлж байсан “Милл болон Зизи” ресторанд химийн бодисын ул мөр илэрч 500 гаруй үйлчлүүлэгчдийн өмссөн хувцсан болон орчинд ариутгал хийжээ.
2018.03.12
“Химийн бодис ОХУ-аас гаралтай, халдлагыг ОХУ зохион байгуулсан байх өндөр магадлалтай” гэж Их Британийн ерөнхий сайд Тереза Мей мэдэгджээ.
2018.03.13
Их Британийн нутаг дэвсгэрт суух ОХУ-ын ЭСЯ гүтгэлэгт хариу өгөхгүй гэдгээ мэдэгдэв. Мөн химийн бодис халдлагын дараагаар 38 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдэгджээ.
2018.03.14
Ерөнхий сайд Тереза Мей ОХУ -ын 23 дипломатчийг эх орон руу буцаах шийдвэрийг парламентад хүргүүлэв.
2018.03.15
Их Британи, АНУ, Герман, Франц улсын эрх баригчид энэ хэрэгт ОХУ-ыг буруутгав.
2018.03.17
Санкт-Петербург хотод байрлах Их Британийн ЭСЯ-ыг хаах шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргаж мөн Их Британийн 23 дипломатчийг эх орон руу нь буцаахаар болжээ.
2018.03.26
Их Британийн холбоотнууд ОХУ-ын 100 гаруй агентуудыг дэлхийн 22 улс орноос албадан нутаг буцаасан талаар мэдэгджээ. “Энэ бол хамгийн олон ОХУ-ын мэдээллийн ажилтнуудыг илрүүлж арга хэмжээ авсан үйл явдал боллоо” хэмээн ерөнхий сайд Тереза Мей онцолж байжээ.
2018.03.28
Их Британийн Ерөнхий цагдаагийн газар Сергей Скрипаль болон түүний охин нар новичок химийн бодист гэртээ байхдаа хордсон тухай мэдэгджээ.
2018.04.03
Судлаачид Сольсбери хотод хэрэглэгдсэн химийн бодис ОХУ-аас гаралтай гэдгийг тогтоож чадсангүй.
2018.04.10
Новичок химийн бодист өртсөн Сергей Скрипальын охин Юлия эмнэлгээс гарчээ.
2018.04.17
Их Британийн Байгаль, хүнс болон хөдөө аж ахуйн газрын судлаачид Скрипальчуудад халдсан этгээд новичок бодисыг шингэн төлөвт байхад нь хордуулсан гэдгийг тогтоосон байна.
2018.05.18
Хоёр сарын дараагаар тагнуулч асан Сергей Скрипаль эмнэлгээс гарчээ.
2018.05.26
Сольсбери хотын Малтингс хэсэгт орших бизнес эрхлэгчид дахин үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
2018.06.29
“Их Британи халдлагатай холбоотой нотлох баримтуудыг устгаж, улс төрийн давуу тал олж авсан” гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгджээ.
2018.06.30
Сольсбери хотоос 13 километр зайтай Амесбури хотхонд хоёр хүн үл мэдэх шалтгаанаас өвдөж, ухаан алдаж унасан дуудлага бүртгэгдсэн.
2018.07.02
Вилтшайре хотын цагдаа нар өвдсөн хосуудыг герион, кокайн хар тамхины гаралтай зүйл хэрэглэсэн хэмээн сэжиглэж байжээ. Давн Стургесс болон Чарлие Ровлей нар Сольсбери хотын эмнэлэгт эмчлүүлэхээр хүргэгдсэн аж.
2018.07.04
Цагдаагийн ажилтнууд Стургесс болон Чарлие нарыг “үл мэдэгдэх” бодисын нөлөөнд орсон хэмээн тухайн үед мэдээлж байсан боловч новичок химийн бодист хордсон болохыг хожим нь тогтоосон. Гэхдээ Сергей Скрипаль болон Ник Байле нарын хордсон новичоктой холбоотой эсэхийг тодруулж чадаагүй байна.
2018.07.05
Их Британийн Дотоодын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Сажид Жавид ОХУ-ын эрх баригчдаас тайлбар авахыг шаарджээ.
2018.07.07
Цагдаагийн ажилтнууд новичок химийн бодисын нөлөөнд орсон эсэхээ шинжлүүлэхэд “ороогүй” болохыг тогтоожээ.
2018.07.08
Новичок химийн бодист хордсон Давн Стургесс эмнэлэгт нас баржээ.
2018.07.09
Их Британийн цагдаа нар Стургессын үхлийг шалгаж эхэлсэн.
2018.07.11
Цагдаа нар эмнэлэгт Ровлиг байцааж болсон хэрэг явдлын талаар тодруулсан аж.
2018.07.19
Цагдаагийн ажилтнууд Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хэн хордуулсан талаар сэжигтнийг илрүүлжээ. Мөн Стургессын гэр бүлд шарилыг нь хүлээлгэн өгсөн байна.
2018.07.30
Новичок химийн бодисоос болж үхсэн Давн Стургессын оршуулга боллоо.
2018.08.08
АНУ новичок химийн бодисын халдлагаар ОХУ-д хориг тогтоосон гэдгээ өчигдөр /2018.08.08/ зарлажээ.
Эх сурвалж: Belfast Telegraph
Г. Батмандах