Трамп олимпын тамирчинтайгаа ам мурийгаад амжив

Трамп олимпын тамирчинтайгаа ам мурийгаад амжив

Трамп олимпын тамирчинтайгаа ам мурийгаад амжив

АНУ-ын цанын тамирчин Хантер Хесс Ням гаригт (2026.02.08) Өвлийн олимпын наадамд улсаа төлөөлөн оролцох гэж байгаа талаараа хэлэхдээ, сайхан ч биш, муухай ч биш санагдаж байна гэжээ. Энэ ярилцлага тус улсын ерөнхийлөгч Дональд Трампын анхаарлыг татаж, Хессийг эх орноо төлөөлөх сонирхолгүй байгаа бол “жинхэнэ азгүй амьтан” гэж шүүмжилсэн байна. Тэрбээр “Truth Social” платформ дээр “Хэрэв эх орноо төлөөлж байна гэж Хесс бодохгүй байгаа бол тэр багт орох шалгалт өгөх хэрэггүй байсан. Ийм хүнийг дэмжихэд хэцүү байдаг” гэж нийтэлсэн байна.

Хесс Ням гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр “Би төрийн далбаатай хувцсыг нь өмслөө гээд АНУ-д болж буй бүх зүйлийг төлөөлж байгаа гэсэн үг биш. Надад бага зэрэг хэцүү санагдаж байна. АНУ-д яг одоо болж буй бүхэнд би таатай ханддаггүй бөгөөд өөр маш олон хүнд ч таалагдахгүй байгаа гэж бодож байна” гэж хэлсэн байжээ.

Мөн тэрбээр өөрийгөө зөвхөн гэр бүл, найз нөхөд, өмнөх үеийн тамирчдыг болон АНУ-ын бүх сайн сайхан зүйлийг төлөөлөн олимпод оролцож байгаа гэж бодож явдаг гэдгээ онцолсон байна.

Трампын шүүмжлэлийн дараа Хесс цахим хуудсаараа дамжуулан хариу мэдэгдэл гаргажээ. Тэрбээр “Instagram” хуудсаараа дамжуулан АНУ-ын баг, тамирчдыг төлөөлөн өрсөлдөх гэж буйдаа баяртай байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Мөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдгээ онцлон тэмдэглэжээ.

Бусад АНУ-ын баг, тамирчид ч мөн улс төрийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн. Крис Лиллис “АНУ-д болж буй үйл явдлуудын талаар миний сэтгэл эмзэглэж байна” гэж хэлсэн. Тэрбээр цагаачлалын албаны үйл ажиллагаа болон эсэргүүцлийн жагсаалын талаар дурдаад, “Бид улс орныхоо хувьд хүн бүрийн эрхийг хүндэтгэж, иргэддээ болон бусдад хайр, хүндлэлтэйгээр харьцах ёстой” гэжээ. Цанын тамирчин Куинн Дехлингер “АНУ-д улс төрийн хуваагдал тодорхой харагдаж байна. Харин спорт, тэмцээн бол хүмүүсийг нэгтгэх арга зам байдаг” гэж хэлсэн байна.

АНУ-ын Олимп, Паралимпын хороо Хессийг хамгаалах, дэмжлэг үзүүлэхэд анхаарч байгаагаа мэдэгдэв.

Тус хорооны төлөөлөгч тамирчдын аюулгүй байдал, сайн сайхныг нэн тэргүүнд тавьж, доромжлол, заналхийллийг хянаж, шаардлагатай тохиолдолд хууль сахиулах байгууллагад шилжүүлдэг гэжээ.

Гэсэн хэдий ч зарим консерватив үзэлтнүүд Трампаас өмнө Хессийг шүүмжлээд амжсан байв. Жишээлбэл, Кэти Миллер цахим сүлжээнд “Хэрэв та эх орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөж байхдаа Америкт хайртай гэж хэлж чадахгүй бол Олимпод оролцох ёсгүй” гэж бичжээ. Мөн Цагаан ордны протоколын дарга Моника Кроули Трампын нийтлэлийг дахин хуваалцаж, “Америкийг бахархалтайгаар төлөөл, эсвэл яв” гэж бичсэн байв. Сенатор Берни Сандерс харин Хессийг хамгаалж, “Ноён ерөнхийлөгч өө, энэ бол хаант улс биш. Энэ бол АНУ, хэн ч танд бөхийх албагүй” гэж “X” платформд бичжээ.

Олимпод оролцохоор очсон дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс улсаа төлөөлж буй баг тамирчдад хандан, “Бүх улс орон, Ардчилсан нам, Бүгд Найрамдах нам, бие даагчид бүгд та бүхнийг дэмжиж, урамшуулж байна” гэж хэлсэн байдаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж