Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоонд хамаарах 50 орчим аж ахуй нэгж байдаг. Тэд хот хооронд зорчигчдийн үнэ тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг энэ сарын 7-ны өдөр Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/-д хүргүүлсэн байна. Тус шаардлагад “хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оролгүй даруй 10 жил болсон бөгөөд бензин, түлшний үнэ энэ хугацаанд 2,5-3 дахин нэмэгдсэн тул суудал ашиглалт 50 хувьдаа ч хүрэлгүй, алдагдалтай ажиллаж байгаа” талаар дурджээ. Тэдний гаргасан жишиг тарифаар бол нэг хүн км-т дунджаар 53-63 төгрөг ногдох бөгөөд чиглэлээсээ хамаарч 1000-8000 хүртэлх төгрөг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй юм. Энэхүү шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн байна.
Т.НОМИН