Нийслэлд бага насны хоёр хүүхэд гэртээ байхдаа шатаж амиа алдсан харамсалтай хэрэг уржигдар гарчээ. Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 7-нд 17:00 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид иржээ.
Дуудлагын дагуу долоон алба хаагч, хоёр автомашинтай, 9 км зам туулан очиж, галыг 10 минут ажиллаж унтраажээ. Харамсалтай нь гал түймэрт тус гэрт амьдардаг гурван настай охин Э болон хоёр настай хүү Г нар өртөж амиа алдсан байна. Тэд ах дүүсийн хүүхдүүд байжээ. Хүүхдүүдийн цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа хийж эхэлсэн аж.
Э.Ариун