У.Хүрэлсүхээс юм хүлээх хэрэггүй гэв үү….!

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхээс юм хүлээх хэрэггүй гэв үү….!

У.Хүрэлсүхээс юм хүлээх хэрэггүй гэв үү….!

Ардын засгийн зуун хоногийн ажлын дүгнэхдээ Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нэгэнтээ “У.Хүрэлсүхийн Засгийн газар нүдэнд үзэгдэж, гарт баригдах нэг ч дорвитой ажил хийсэнгүй. МАН Засгийн эрх авснаас хойш нэг жил долоон сарын хугацаанд нэг ч километр зам тавьсангүй, бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Харин эсрэгээрээ ард иргэдийн амьжиргаа муудсан, есөн төрлийн татвар нэмсэн, шатахууны зохиомол хомсдол үүсгэх өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгдсөн, том төслүүдээ хөдөлгөх талаар нэг ч алхам хийсэнгүй, утаа ярьсаар утаагаа арилгасангүй. Ардчилсан намын үед нэг хувь руу буулгасан инфляцыг зургаан хувиар нэмэгдүүлсэн, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн ийм л үзүүлэлттэй ажлаа хийж байна, Засгийн газар. Ер нь бол У.Хүрэлсүхийн Засгийн газраас хүлээх хүлээлт замхарч байна” гэсэн ярилцлагыг “News.mn” агентлагт өгч байсан билээ.

Харин өдгөө У.Хүрэлсүхийн засгийн 365 хоногийн ой тун удахгүй болох гэж байна. Энэ хугацаанд тус засгаас хүлээж суусан улс төр, эдийн засгийн реформ юу болов оо. Үнэндээ бол иргэдийн хүлээлт эрх баригчдын амлалт “Дулмаагийн турсан Дагдангийн эхнэр”-ийн таргалсантай тэнцэж буй.

Өчигдрөөс эхлээд зарим хэвлэлд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хүрэлсүхээс юм хүлээх хэрэггүй боллоо. Энэ янзаараа бол У.Хүрэлсүхийн засгаас гарна” гэж Бага хурлынхаа үеэр ам алдсан талаар бор шувуу нисч эхэлсэн. Санаатайгаар нисгэсэн бор шувуу юу эсвэл, санамсаргүй алдсан үг үү. Хэрэвзээ Ц.Нямдорж сайд ингэж хэлсэн нь үнэн бол У.Хүрэлсүхийн хувьд бүлгийнх нь зөрчил дээр танхимынх нь зөрчил нэмэгдэж байна гэсэн үг.

Олонхын зөрчил, эрх мэдлийн төлөөх улс төрийн увайгүй хэрүүлээс залхсан намынхан нь, сөрөг хүчин, олон нийтийн зүгээс хүчтэй, зоримог гарч ирсэн У.Хүрэлсүхийн засаг улс төрийн болоод эдийн засгийн реформ хийж чадна гэж итгэсэн, хүлээсэн. Өнөөдөр харин эсрэгээрээ намынхан нь, танхимын сайдууд нь хүртэл түүнд эргэлзэж эхэлсэн бололтой, яагаад!

Харин Ерөнхий сайд Даваа гаригт Тусгаар тогтнолын ордонд хуралдсан Бага хурлынхаа үеэр илтгэл тавихдаа улс орны эдийн засаг эргэж сэргэж эхэлсэн нь Ардын засгийн ажил гэдгийг онцолсон билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хоёр жилийн хугацаанд улсын маань ахуй амьдрал сайжирлаа. МАН-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тодорхой түвшинд хангагдан хэрэгжиж байна. 2016 онд Монгол Улс нэг бол дампуурлаа зарлах, нэг бол Олон улсын валютын сантай хамтран ажиллах хүндхэн нөхцөл байдлыг хүлээж авсан. Ингээд бид Олон улсын валютын сантай хамтарч ажилласан. Өнөөдөр ОУВС-гийнхан Монголд ажиллаж байна. Улсын эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч байна. Манай эдийн засгийг тогтворжсон гэж Олон улсын валютын сан үзэж байгаа. Харин цаашдаа өсөлт гарна. Халалт бий болох болов уу гэж болгоомжлуулж байгаа гэж.

Эсрэгцэл: МАН өнгөрсөн сонгуульд засаглалын хямралыг арилгаж, эдийн засгийг хямралаас гаргаж, иргэдээ ядуурлаас аварна гэдгээ амласан. Эдийн засгийн хямрал тогтворжиж буй нь МАН-ын бодлогын сайнд биш гэдгийг олон ч удаа эрх баригчдад сануулах нь.  Энэ бол Монголын санхүү, эдийн засгийн бодлогыг ОУВС-гийнхан зааж, зурж өгч байгаагийн үр дүн байх.  Мөн 2015 онд Ардчилсан намын үед НӨАТ-ын хуулийг шинэчлэн баталсан нь улсын төсвийг орлогыг нэмэгдүүлснийг үр шим ч бий.  Гэхдээ микро төвшин хямрал хэвээр, мах, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд илүү тод мэдрэгдэж буй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 2014-2016 онуудад ихээхэн буурч байсан Уул уурхайн салбарын олборлолт,экспорт сүүлийн 2 жил дараалан тогтвортой нэмэгдэн өсч байна. 2017 оны эхний хагаст 18,9 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол 2018 оны эхний байдлаар 18 сая тонн нүүрсийг экспортод гаргаж нийтдээ 1,4 тэрбум ам долларын ашиг олсон байна.

Эсрэгцэл: Ардын нам, Ардын засаг бол азтай гэж хэлж болно. Уул уурхайн эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд унаж яваа үед засгийн бодлого илүү тодорхой харагддаг. Харин эрдэс баялгийн үнэ өсч яваа үед засаг барьж байгаа нь Ардын засгийн аз болохоос бодлогын нь үр дүн биш гэхэд буруудахгүй.

МАН-аас тэр тусмаа У.Хүрэлсүхийн засгаас улс төрийн эдийн засгийн том реформ хийх болов уу гэсэн хүлээлт ийнхүү эргэлзээ дагуулах болсон нь Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд татварын багц хуулиудын шинэчлэлт.

УИХ-ын хүлээлгийн танхимд байгаа татварын гурван хууль буюу Татварын ерөнхий хууль, ХАОАТ-ын хууль, ААНОАТ-ын хуулийг шинэчилж, засаглалын хямралын үр үндэс болсон Үндсэн хуулийг өөрчилж чадвал У.Хүрэлсүхийн засаг гэрийн даалгавраа амжилттай биелүүлж чадлаа гэсэн үг. Гэхдээ хэзээ хийгдэх вэ. Энэ асуулт Ерөнхий сайдад тавигдаад яг нэг жил болох нь. Эдийн засгаа түргэн хугацаанд босгож, хүний гараас авъя гэвэл У.Хүрэлсүх Ерөнхий сайдаа  улс төр, эдийн засгийн реформоо хийгээч.

У.Хүрэлсүхээс юм хүлээх хэрэггүй гэж итгэл алдрахтай зэрэгцээд У.Хүрэлсүхийн түүхэнд үлдэх ч буруу хойшоо болох вий.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж