АНУ ОХУ-д дахин шинэ хориг тавина

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

АНУ ОХУ-д дахин шинэ хориг тавина

АНУ ОХУ-д дахин шинэ хориг тавина

Оросын Тагнуулын Ерөнхий газрын экс-ажилтан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг химийн хорт бодист хордуулсан гэх хэрэгт ОХУ оролцсон гэдгийг АНУ хүлээн зөвшөөрч, улмаар наймдугаар сарын 22-ноос эхлэн тус улсад шинэ хориг тавихаар болсон тухай Төрийн Департамент нь мэдэгдэв. Гэхдээ ОХУ химийн болон биологийн зэвсэг ашиглаагүй, энэ хэрэгт оролцоогүй гэдгээ нотолж чадахгүй бол гурван сарын дараа нэмэлт хориг тавих болно гэв. Үүний тулд Москва НҮБ-ын хяналт, шалгалт, Олон улсын хараат бус ажиглагчдыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэлээ. Хэрвээ үүнийг эсэргүүцсэн тохиолдолд хоёр дахь хоригийг дахин тавих болно гэж мэдэгджээ. 

Харин АНУ-аас тавьж буй хоригт сансар судлалын салбар, нислэгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн хэрэгцээнд зориулагдсан бараа бүтээгдэхүүний нийлүүлэхэд үл хамаарна гэв.  

“Бид ОХУ-д хатуу хандана. Гэхдээ бид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг чухалчилна. Бид шаардлагатай бол хамтран ажиллана. Энэ бол бидний стратеги, цаашид ч ийм стратегитай байна”  хэмээн Төрийн департментын гишүүн хэлэв. 

Сануулахад, өнөөг хүртэл Сольсбери хотод болсон хэрэгт ОХУ оролцсон гэдгийг Их Британи нотолж чадахгүй байгаа ажээ. Үүнээс гадна, Их Британийн шинжилгээний лабораториуд мэдрэлд нөлөөлөх А-234 бодис аль улсаас гаралтай гэдгийг ч тогтоож чадахгүй байгаа юм байна. Болсон хэрэгт ОХУ-ын иргэн амь үрэгдчихээд байхад хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Оросыг оролцуулахгүй байна гэж ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. 

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ 

Дональд Трамп ОХУ-тай бүхий л салбарт хамтран ажиллах санал агуулсан захиаг Кремль рүү илгээсэн гэх мэдээлэлтэй давхцан АНУ-ын Төрийн Департментаас ОХУ-д шинэ хориг тавих тухай ийнхүү зарласан билээ. 

АНУ-ын Конгрессын гишүүн Рэнд Полын мэдэгдэж буйгаар, захидал терроризмтой тэмцэх, хуульзүйн салбарт яриа хэлэлцээ бэхжүүлэх, соёлын солилцоог сэргээх зэрэг цаашид олон салбарт хамтран ажиллах нь чухал тухай өгүүлсэн хэмээн твиттер хуудаснаа жиргэжээ. 

 

 

Тус захидлыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дипломат шугамаар хүлээн авсан гэдгээ мэдэгдсэн юм. 

Харин Цагаан ордон Трамп конгрессын гишүүн Полын хүсэлтээр Путины нэр дээр захиа илгээсэн хэмээн тайлбарлажээ. 

Конгрессын гишүүн Пол нь наймдугаар сарын 6-7 хооронд ОХУ-АНУ-ын парламентын гишүүдийн уулзалтын бүрэлдэхүүнд байсан аж. Хоёр улсын парламентын гишүүд дэлхий нийтэд тулгамдсан асуудлаас гадна Вашингтоны хоригийн асуудлаар санал солилцжээ. 

МОСКВАГИЙН САНААЧИЛГА

АНУ-ын Politico сайтын мэдээлж буйгаар, Путин Хельсинкийн уулзалтын үеэр Трампад Москвагийн санаачилгыг өгсөн гэв. Тус баримт бичигт стратегийн тогтвортой байдал болон үй олноор нь устгах зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай өгүүлсэн байгаа гэж өмнө нь Владимир Путин ярьж байсан удаатай. 

Тодруулбал, 2021 онд хугацаа нь дуусч байгаа СНВ-III стратегийн зэвсгийг багасгах, үл дэлгэрүүлэх гэрээний хугацааг дахин таван жилээр сунгах, сансар огторгуйд зэвсэг байршуулах асуудлыг хязгаарлах тухай шинэ хэлэлцээ хийх, Европ дахь цэргийн ажиллагаанаас болоод ямар нэгэн золгүй үйл явдал тохиолдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалсан ажээ. 

Трамп ОХУ-ыг дайсан мэт үзэж байгаа ч Москватай хамтран ажиллах боломжийг хайх замаар гадаад бодлого тодорхойлж байна гэж  судлаачид үзэж байна. 

Энэ бодлого бол АНУ-д уламжлалт болсон зүйл. Трамп өөрийн тоглоомоо тоглож дуусгахыг хүсч байна. Мөн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох хүсэлтэй байгааг үүнээс харж болно гэв. 

Трамп хэд хэдэн удаа Оросын эсрэг мэдэгдэл хийж байсан ч Орос болон Америкчуудын эдийн засгийн харилцаа, холбоонд өөрчлөлт орохгүй байгаа ажээ. Тухайлбал, Петербургийн эдийн засгийн чуулганд АНУ-ын томоохон бизнесийн 500 гаруй төлөөлөгчид цугласан. Үүнээс үүдээд хэрвээ хоёр улс зөрчилдөөнтэй байгаа бол яагаад тэдний бизнес цаашдын хамтын ажиллагааны хөрсийг бий болгохоор оролдож байна вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Хоёр улсын харилцааны өнцгөөс харвал тэд тоглодог тоглоомоо тоглож байгаа мэт харагдаж байна гэж судлаачид хэлжээ. 

Олон улсын мониторингийн CIS-EMO байгууллагын улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар дэлхий нийтийн тогтвортой байдлыг дэмжих, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх Москвагийн санал нь АНУ-ын хувьд ашигтай байх магадлалтай гэв.  Үүнээс гадна, тэд шинэ хоригийг цуцлах яриа хэлэлцээ хийхгүй  байх магадлатай гэдгийг судлаачид тэмдэглэв. 

Э.УРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж