Энэ сарын 4-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Ноён сумын хооронд газраар татсан шилэн кабелийн шугам 10 км гаруй газар тасарч үүрэн холбооны, интернетийн сүлжээ доголдсон байна. Дээрх гэмтлийн улмаас Шивээхүрэн дэх гаалийн газрын дотоод сүлжээ болон банкууд, уурхайнууд болон бусад байгууллагууд сүлжээгүй болсон юм. Шивээхүрэн дэх гаалийн газар дотоод сүлжээгүй болсон ч модем ашиглан интернет бүрдүүлэлтийг хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар ачаагүй тээврийн хэрэгсэл болон зорчигчид, сүлжээ тасархаас өмнө ачилт хийсэн машинууд хилээр нэвтэрч буй аж. Харин уурхайнууд сүлжээгүй байгаа тул ачилтаа түр зогсоожээ. Иймд шилэн кабелийн сүлжээг хэзээнээс хэвийн үйлчилгээтэй болгохоор ажиллаж байгаа талаар “Mobicom” корпорацын Олон нийттэй харилцах албаны дарга Э.Чинзоригоос тодрууллаа.
-Одоогоор Өмнөговь аймгийн ямар сум сүлжээгүй байна вэ. Сүлжээ хэзээ хэвийн болох вэ?
-Өмнөговь аймгийн Гурвантэс болон Сэврэй сумын хооронд байдаг хавцал руу үер бууснаас тэнд байсан шилэн кабелийг гэмтээсэн. Одоогоор тус хэсгийн 10-аад километр газар шилэн кабель эвдэрч Гурваантэс, Шивээхүрэн, Сэврэй сум сүлжээгүй, интернетгүй болоод байна. Шилэн кабелийг шинээр суурилуулахтай адил хэмжээний ажил хийж байна. Шилэн кабелиа авсан одоо газар ухах, сурилуулах ажил тэнд ид өрнөж байна. Үерийн улмаас шавар их тогтож, газар идэгдэж, эвдэрсэн тул газар ухахад хүндрэлтэй байгаа. Төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2018.8.9/ сүлжээг хэвийн болгоно.
-Дээрх сумаас өөр сүлжээгүй газар байгаа юу?
-Зуны улиралд шилэн кабель гэмтэх тохиолдол их гардаг. Энэ нь үерээс гадна барилга, зам засварын ажилтай холбоотой байдаг. Манай зүгээс барилга, болон зам барих газарт шилэн кабелийн сүлжээ зургийг явуулдаг ч шилэн кабелийг тасдах тохиолдол гарсаар байдаг. Одоогоор дээрх сумаас өөр газарт кабель эвдэрч, сүлжээ тасраагүй байна.
Р.Ренчиндулам