Ченжээр удирдуулсан Монгол

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Ченжээр удирдуулсан Монгол

Ченжээр удирдуулсан Монгол

Монголд ченжгүй юм алга. Махны, ногооны, авто машины, газрын, байрны, валютын, арьс шир, ноос ноолуурын гээд  олон янз. Зах зээлийг тэд л удирдаж, үнэ ханшийг өсгөж, бууруулж хүссэнээрээ тоглолт хийн, ашиг унагаж байна. Иргэдийн эрэлт дээр тоглож унагасан ашиг нь саяас тэрбумаар яригдана. Гэвч төсөвт татвар төлдөг эсэх нь бүрхэг.  Төр ч татвар авахын төлөө тэмцэж байсангүй.  Номхон тэмээ ноолоход амар гэгчээр татвар төлдөг хэсэгтээ л ачаа үүрүүлж ирсэн. Харин ар хударгаар нь ченжүүд ажилласаар…

Монголын мал сүрэг өнөөдөр 80 сая толгойд хүрсэн ч нийслэлчүүд энэ зун үхрийн мах 1 кг-ыг нь 10 мянга, хонины мах 1 кг-ыг нь 8000 төгрөгөөр худалдан авч, хүнсээ залгууллаа. Ченжүүдийн хөдөлмөрөөр гэх үү дээ.  Гэтэл сарын 280 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадууд байтугай сарын 500.000-600.000 төгрөгийн цалин авдаг хүмүүс нэг кг мах 8000-10000 төгрөгөөр худалдан авна гэдэг чанга. Нэг кг махаар хэдэн өдөр хоол хийх вэ. Гурван ам бүлтэй айлын гурван өдрийн хоол.  Зөвхөн орой хоол хийж байж, гурван өдөрт хүргэнэ. Тав түүнээс дээш ам бүлтэй айлд 1 кг мах хоёр өдрийн л хоол залгуулна.  Ийм байхад эдийн засаг сэргэж байгаа гэж үү. 

Статистик мэдээ сонирхвол Монгол Улс махны дотоод хэрэгцээгээ хангахад зориулж жилд 10-12 сая толгой мал бэлтгэдэг. Харин хаварт 12 мянга орчим тонн махыг нөөцийн мах хэлбэрээр худалдаанд гаргажээ.  Гэвч махны үнийг тогтворжуулахад даацтай нөлөөлж чадаагүй байна.

Уг нь гурван сая хүн ам, 80 сая толгой мал гэдэг бол газар, тэнгэр шиг том зөрүү. Манайхаас өөр орон бол дотоодоо хамгийн хямд мах, сүүгээр хангаад зогсохгүй гадагш нь махаа экспортлоод валютын нөөцөө нэмэгдүүлээд сууж байх том аж ахуй.

Гэтэл жилийн жилд махны үнэ өсдөг, экспортод гаргадаг махны үнэтэй эн тэнцэхүйц үнээр иргэд нь дотооддоо мах худалдан авч хүнсний хэрэгцээгээ хангаж байна.  Энэ бодлого мөн үү, сайд нар аа?.

Уг нь энэ ченжийн тогтолцоог халж чаддаг бол мах, ногооны үнэ иргэдийн амьжиргаанд нөлөөлөх хүртлээ дарамт учруулахгүй байх бүрэн бололцоотой. Гагцхүү төр өнөөдрийг хүртэл хөдөөг, нийслэлтэй холбох худалдааны менежмент бий болгож чадаагүй нь гол салбаруудаа ченжүүдийн гарт атгуулж, хүссэнээрээ үнэ ханшийг хөдөлгөх төрөөс илүү урт гартай болгов.

Чөлөөт эдийн засагтай оронд юм бүхэн рүү төр оролцоод байх нь зөв тогтолцоо биш боловч зарим бодлогоо өөрчилж, шинэчлэхгүй бол ченжүүд бүхнийг удирддаг боллоо. Дуртай үнээ хэлж, дуртай үнээрээ зарж байна. Үүнээс хохирч буй нь иргэд юм.

Одоо энэ нөөцийн мах компаниудаар бэлтгүүлж, нүд хуурдагаа болъё. Үүнийхээ оронд малчдыг нийслэлийн хүнсний захын худалдаачидтай холбох суваг олж, бодлого боловсруул.

Хятадын Алибаба компани өнөөдөр хэдэн зуугаар тоологдох бүтээгдэхүүнийг хүссэн хүн бүрийн гарт нь хүргэж өгч чадаж байна. Үүнд манай ченжүүдийнх шиг хэтэрсэн үнэ шингээгүй.  

Үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг хооронд нь холбосон, хамгийн шуурхай үйлчилгээ болж хувираад байна. Монгол Улс энэ загвараар махныхаа худалдааг зохицуулчихаж болдоггүй юм уу.  Хэрэв ингэж чадвал зөвхөн махаар зогсохгүй хүнсний ногооноос эхлээд өөр олон төрлийн бүтээгдэхүүнийг дээрх худалдааны сүлжээгээр дамжуулан үйлдвэрлэгчийг худалдан авагчтай нь шууд холбох боломж бүрдэнэ.

Эрүүл хүнс Монголд алга, хэдэн өдөр хадгалсан нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн ихээр зарагдаж байна гэж ярьдаг. Үүнийг шийдэх боломж ч бас энэ шүү дээ. Зөвхөн иргэдээр зогсохгүй зоогийн газар, хүнсний дэлгүүр гээд тэр бүхэн эл сүлжээгээр дамжуулаад захиалгаа өгөөд л өдөр тутам шинэ бүтээгдэхүүн авах бололцоо бүрдэнэ. Малчид өнөөдөр хотондоо гэр интернэттэй байна. Захиалга авах бололцоо нь бүрэн хангагдсан гэж хэлж болно. Иймээс Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамныхан Алибабагийн бэлэн загварыг хуулбарлаж, наад ченжийг тогтолцоогоо тасал. Дээрх арга хэмжээг авахгүй бол УИХ, Засгийн газраас хэчнээн ч хөтөлбөр баталж, хэдэн зуун тэрбумыг зарцууллаа ч хэрэгжүүлэх явцад бүх бодлогоо ченжүүдэд алдаж, удирдуулдаг боллоо. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж