МАН: Хонь бүрэн, чоно цатгалан

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

МАН: Хонь бүрэн, чоно цатгалан

МАН: Хонь бүрэн, чоно цатгалан

-Бага хурлынхаа өмнө хонь, чоно байсан МАН-ынхан хонь бүрэн, чоно цатгалан хоцорсон М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын эрх ашиг нэгдсэнийх үү, нийлсэнийх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз-

МАН-ын Ёс зүйн хорооноос нь УИХ-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцох тухай зарлаж, Л.Оюун-Эрдэнийг эхнэртэйгээ улсын мөнгөөр зугаалсан баримтыг дэлгэн бие биеийнхээ муу муухай ухаж төнхөн сошиалд цацаж суусан МАН-ын Бага хурал гал авалцах нь уу гэтэл тун аядуу зөөлөн болсны учрыг М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын инээмсэглэн буй зургаас нь харчихаж болохоор. Нөгөөтэйгүүр Бага хурлынхаа төгсгөлд индэр дээрээс гишүүддээ хандаж үг хэлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Намын даргын эрхэмлэн авч явах зүйл бол эв нэгдэл” гэсэн үгнээс нь илэрхий харагдаж буй.

УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болсны хэрээр үнэмлэхүй зовлонд унасан, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бүлэглэлүүдийнх нь тэмцэл ил цагаандаа гарч,  эмээлийн хоёр бүүрэг шиг болоод удаж буй юм. Эндээс улс төр сонирхогчид М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр эвлэж нийлэхээсээ өнгөрчээ гэсэн дүгнэлтэд хүрсэн ч өнгөрсөн Даваа гаригт болсон Бага хурлын уур амьсгалаас нь харахад энэ нам доторх улс төрийн өрнөл нь өөрчлөгджээ гэлтэй.

Бүрэн эрхийнхээ хугацааны талд ортол 32:32-оороо хуваагдан эрх мэдлийн төлөө хоёр ордныг нураах шахам хэрэлдсэн МАН-ын тогоон доторх зодоон түрдээ нам жим болсон нь М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр ханцуй дотроо наймаалцсантай холбоотой. Тэдний толхилцоон тохиролцооноор намжсан нь Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль байж магадгүй гэсэн хардлага ч байна.

Гуч хүрээгүй насандаа УИХ-ын гишүүнээр тодорч улс төрийн нэгэн түүх болсон Д.Гантулга мөн л түүхэнд тун ч таагүй шалтгаанаар “төрхөмдөө” буцаж, М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын зөрчил дээр тос нэмсэн үйл явдал болсон бөгөөд Хэнтийн 42 дугаар тойрогт болон нөхөн сонгуулийг хүлээж ядан байгаа хүмүүсийн хувьд “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгч болж болзошгүй шинжтэй.

Учир нь, У.Хүрэлсүхийн М.Энхболдод инээмсэглэн бууж өгөх шалтгаан нь, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж 60 тэрбумын асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн Л.Оюун-Эрдэнийн шахалтад өртөөд байгаа М.Энхболдын хариу найр тавин суух үндэслэл нь эдийн засгийн гэхээсээ улс төрийн эрх ашиг.  Тун таагүй шалтгаанаар намын нөхрөө үдэн явуулсан тойрогт нэр дэвшээд унаж байснаас У.Хүрэлсүх М.Энхболдтой гар барьж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр энэ тойрогт нөхөн сонгууль явуулахгүй гэсэн шийдвэр гаргуулах нь рейтингэд нь эерэг тусна.

УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай шийдвэрийг хаврын чуулганаар гаргаж, ирэх аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар товлосон. Нөхөн сонгуульд 228.9 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд СЕХ-ноос 42 дугаар тойрогт явагдах сонгуулийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж буй юм. Улс төрийн намууд ч нөхөн сонгуульд бэлтгэж, парламентад суудал гурван нам, мөн парламентад суудалгүй намууд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлээд байгаа юм. Тэгвэл яагаад нөхөн сонгууль явуулахгүй байхаар У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр ханцуй дотроо наймаалцсан бэ гэх эргэлзээтэй асуулт тавигдах нь мэдээж.

Учир юу вэ гэвэл нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн Цэцэд хандаж “УИХ-аар сонгуулийн товыг зарласан нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт буюу энэ заалтад “Сонгуулийн жил” гэж дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг нэрлэнэ, “Нэр дэвшүүлэх нийтлэг журам” гэх 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэг буюу нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ нэр дэвшүүлэх нийтлэг журмаас гадна дор дурдсан журмыг баримтална гэх заалтад тайлбар өгөхийг хүссэн байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 41.1.Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно. 41.2.Төрийн аудитын дээд байгууллага сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн гомдол ирүүлсэн.

СЕХ-ноос дээрх албан бичигт наймдугаар сарын 20-ны дотор хариу өгөх юм байна. Энэ тухайд СЕХ-ны дарга Ц.Болдсайханы өгсөн тайлбар нь “Үндсэн хуулийн Цэцэд тодорхой нэр бүхий хүмүүс нөхөн сонгуулийг хуулийн заалттай зөрчилдөж байна гэх бичгийг хүргүүлсэн байна билээ. Үндсэн хуулийн Цэцийн зүгээс манайхаас тодорхой тайлбарыг 20-ны дотор ирүүлэхийг хүссэн. Энэ долоо хоногийн хуралдаанаараа асуудлыг нь ярьж, тайлбарыг  хүргүүлнэ”.

Юутай ч нөхөн сонгуульд цаг хожих тусмаа МАН-д сайн. Бага хурлынхаа өмнө хонь, чоно байсан МАН-ынхан хонь бүрэн, чоно цатгалан хоцорсон М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын эрх ашиг нэгдсэнийх үү, нийлсэнийх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж