УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзсан тул Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлогдсон. Ингээд нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаас товчхон тодруулга авлаа.
-УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгч дууслаа. Одоо Сонгуулийн ерөнхий хороо хэзээ хуралдах вэ?
-Энэ долоо хоногтоо хуралдана. Хуулийн дагуу намуудыг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
-Нөхөн сонгуультай холбоотой гомдол Үндсэн хуулийн Цэцэд очсон. Цэц дунд суудлын хуралдаанд бэлтгэж байгаа тул танайхаас тайлбар авахаар бичиг хүргүүлсэн байдаг. Та бүхэн ямар тайлбарыг өгсөн бэ?
-Үндсэн хуулийн Цэцэд тодорхой нэр бүхий хүмүүс нөхөн сонгуулийг хуулийн заалттай зөрчилдөж байна гэх бичгийг хүргүүлсэн байна билээ. Үндсэн хуулийн Цэцийн зүгээс манайхаас тодорхой тайлбарыг 20-ны дотор ирүүлэхийг хүссэн. Энэ долоо хоногийн хуралдаанаараа асуудлыг нь ярьж, тайлбарыг нь өгнө.
-Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг хангана гэсэн үг үү?
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гараагүй байна. Гараагүй байхад нь сонгуулийн бэлтгэл ажлыг зогсоох боломжгүй. Учир нь, УИХ-ын тогтоол хэдийнэ гарчихсан. Гарсан тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг нь Сонгуулийн ерөнхий хороонд бий. Тиймээс цаг хугацааны хуваарийн дагуу бичиг, баримтыг хүлээн авч байна.
Т.НОМИН