Хүүхэд хөгшидгүй харшилд "дарлуулж" байна | News.MN

Хүүхэд хөгшидгүй харшилд "дарлуулж" байна

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Хүүхэд хөгшидгүй харшилд "дарлуулж" байна

Хүүхэд хөгшидгүй харшилд "дарлуулж" байна

Бидний ярьж заншсанаар ургамлын тоосны харшилтай хүмүүсийн “зовлон” ид байна. Үүнтэй холбоотойгоор Арьсны өвчин судлалын үндэсний төв (АӨСҮТ)-ийг зорилоо. Биднийг очиход эмч нарын өрөөний үүдэнд ээждээ тэврүүлээд нойрсож буй нярай, элдвийг шулганах балчир хүү, таяг тулсан эмээгээс эхлээд олон өвчтөн эгнэн сууж байв. Тэдэнтэй адил харшилтай хүмүүсийн “зовлонгийн” талаар АӨСҮТ-ийн харшлын их эмч Д.Доржхандаас тодрууллаа.   

0-5 хүртэлх насны хүүхдийн дунд харшил улам нэмэгдэнэ

АӨСҮТ-ийн харшлын их эмч Д.Доржхандаас

-Танай төвийн ачаалал өмнөх жилийнхээс хэр байна вэ?

 

-Өмнөх жилийнхээс харьцангуй олон хүнд үйлчилж байна. Ойрын өдрүүдэд ачаалал улам нэмэгдэж байна. Энэ нь жил ирэх бүр харшлаар өвчилж буй хүний тоо нэмэгдэж байгаатай холбоотой байх. Нэг эмч 60-70 хүнд үзлэг хийж байгаа. Давтан үзлэгээ оруулаад тооцвол нэг эмч өдөрт 80 хүн үзэж байгаа. Харшилтай өвчтөний ихэнхийг ургамлын тоосны харшил эзэлж байна. Ээлжийн амралт эхэлсэн болохоор одоогоор манайд 6-7 эмч ажиллаж байна. Мөн дүүргийн эмч нар амарсан болохоор манайд ирэх ачаалал улам нэмэгдэж байна. Бас энэ жил зуншлага орой болсон болохоор харшил үргэлжлэх хугацаа уртасч, ачаалал удаан үргэлжлэх юм шиг байна.

-Бага насны хүүхдийн дунд харшил их боллоо. Энэ нь юутай холбоотой вэ?

-Бага насны хүүхдийн дунд харшил их байгаа. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа байдаг. Судалгаанд өвчлөл жил ирэх бүр нэмэгдэнэ. Тэр дундаа 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд харшил улам нэмэгдэнэ гэсэн байдаг. Энэ нь хотжилт, суурин соёл иргэншилтэй холбоотой.

-Хүүхдээ харшилтай болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хүүхдийг ямар нэгэн өвчнөөр өвчлүүлэхгүй, эрүүл өсгөх хэрэгтэй. Хэрэв хүүхэд өвчлөмтгий байгаад байвал дархлаа нь суларч улмаар харшилтай болох эрсдэлтэй. Тиймээс зуны улиралд хүүхдээ чийрэгжүүлэх шаардлагатай. Үүний тулд агаарт гаргаж, айраг цагаагаар эмчилж болно. Мөн ээж, аав нь харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлалтай тул янз бүрийн цочроогч, харшил үүгэхүйц зүйлээс хол байлгах шаардлагатай.   

-Харшлын вакциныг найман наснаас дээш хүүхдэд хийдэг. Харшилтай наймаас доош насны хүүхэд эм уухаас өөр аргагүйд хүрдэг. Тухайн эм нь хүүхдийн нойрыг хүргээд байдаг болохоор эцэг, эхчүүд тухайн эмийг хүүхдэдээ уулгахаас татгалздаг юм билээ?

-Наймаас дээш настай харшилтай хүнд эмэн эмчилгээнээс гадна вакцин хийдэг. Тухайлбал, Вакцины бүртгэлийг дөрөвдүгээр сард явуулж, мөн сарын 5-наас вакцин хийж эхэлдэг. Харин наймаас доош насны хүүхдэд харшлын эсрэг эмэн эмчилгээ хийхээс өөр аргагүй. Энэ нь хүүхдийн дархлаатай холбоотой. Харшлын I, II зэргийн эм нь бага зэргийн тайвшруулах үйлчилгээтэй тул нойр хүргэдэг. Тархи тайвширч, бие амарч байж харшил тодорхой хэмжээгээр буурдаг. Түүнээс биш сэтгэцэд нөлөөлөхгүй.

-Жолоо барьдаг хүнд ихэвчлэн ямар эм бичиж өгдөг вэ?

-Жолоо барьдаг эсэхээс шалтгаалаад эмч тухайн эмийг алийг сонгохоо шийддэг. Түүнээс биш эмийн сангаас “Харшлын эм авъя” гэвэл хамгийн түрүүнд хлорфенамин авч өгнө. Түүнийг уугаад замд гарч болохгүй. Тайвшруулах үйлчилгээтэй ийм төрлийн эм уугаад замын хөдөлгөөнд оролцож болохгүй.  

-Харшлын вакцин үр дүнгээ өгч байна уу?

-Вакцин хийлгэсэн хүн шинж тэмдгийн эмчилгээ хийлгэдэг. Энэ үед шинж тэмдэг нь өмнөх жилийнхээс багассан байдаг. Гэхдээ давхар харшлын эм уух шаардлагатай байгаа. Вакциныг жил бүр хийлгэснээр дархлааны тогтолцоо улам идэвхжидэг, дархлаа улам сайн суухад хугацаа хэрэгтэй байдаг.

-Харшил дотроо олон янз. Энэ утгаараа эмчилгээ нь ч бас олон төрөлтэй байдаг байх. Өвчтөн “Нүд загатналаа, хамар битүүрлээ” зэрэг ерөнхий шинж тэмдэг хэлэнгүүт л харшлын эм бичиж өгч байна гэх юм. Харшлын оношийг ерөнхий шинж тэмдгээр нь биш, үргэлж сорилоор тогтоох нь зүгээр биш үү?

-Хамар битүүрч, нүд загатнасан л бол харшил биш байдаг юм биш. Харшил мөн бишийг эмч оношилж, аль төрлийн харшил болохыг зааглана.  Харшил гэдэг нь тогтоогдсон тохиолдолд хамгийн түрүүнд харшил бууруулах эм бичиж өгдөг. Дараа нь аль хэсэгт шинж тэмдэг их байгаагаас шалтгаалан ямар эмчилгээ хийхээ шийддэг.  Эмнэлзүйн шинж тэмдгээс гадна сорилгоор оношийг тавих нь зөв. Сорил нь дотроо олон янз. Арьсан дээр наадаг, хатгадаг, цусаар шүүх зэргээр оношилно.

Бургас, улиасны харшлын идэвхжил өнгөрсөн ч одоо сорил тавиулбал оношлогдоно. Өөрөөр хэлбэл, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байсан ч сорилоор харшилтай эсэхийг тогтоож болно. Шарилж луулийн харшил яг одоо идэвхжиж байна.

Харшил идэвхжээд хурц хэлбэрт байгаа тохиолдолд сорил тавихгүй.  Гэтэл өвчтөнүүд өвчлөөд, хурц хэлбэрт шилжсэн үедээ сорил тавиулъя гэдэг. Үүнтэй холбоотойгоор сорил тавилгүй эмнэлзүйгээр нь оношилж, эмчилгээг нь бичсэн байж болох юм. Тиймээс та зуны улиралд харшлын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол өвөл байсан ч сорил тавиулж, оношлуулж болно. Өвчилсөн хойноо сорил тавиулъя гээд байж болохгүй.

Тав хоногийн өмнө цаг аваад өнөөдөр үзүүлж байна

Дараа нь эмчийн өрөөний гадаа дараалал үүсгэн суугаа өвчтөний сэтгэгдлийг сонсов. “Манайх найм болон зургаан настай хоёр хүүхэдтэй. Хоёулаа харшилтай юм шиг байна. Өмнө нь харшлын шинж тэмдэг илэрсэн болохоор охиноо анх хавар ирж үзүүлсэн юм. Гэтэл турахай байна гээд сорил тавиагүй. Тэгээд хамрын гайморит байж магадгүй гэсэн. Эм уугаад явж байтал гайморит биш, харшлаас болоод хамрын салст нь томорсон байна гэсэн. Сая сорил тавиулахаар орсон. Гарч ирэхээр нь юуны харшил болохыг нь мэдье. Бид тав хоногийн өмнө цаг аваад өнөөдөр үзүүлж байна. Харин өнөөдөр цаг авч байгаа хүн долоо хоногийн дараа эмчид үзүүлэхээр болж байна. Харшлын идэвхжил ид явагдаж байгаа болохоор удахгүй 14 хоног болно гэж байсан” гэв. Харин эмчийн бичиж өгсөн эмийг жорын дагуу хэрэглэх үү гэж асуухад “Манай охин цацлага их хэрэглэдэг байсан. Улам л битүүрээд байсан. Хэрэв эмч цацлага бичиж өгвөл хэрэглэхгүй гэж бодож байна” гэлээ.  

70135035 дугаар руу залган эмчид үзүүлэх цаг авч болно

Тус төвийг зорин ирж буй өвчтөн хамгийн түрүүнд угтагчтай уулзаж байв. Өвчтөний асуулт бүрд төвөгшөөлгүй хариулах эелдэг угтагчаас эмчид үзүүлэхийн тулд цаг авахтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Эмчид үзүүлэхээр цаг авахдаа заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Утсаар цаг авч болно. Дүүргийн эмч нар амарсан байгаа болохоор манайд ачаалал их байна. Тиймээс нэлээд хэд хоногийн дараах үзлэгийн цаг л байна даа” гэлээ. Тус төвөөр үйлчлүүлж, эмчид үзүүлэхийн тулд 70135035 дугаарын утас руу залган цагаа авч болох юм байна.

Р.Ренчиндулам

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-08 66.181.160.66

Хүүхдүүдээ хөдөа малтай айлд зун амруулах аргалын утаагаар утвал хурдан эдгэрнэ

Avatar

Зочин 2018-08-08 66.181.160.66

Харшлаа Мөнхбаярлах эмч эффект гэсэн эмнэлэгт үзүүлээд эм авсан хурдан зүгээр болсон

Avatar

Зөвлөгөө 2018-08-08 66.181.188.181

Цагаан хоол иддэг болсноос хойш би харшлаас салсан даа. Ёстой хэцүү байдаг байж билээ. Одоо бүх юм ок. Биe сэтгэл хөнгөн эрүүл сайхан болсон шүү хүмүүс ээ

Avatar

Зочин 2018-08-08 103.229.122.24

Би цагаан хоолтон байгаад больж мах иддэг болсноосоо хойш энэ харшил гэж тамаас салсан. Одоо бүх юм ок.

Avatar

Зочин 2018-08-08 202.9.42.13

Ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж