Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2018.08.08/ боллоо. Хуралдаанаар “Нарны хороолол”-д шинээр баригдсан сургууль цэцэрлэгийн цогцолборыг төр худалдаж авах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг Баянгол дүүргийн гуравдугаар хороолол орчимд амьдардаг 5700 орчим иргэдийн хүсэлтийг үндэслэж гаргасан гэдгээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хэллээ. Уг цогцолбор сургуульд 960 хүүхдийг нэг ээлжинд хүлээж авах хүчин чадалтай, 300 хүүхдийн хоолны талбайтай бол, цэцэрлэг нь 280 хүүхдийн багтаамжтай баригджээ. Үүнээс гадна иж бүрэн тавилга, тоног төхөөрөмжтэй нь хамт 17,8 тэрбум төгрөгөөр төрд шилжүүлэх саналыг гүйцэтгэгч компани тавьжээ. Гэвч энэ санал нь харьцангуй өндөр үнэтэй байгаа тул эцсийн үнээ хараахан тохироогүй байгаа аж. Гэхдээ Засгийн газраас төрд авах шийдвэрийг гаргасан тул 2018-2019 оны хичээлийн шинэ жилд сургалтаа эхлүүлнэ гэж салбарын сайд нь онцоллоо. Энэ цогцолборт зөвхөн “Нарны хороолол”-ын хүүхэд багачуудаас гадна “Алтай хотхон”, ойр орчмын хотхоны хүүхдүүд хамрагдах боломж нээгджээ.