Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд товчхон

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд товчхон

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд товчхон

Цагтаа Английн шигшээ баг болон Манчестер Сити клубуудын №1 хаалгач байсан Англи залуу Ж.Харт Манчестер Сити клуб дэх карьераа өндөрлүүлж Английн баруун хойд нутгийн Бөрнли клубтэй нэгдлээ. Бөрнли клубт Т.Хейтон, Н.Попе зэрэг шилдэг хаалгачид байгаа ч 31 настай Ж.Хартыг эгнээндээ нэгтгэлээ. Ж.Харт 2006 онд Манчестер Сити клубтэй нэгдэж 266 тоглолтонд оролцохдоо Английн премьер лигт 2, Английн цомд 2 удаа түрүүлж байсан. Гэвч П.Гуардиола клубт ирснээр Ж.Хартын байр суурь аажмаар алдагдаж сүүлийн хоёр улирал Торино, Вест Хэм Юнайтед клубуудад зээлээр тоглож байсан.

Английн Челси клубын Бельги хаалгач Т.Куртуо клубынхээ бэлтгэлд оролцохгүй байгаа бөгөөд Испаний Реал Мадрид клуб руу явахаар нэгэнтээ сэтгэл шулуудсан бололтой. Тэр 2011 онд Бельгийн Генк клубээс Челси клубт ирээд 2014 он хүртэл Испаний Атлетико Мадрид клубт зээлээр тоглож байгаад 2014 оноос клубтэйгээ нэгдээд байсан. Тэр өнгөрсөн хугацаанд Челси кулбын хамтаар Английн премьер лигт 2, Английн цомд 1, лиг кампт 1 удаа түрүүлсэн. Челси клубын төлөө 4 улирал тоглохдоо нийт 154 тоглолтонд оролцож байжээ.

Бельги хаалгач Т.Куртуог явуулах нь тодорхой болж буй Челси клуб нэгэн хачирхалтай солилцоог хийх гэж байна. Т.Куртуог орлуулах хүнээр Испаний Атлетико Билбао клубын 23 настай Испаний хаалгач К.Аррисабалагаг “Стэмфорд”-од газардуулах гэж байгаа бөгөөд түүний төлөө хаалгачдын рекорд үнэ болох 71 сая еврог төлөх талаар яригдаж байна. Энэ тухай Челси клубын дасгалжуулагч М.Сарри “би жилийн өмнө түүнтэй ярилцсан. Тэр бол сайн хаалгач, маш залуу” гэж ярьжээ.

Английн Арсенал клубын хамгаалагч К.Чеймберс Фулхэм клубт улирал дуустал зээлээр тоглохоор боллоо. К.Чеймберс Арсенал клубт баттай байр сууриа эзлэж чадахгүй байгаа бөгөөд өнгөрсөн улиралд клубынхээ төлөө лигийн 12 тоглолтонд оролцсон юм.

Английн Борнмут клуб Испаний Леванте клубээс 23 настай Колумби хагас хамгаалагч Ж.Лермаг 25 сая еврогоор өөрийн болголоо. Энэ нь Английн багийн хувьд рекорд үнэ болж байгаа ажээ. Ж.Лерма 2016-2018 онд Испаний Леванте клубт тоглохдоо 56 тоглолтонд оролцож 1 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлж байсан.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж