“Рио Тинто” Хятадын “Chinalco”-той гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” Хятадын “Chinalco”-той гэрээ байгууллаа

 Англи-Австралын
уул уурхайн компани “Рио Тинто” хятадтай хамтран Баруун Африкт төмрийн
хүдрийн асар том ордод хамтран ажиллахаар боллоо. Хятадын төрийн
дэмжлэгтэй төмөрлөгийн групп “Чайналко” Гвиней улс дахь Симанду төслийн
47 хувийг авахын тулд 1.3 тэрбум ам доллар төлөхөөр шийдвэрлэсэн байна.
Энэ тохиролцоо нь “Рио тинто”-гийн дөрвөн ажилтанг хээл хахууль өгсөн,
худалдааны тагнуул хийсэн хэргээр Хятадад шүүх хурал хийж байгаагаас
болж Хятад-Австралийн харилцаа төдийлөн таатай биш байгаа үед болж
байна. Дээрх шүүх хурлыг дипломатуудыг оролцуулж нээлттэй хийх
саналуудыг Хятадын тал хэдэнтээ үгүйсгэсэн. Яллагдаад байгаа дөрвөн
хүний нэг нь Австралийн иргэн Стерн Ху, нөгөө гурав нь Хятадын иргэн
Ван Ён, Жи Минчан, Лю Сайкуй нар бөгөөд тэднийг өнгөрсөн оны
зургадугаар сард баривчилсан, шүүх хурал нь энэ сарын 22-ны даваа
гаригт Шанхайд болох юм.

Баривчлагдах үед тэд төмрийн хүдрийн үнэ тогтоохоор ажиллаж байсан юм.

Худалдааны
нууцтай холбоотой асуудал хэлэлцэх учраас шүүх хурлын ажиллагааны зарим
хэсэг нь хаалттай болно гэж Хятадын эрх баригчид Бээжин дэх Австралийн
Элчин сайдын яаманд мэдэгдсэн байна.
Гэрээ
байгуулж байгаатай холбоотойгоор “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Tom
Albanese “Рио Тинто” болон “Чайналко” хоёр томоохон төсөл дээр харилцан
ашигтай ажиллаж чадна гэдэгт бид итгэдэг байсан” гэж мэдэгдсэн байна.
Ажилтнууд нь баривчлагдахаас сарын өмнө “Рио тинто” “Чайналко”-той
байгуулах байсан 19.5 тэрбум ам долларын гэрээгээ орхиж, өрсөлдөгч “BHP
Billton”-той гэрээ хийсэн юм.
“Рио
Тинто”-гийн өгүүлж байгаагаар Simandou бол дэлхийн хамгийн том, бараг
ашиглагдаагүй төмрийн орд юм. Байгуулж байгаа гэрээний хүрээнд төмөр
зам, боомтын дэд бүтцийг байгуулах бөгөөд Гвиней улсад хэдэн арван
мянган шинэ ажлын байр бий болох юм байна. “Би Би Си”-гийн Гвиней дэх
сурвалжлагч Alhassan Sillah-ын хэлж байгаагаар гэрээний талаар өдийд
зарлаж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Өнгөрсөн жил Гвиней улсын
Засгийн газар эрх баригчдыг эсэргүүцсэн 150 гаруй босогчийг алж
устгаснаас хоёрхон долоо хоногийн дараа Хятадын тал долоон тэрбум
ам.долларын гэрээ Засгийн газартай байгуулсныг олон улсын хүний эрхийн
байгууллагууд ихээхэн шүүмжилж байсан юм.

Т.АРИУНСАНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж