Ц.Оюунжаргал: Коүчтэй ажиллах нь амжилтын хаалгыг нээдэг

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Ц.Оюунжаргал: Коүчтэй ажиллах нь амжилтын хаалгыг нээдэг

Ц.Оюунжаргал: Коүчтэй ажиллах нь амжилтын хаалгыг нээдэг

GSMI институтийн захирал Ц.Оюунжаргалтай бизнесийн коүчинг болон компанийн удирдлагын дасгалжуулалт, стратегийн талаар ярилцлаа. Тэрбээр Хас банк, НҮБХХ, АХБ зэрэг олон улсын байгууллагад  ажиллаж байсан. Банк болон бизнесийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулснаас гадна олон улсын нэр хүндтэй бизнесийн дасгалжуулагчдын сургалтад байнга хамрагддаг байна.

Тэрбээр сүүлийн 4-5  жилд бизнесийн  салбарынханд зөвлөгөө-сургалтын үйлчилгээ үзүүлдэг GSMI институтыг үүсгэн байгуулж ажиллаж буй. Энэ хугацаанд бизнесийн олон захирал, дунд шатны менежерүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Монголын бизнесийн салбарын олон тулгамдсан асуудалтай өдөр бүр нүүр тулдаг түүний энэ удаагийн ярилцлагаас захирал, удирдах албан тушаалтнуудын сургалт, хөгжил хийгээд тэдний гаргадаг нийтлэг алдаа сургамжийн тухай  унших болно.

-Удирдлагын дасгалжуулалт гэж юуг хэлж байна. Ямар үед компаниуд коүчинг буюу дасгалжуулалтын хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?

Тамирчин бүр дасгалжуулагчтай байдаг шиг удирдах ажил хийж байгаа хүн бүрд коүч хэрэгтэй. Ялангуяа компанийн гүйцэтгэх захирлууд, байгууллагын дунд болон дээд шатны менежерүүд коүчингэд хамрагдан менежментийн болон манлайллын ур чадвараа дээшлүүлбэл байгууллагын бүтээмж сайжирч, гүйцэтгэл үр дүнд мэдэгдэхүйц ахиц гарна.

-Та энэ чиглэлээр цөөнгүй захирал, менежерүүдэд тасралтгүй  сургалт, дасгалжуулалт хийж байна. Коүчингийн хөтөлбөрт хэр туршлагатай захирлууд  хамрагддаг  вэ?

Манай үйлчлүүлэгчид дотор компанийн гүйцэтгэх захирлаар  томилогдоод удаагүй нь ч байна, мөн 10-аас дээш жилийн туршлагатай захирлууд ч байдаг.

-Харилцан адилгүй туршлагатай тэдний хамгийн гол хэрэгцээ шаардлага нь юу байдаг бол?

Шинэ захирлуудын хувьд компанийнхаа бизнес төлөвлөгөөг боловсруулахаас эхлээд менежмент, манлайллын ур чадварт богино хугацаанд суралцах, удирдагчийн хувьд ажиллагсдадаа хүлээн зөвшөөрөгдөх зэрэг асуудлууд тулгардаг байх жишээтэй. Харин  туршлагатай захирлуудын хувьд компанийнхаа өсөлтийг удирдан, хөгжлийн дараагийн үе шатанд гаргахын тулд менежментийн багийн гишүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх шаардлага илүүтэй байдаг.

Байгууллагын удирдах ажилтнууд, компанийн гүйцэтгэх захирлуудыг илүү сайн удирдагч байж, компаниа амжилттай удирдахад нь чиглүүлж өгдөг манлайллын коүчинг хөтөлбөр маань хоёр  дахь ээлжийнхээ захирлуудыг амжилттай төгсгөлөө. Энэ удаа үндэсний үйлдвэрлэгч, импортын худалдааны , орон сууцны ашиглалтын , байгаль орчны үнэлгээний, уул уурхайн зөвлөх үйлчилгээний болон уул уурхайн олборлолтын  гээд 18 компанийн удирдлага хамрагдлаа.

-Удирдлага нь коүчингэд хамрагдсан компаниудын хувьд ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

Хөтөлбөрт хамрагдсан компаниудад стратегийн хөгжлийн чиглэлээ тодорхойлоход нь мэргэжлийн туслалцаа үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, компанийн захирал коүчийн тусламжтайгаар дунд хугацаанд компаниа хэрхэн хөгжүүлж, хаана хүргэх вэ гэдгээ тодорхой болгоно.  Өмнө нь стратегийн зорилго чиглэлээ тодорхойлоогүй урсгалаараа явж байсан компаниудын хувьд энэ нь маш том дэвшил болдог. Үүний дараа компанийн бүтцээ сайжруулах, шинэчлэх, бизнес төлөвлөгөө, бизнес моделио боловсруулахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

Коүчингэд хамрагдаж буй компаниуд дунд бизнес төлөвлөгөөг анх удаа боловсруулж байгаа байгууллага ч байна. Компаниудад тулгардаг нийтлэг асуудлуудын нэг нь байгууллагын соёлын асуудал байдаг. Байгууллагын соёлыг сайжруулах, ажиллагсдын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх, багийн ажиллагааг дэмжих сургалт, чиглүүлэлт  авснаар компаниудад  эерэг өөрчлөлтүүд гарч, компанийн үр дүн гүйцэтгэлд сайнаар нөлөөлж байгааг дурдах нь зүйтэй. 

-Манай компанийн захирлуудын удирдах ур чадварыг дээшлүүлэхэд хамгийн гол нь юунд анхаарах нь чухал гэж та үздэг вэ?

Нэгдсэн нэг жор гэж байхгүй л дээ. Захирал бүр өөрийн гэсэн хүчтэй болон сайжруулах талуудтай. Зөвхөн удирдах ажилтан ч гэлтгүй ямар ч хүн ур чадвараа сайжруулах эхний алхам нь өөрийгөө танихаас эхэлнэ. Орчин үеийн удирдагч хүнд оюуны чадавхиас гадна эмоцийн чадавхтай байх хэрэгцээ шаардлага тулгараад байна. Сайн удирдагч байхыг захирал бүр хүсдэг. Өөрийгөө таньж мэдсэн, өөрийнхөө эмоцийг удирдаж чаддаг удирдагч бусдын эмоцийг сайн ойлгож тэдний сэтгэл зүрхийг илүү сайн татаж чаддаг. Захирал хүнд байвал зохих бас нэг үндсэн ур чадварын нэг нь бусадтай үр дүнтэй харилцах, тэдэнд нөлөөлөх чадвар юм. Захирлууд компани дээрээ өөрчлөлт хийхийг хүсч байгаа боловч ихэнхдээ тэдний хүсч буй түвшинд өөрчлөлт гарахгүй байгаа талаар ярьдаг. Удирдагч хүнд байх ёстой хамгийн гол чадварыг бусдад үр дүнтэй нөлөөлөх чадвар гэж үздэг.

-Захирлуудын гаргадаг нийтлэг алдаа  нь юу  байна  вэ?

Зөвлөх үйлчилгээний салбарт 16 жилийн турш ажиллахдаа олон ч компанид зөвлөгөө өгч, түүнээс хэд дахин олон захирал, менежерийг сургалаа. Төгс төгөлдөр хүн гэж байхгүй. Захирлууд ч бас хүн болохоор алдаа гаргана. Манай захирлуудын нийтлэг гаргадаг хэд хэдэн алдаа бий. Нэгдүгээрт, байгууллагынхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг бэлгэ тэмдгийн төдий байх ёстой зүйл гэж үзээд түүндээ ач холбогдол өгдөггүй, өөрсдөө ч ажил амьдралдаа тэрхүү үнэт зүйлсээ тэр бүр баримталдаггүй. Байгууллагын удирдлага нь ийм хандлагатай байхаар ажилчид нь алсын хараа руугаа тэмүүлж, үнэт зүйлсээ баримтлан ажиллах талаар ярих ч хэрэггүй болно. Хоёрдугаарт, байгууллагын соёлоо эрүүл, зөв авч явах, хөгжүүлэх тал дээр тусгайлан анхаардаггүй. Амжилтад хүрсэн компаниудын туршлагаас харахад захирал нь компанийнхаа санхүүгийн үзүүлэлтүүдэд, гүйцэтгэл үр дүнд анхаарахаас гадна байгууллагын соёлоо зөв эрүүл байлгах талаар байнга тархиа ажиллуулж байдгийг манай захирлууд анхаарууштай. Гуравдугаарт, урт хугацаанд үр өгөөж нь гарах ажлыг эхлүүлээд богино хугацаанд үр дүнг нь шаарддаг. Богино хугацаанд үр дүн нь гарахгүй гэдгийг мэдмэгцээ тэрхүү санаачлагыг бүрмөсөн зогсоодог. Тухайлбал, ажиллагсдын сургалт хөгжил, оролцогч талуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгууллагын хэмжээний томоохон системийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлт зэрэг санаачлагуудыг дурдаж болно. Дөрөвдүгээрт,  Шинэ ажилтныг сонгож авах тал дээр асуудалтай. Сул орон тоонд яаралтай хүн авах шаардлагатай гэж үзээд сонгон шалгаруулалтыг журмын дагуу хийхгүйгээр өргөдөл гаргасан эхний хүнийг ажилд авах тохиолдол хаа сайгүй. Нөгөөтэйгүүр шаардлага хангахгүй, чадваргүй ажилтнаа мэдсэн хэрнээ холбогдох арга хэмжээ авахгүй байх нь гүйцэтгэл сайтай бүтээмж өндөртэй ажилтанд сөргөөр нөлөөлдөг. Тавдугаарт, эрх мэдлийг хэт өөр дээрээ төвлөрүүлж компанийн бүхий л шийдвэрийг захирал л гаргах ёстой гэж үздэг. Шинэ санал санаачлага, инновацийг дэмжих нь зүйтэй гэдгийг ойлгож байгаа гэх боловч өдөр тутмын үйл ажиллагаа, урамшууллын системдээ үүнийгээ тусгадаггүйгээс ажиллагсад нь шинэ санал санаачлага гаргахдаа хойрго хандаж захирал юу гэж хэлнэ түүнийг дагадаг хүмүүс болж хувирдаг.

-Удирдлагын дасгалжуулалтын үр дүн, үр өгөөжийг хэрхэн үнэлдэг вэ?

Коүчингийн үр дүн, үр өгөөжийн талаар олон хүн асуудаг. Энэ тун ойлгомжтой. Үйлчлүүлэгч компанийн үр дүн, гүйцэтгэл, орлого ашгийн түвшинд гарч буй эерэг өөрчлөлтүүд, бизнесийн өсөлт, коүчингэд хамрагдсан хүн тус бүр дээр гарч буй ур чадварын өсөлт хөгжлөөр хэмжигддэг. Leadership Coachingбуюу Удирдлагын дасгалжуулалтыг удирдагчдыг хөгжүүлэхэд одоо хэрэглэгдэж буй аргачлалуудаас хамгийн үр дүнтэй хэрэгсэл болохыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд 30 гаруй жил болж байна.

-Танай коүчингийн сургалт хэрхэн явагддаг вэ?

Гэрээ байгуулсан захирал тус бүртэй ганцаарчилсан байдлаар, зарим нэг байгууллагын ижил түвшний захирал, менежерүүд эсвэл гэр бүлийн бизнес эрхэлдэг захирлууд хамт сууж хичээлээ үзэж болно. Долоо  хоног бүр тодорхой цагт уулзана. Уулзалт хоёр  цаг үргэлжилнэ. Хөтөлбөрийн дагуу шинэ сэдвээр ярилцана. Түүнчлэн захиралд тулгамдаж байгаа асуудлын хүрээнд ч ярилцана.  Менежмент, стратегийн зөвлөхийн хувьд заах зөвлөх, сургах, чиглүүлэх ажил ч бас хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, дасгалжуулалт хийхдээ менторингийн арга техникүүдийг давхар ашигладаг. (Менторинг гэдэг нь салбарын мэдлэг, туршлага ихээхэн хуримтлуулсан эксперт-зөвлөх туршлага багатай залуу ажилтныг сургаж, чиглүүлэх процесс) Коүчинг уулзалтын төгсгөлд ярилцсан сэдэвтэй уялдуулан тодорхой даалгаврууд өгөгдөх ба үйлчлүүлэгчийн зүгээс дараагийн коүчинг хүртэл даалгавраа гүйцэтгэх үүрэг хүлээдэг.

-Та коүчийн хувьд өөрийгөө хэр үр дүнтэй ажиллаж байна гэж үздэг вэ?

Коүчингэд хамрагдсан компаниудын орлого, ашгийн өсөлт, коүчинг авч байгаа захирлуудын ур чадварын өсөлтөөр амжилтаа хэмждэг дээ. 2018 он гарсаар 18 удирдах ажилтантай коүчинг хөтөлбөрийн хүрээнд ажилласан бөгөөд тэдгээрээс найм нь шинэхэн томилогдсон гүйцэтгэх захирал байлаа. Шинэ захирал бүрийг өөр өөрийн компанийн бизнес төлөвлөгөөг боловсруулахад зааж зөвлөхийн хажуугаар ажиллагсдаа удирдан манлайлахад өөртөө илүү итгэлтэй байх, ажиллагсдаа мотивацжуулах, ажлаа төлөвлөх, хувь хүний хөгжилдөө анхаарах, ажил амьдралын тэнцвэрээ зөв удирдаж явах зэрэгт зөвлөн чиглүүлснээр хагас жилийн дотор тэд маань чадварлаг, ирээдүйтэй CEO болж чадсан. Тэднийхээ өсөлт хөгжил, гаргаж буй үр дүн, гүйцэтгэлийг хараад яг л миний хүүхдүүд амжилт гаргаж байгаа мэт баярлан бахархдаг. Спортын дасгалжуулагчид тамирчдынхаа амжилтаар бахархдаг шиг энэ л миний ажлын үр дүн юм даа. Зөвлөх, коүчийн хувьд миний амжилтаа хэмждэг бас нэг үзүүлэлт бол давтан үйлчлүүлэгчдийн эзлэх хувь байдаг. Манай сургалтууд болон коүчинг хөтөлбөрт хамрагдсан үйлчлүүлэгчдийн 70-80 хувь нь давтан үйлчлүүлэгчид байгаа нь захирлууд ажилтнуудаа сургах хөгжүүлэхийн үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгодог болсных, нөгөөтэйгүүр манай сургалт, коүчингийн чанар, үр өгөөжтэй шууд холбоотой гэж үзэж байна.

-Коүчтэй ажиллах нь яагаад чухал вэ? Коүчингэд хамрагдах нь сайн хөрөнгө оруулалт байж чадах уу?

2012 онд PwC-ээс хийгдсэн судалгаа байдаг. Тус судалгаагаар компаниудын коүчингэд зарцуулсан хөрөнгө оруулалтын өгөөж дунджаар долоо дахин өссөн үр дүнтэй гарсан байдаг. Олимп, дэлхийн аварга ямар ч шилдэг тамирчин сайн дасгалжуулагчтай байж амжилтад хүрдэг бол та ямар ч мундаг захирал байсан Удирдлагын коүчтэй ажилласнаар харьцангуй богино хугацаанд илүү амжилтад хүрэх үүд хаалга нээгдэх юм. Коүчинг авч байгаа захирлуудын шийдвэр гаргах чадвар эрс сайжирч аливааг өөр өнцгөөр, бүтэн зургаар хардаг болдог.  Өөрийгөө илэрхийлж сурснаар өөрийнхөө давуу болон сул талуудыг маш сайн олж харж, богино дунд хугацааны зорилгоо оновчтой тодорхойлох чадварт суралцана. Удирдах ажилтны хувьд менежментийн суурь чадварууд болох төлөвлөх, зохион байгуулах, сэдэлжүүлэх, мониторинг хийж хяналт тавихад суралцана. Үйлчлүүлэгчид маань цагийн менежмент, бүтээмж нэмэгдүүлэх арга техникт суралцсанаар олон жил хойшлуулаад хэрэгжүүлж чадахгүй байсан зарим нэг ажлаа хийж эхэлдэг. Компанийн захирлын шийдвэрээр коүчингэд хамрагдсан дунд шатны менежерүүд хамгийн түрүүнд карьерын өсөлт хийж илүү хариуцлагатай албан тушаалд томилогдох нь элбэг гэхчлэн дурдаад байвал маш олон талын ач холбогдолтой, өндөр өгөөжтэй болохыг чанарын болон тоон судалгаа аль аль нь харуулдаг.

-Ойрын хугацаанд GSMI-ээс ямар ажлууд төлөвлөж байна вэ?

GSMI Институтээс санаачлан “Компанийн захирлуудын өмнө тулгардаг асуудлууд ба боломжит шийдлүүд” семинарыг энэ сарын 17-нд зохион байгуулах гэж байна. Семинараар гурван үндсэн сэдвийг хөндөж ярилцах юм. Өрсөлдөх чадвар ба бизнесийн өсөлт, Талант менежмент, Шинэ үеийн байгууллагын соёл гэсэн сэдвийн хүрээнд компанийн захирлуудтай санал бодлоо солилцоно.

И.Отгонжаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж