ОХУ болон АНУ-ын байгуулсан цөмийн зэвсгийн хяналтын гэрээ болох "New START"-ийн хугацаа өнөөдөр (2026.02.05) дуусна.
Тус гэрээнд 2010 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обама болон тухайн үеийн ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев нар гарын үсэг зурсан. Цөмийн зэвсгийн хяналтын гэрээ шинэчлэгдсэн нь тухайн үед ОХУ болон АНУ-ын харилцаа мөн адил шинэчлэгдсэнийг илтгэж байна гэж мэргэжилтнүүд үзэж байсан бөгөөд нэг жилийн дараагаас хүчин төгөлдөр болжээ.
Гэрээ нь стратегийн цөмийн зэвсгийн тоог хязгаарлаж өгсөн байдаг.
Тухайлбал, цөмийн дайны үед дайсныхаа чухал улс төр, цэргийн болон үйлдвэрлэлийн төвүүдэд цохилт өгөхөд ашиглах зэвсгийн тоог хязгаарласан. Гэрээнд зааснаар, талууд ашиглалтад бэлэн цөмийн хошууг 1550-аас ихгүй байлгана. Мөн 700-аас хэтрэхгүй байлдааны зэвсэг тээвэрлэх хэрэгсэлтэй байж болно. Үүнд газраас харвах пуужин, шумбагч онгоцноос харвах пуужин, цөмийн зэвсэг тээвэрлэх бөмбөгдөгч онгоцнууд орно. Түүнчлэн талууд пуужингийн хөөргөгч суурь, шумбагч пуужингийн хоолой, бөмбөгдөгч онгоц зэрэг нийт 800-аас илүүгүй хөөргөгч төхөөрөмж эзэмшинэ. Энэ нь талуудын бэлэн байдалтай цөмийн зэвсэг болон харвах хэрэгслийн тоог хязгаарлаж, цөмийн мөргөлдөөний эрсдэлийг бууруулах зорилготой.
БУЛХАЙЦАХ БОЛОМЖИЙГ ХЭРХЭН ХЯЗГААРЛАЖ БАЙСАН БЭ?
Гэрээнд гэнэтийн газар дээр нь шалгалт хийх тогтолцоо багтсан байдаг. Мөн шалгалт болох талаар богино хугацаанд мэдэгдсэнээр талууд нэгнээ гэрээний дүрмийг мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулах боломжтой. Гэхдээ 2023 онд ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын оролцоог түр зогсоож, ямар ч шалгалтыг хориглосон. Учир нь АНУ Украиныг дэмжиж байсантай холбоотой. Мөн "Covid-19"-ийн үеэр гэнэтийн шалгалтыг түр зогсоосон байсан нь Путины шийдвэртэй давхацсан юм. Улмаар АНУ болон ОХУ-ын эрх баригчид нэгнээ хэр их хэмжээний цөмийн зэвсэг эзэмшиж байгааг зөвхөн тагнуулын үнэлгээгээр дүгнэж, мэдэхэд хүргэсэн. Гэсэн хэдий ч тус хоёр одоог хүртэл нэгнээ цэнэгт хошууны хязгаарыг зөрчсөн гэж буруутгаагүй.
ГЭРЭЭГ ЯАГААД ДАХИН СУНГАХГҮЙ ВЭ?
"New START"-ийн журамд гэрээг зөвхөн нэг л удаа сунгаж болно гэж заасан. Улмаар анхны гэрээг 2021 онд Жо Байден ерөнхийлөгч байхдаа сунгасан тул дахин сунгагдах боломж хязгаарлагдмал байна. Гэхдээ өнгөрсөн оны есдүгээр сард Путин гэрээг дахин нэг сунгах талаар албан бус тохиролцохыг санал болгосон. Трамп одоог хүртэл уг саналд албан ёсоор хариу өгөөгүй байна.
ПУТИНЫ САНАЛЫГ ТРАМП ХҮЛЭЭЖ АВАХ УУ?
АНУ-ын засаг захиргаа гэрээг үргэлжлүүлэх талаар маргалдсан хэвээр байна. Саналыг дэмжиж буй хүмүүс үүнийг зэвсгийн уралдаанаас зайлсхийх боломжийг олгож, цаашид юу болохыг олж мэдэх хугацаа өгөх болно гэж үзэж байна. Бусад нь Хятадын цөмийн зэвсэг хурдацтай хөгжиж байгааг харгалзан АНУ зэвсгийн хүчээ нэмэгдүүлэхийн тулд гэрээний хязгаарлалтаас гарах ёстой гэдэг. Эс бөгөөд АНУ-ыг сул дорой мэт дохио өгөх болно гэж үзэж байна.

"NEW START" ЯАГААД ЧУХАЛ БАЙСАН БЭ?
Хэрэв Москва болон Вашингтон алсын зайн цөмийн зэвсгийнхээ харилцан тогтоосон хязгаарлалтыг дагахаа болих юм бол 50 гаруй жил үргэлжилсэн цөмийн зэвсгийг хязгаарлах дэглэм төгсөх болно. "New START" гэрээний хугацаа дууссанаар үүнийг орлох ямар ч гэрээ, хэлцлийн талаар талууд хэлэлцээгүй. Улмаар цөмийн зэвсгийг ашиглах эрсдэл нэмэгдэнэ гэж зэвсэг хяналтын салбарынхан болгоомжилж байна. Ялангуяа Украин болон Ойрх Дорнод дахь дайнуудын улмаас олон улсын нөхцөл байдал хурцадсан энэ үед эрсдэл бүр ч ихсэж байна. Шинжээчдийн хэлснээр, цөмийн гэрээний ач холбогдол нь зөвхөн зэвсгийн тоонд хязгаар тогтоохдоо биш, харин тогтвортой, ил тод тогтолцоо бий болгож, зэвсгийн өрсөлдөөн хяналтаас гарахаас сэргийлдэгт оршдог.
ОРЛОХ ШИНЭ ГЭРЭЭ БАЙХГҮЙ БОЛ ХОЁР ТАЛ ЮУ ХИЙЖ МАГАДГҮЙ ВЭ?
Шинэ гэрээ байхгүй тохиолдолд хоёр тал пуужингийн тоогоо нэмэх, мөн стратегийн цөмийн хошууг хэдэн зуугаараа нэмэн байрлуулах чөлөөтэй болно. Гэхдээ шинжээчид үүнийг техникийн болон зохион байгуулалтын хувьд амархан биш, богино хугацаанд хэрэгжих зүйл биш гэж үзэж байна. Томоохон өөрчлөлт хийхэд дор хаяж нэг жил орчим хугацаа шаардагдана. Харин урт хугацаандаа хамгийн их санаа зовоож буй зүйл нь ямар ч хяналтгүй зэвсгийн уралдаан эхлэх эрсдэл юм. Ийм нөхцөлд тал бүр нөгөө талынхаа төлөвлөгөөг хамгийн муу хувилбараар төсөөлж, цөмийн зэвсгээ тасралтгүй нэмсээр байх аюултай.
"NEW START"-ИЙГ ОРЛОХЫН ТУЛД ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Трамп шинэ, илүү сайн гэрээ байгуулахыг хүсч байгаагаа хэлсэн ч шинжээчид үүнийг урт хугацаа шаардсан, хүнд хэцүү үйл явц гэж үзэж байна. Дараагийн гэрээнд богино болон дунд тусгалын цөмийн зэвсгийн бусад ангиллыг багтааж, хэлэлцээ хийх шаардлагатай. Мөн "New START"-ийг тохиролцсоноос хойш Оросын боловсруулсан "ер бусын" шинэ системүүд, тухайлбал "Буревестник" далавчит пуужин, Посейдон торпедогийг тоог хязгаарлаж магадгүй.
Ийм төрлийн хэлэлцээ нь нарийн, төвөгтэй бөгөөд одоог хүртэл хэн оролцох нь тодорхойгүй байна. Трамп ОХУ, Хятадад "цөмийн зэвсгээс ангижрах" хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч түүнийг өөрийнхөөсөө хэд дахин их зэвсэгтэй орнуудтай гурван талт хэлэлцээнд нэгдэхийг хүсэх нь үндэслэлгүй бөгөөд бодит бус гэж Бээжин үзэж байна. Мөн ОХУ НАТО-гийн гишүүн Их Британи, Францыг цөмийн хэлэлцээнд оролцох ёстой гэж мэдэгдэж буй. Харин эдгээр улсууд нэгдэхийг эсэргүүцэж байна.
3,600.44






















































Нэргүй 2026-02-05 66.181.177.98
ЭНэ олон улсуудын толгой дээр байгаа үеэ өнгөрөөсөн хөгшин глюкозууд дэлхийн 3 гаргаж чадна шүү.